Ёс зүйн алдаа гаргавал улс төрчийн карьер шууд дуусдаг
МУБИС-ийн Нийгмийн ухааны тэнхмийн багш, доктор, дэд профессор Ц.Мөнхцэцэг
2015.12.01

Ёс зүйн алдаа гаргавал улс төрчийн карьер шууд дуусдаг

Улс төр судлаачийн зүгээс төрийн түшээ гэж хэн болох, ямар хүн байх ёстой талаар?

Төрийн түшээ гэдэг ойлголтыг орчин үед бодлого боловсруулагч гэсэн утгаар хэрэглэдэг. Улс орны дотоод, гадаад нөхцөл байдлыг бодлогын түвшинд боловсруулах чадвартай мэргэшсэн улс төрчийг төрийн түшээ гэж хэлж болно.

Өнөөдрийн улс төрийн практикаас харахад, Монгол улсын төрийн түшээдэд ёс зүйн эрхэм чанар дутагдаж байна. Ёс зүйтэй улс төрч гэдгийг маш энгийн жишээгээр тайлбарлаж болно. Парламентын хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж буй гишүүдийн хурал таслалт, хоцролт, ёс зүйн алдаа гаргах зэргийг энд дурьдах нь зүйтэй.

Сонин уншиж, өөр хоорондоо хууч хөөрсөн, нэг бол залхуу нь хүрч эвшээн суух эрхэм гишүүдийн дүр төрхөд олон нийт ч дэндүү дасч, парламент гэдэг ийм байдаг гэж үзэх болов. Чухамхүү УИХ-ын гишүүдийн ёс зүйгүй энэ байдал нь олон нийтийн дунд парламентын нэр хүндийг унагааж байгаа юм.

"Төрийн түшээ хүн нийгмийн өргөн хүрээний асуудлаар мэдлэг мэдээлэлтэй, ёс зүйтэй, эх оронч үзэлтэй байх ёстой."

Дэлхийн улс орнуудын парламентад дэг зөрчсөн гишүүнд тооцох хариуцлагыг нарийн тодорхой томьёолсон байдаг. Тухайлбал, Герман, Их Британи, Франц зэрэг ихэнх улсуудад дэг зөрчвөл сануулга өгөх, үг хэлэх эрхийг нь хасах, танхимаас гаргах, ноцтой зөрчилд 5-30 хүртэл хоногоор парламентын чуулганд оролцох эрхийг нь хасах арга хэмжээ авдаг юм.

Грект дэгийг ноцтой зөрчсөн гишүүнийг буруутгах тухай тогтоолыг  нийслэлийн гурав, тухайн гишүүний сонгогдсон тойргийн хоёр сонинд нийтэлж олон нийтэд танилцуулдаг нь өвөрмөц бөгөөд үр дүнтэй шийтгэл гэж тооцогддог байна. Мөн Испанид дэг зөрчсөн гишүүдэд мөнгөн торгууль ногдуулдаг юм. Харин манайд чуулганы хуралдаанаас хоцорсон, тасалсан, өөр гишүүний өмнөөс санал өгсөн зэрэг дэг зөрчсөн үйлдлүүдэд ямар нэг хариуцлага тооцохгүй байна.

УИХ-ын гишүүдийн ёс зүйтэй холбогдох дараагийн нэг асуудал нь Үндсэн хуулийн 23.1-д “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална. УИХ-ын гишүүн бол ард түмний элч байна” гэж заалттай холбоотой. Үндсэн хуулийн ийм заалт байгаа атал манай УИХ-ын гишүүд зөвхөн сонгогдсон тойргийнхоо эрх ашгийг илүүд тавьж тойргийн элч болчихоод байна.

Гишүүд дахин сонгогдоход илүү анхаарч, тойргийн ашиг сонирхлыг төсөв хэлэлцэх үед хүчтэй илэрхийлдгээс болж улсын төсвийн нэгдмэл байдал алдагдаж байна. Энэ нь нэг талаас хувь хүний хүчин зүйл хүчтэй байдаг мажоритар системийг хэрэглэж ирсэнтэй холбоотой хэдий ч нөгөө талаас ард түмний элч гэдгээ умартсан гишүүдийн ёс зүйтэй холбоотой.

Олон улсын практикаас харахад ёс зүйн алдаа гаргасан бол улс төрчдөд ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?

Дэлхийн улс орнуудад улс төрчид ёс зүйн алдаа гаргасныхаа төлөө огцрох явдал түгээмэл. Улс төрдчийн огцордог нийтлэг шалтгаан бол авилга, хууль бус үйл ажиллагаанд нэр холбогдох явдал юм. Улс төрчийн гэр бүл, түүний үр хүүхэд ямар нэгэн байдлаар ёс зүйн алдаа гаргасан, бусад гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаанд оролцсон бол огцордог нийтлэг жишиг бий.

Дэлхийн улсуудаас Японд ерөнхий сайд болон бусад улс төрчид ёс зүйн алдааныхаа төлөө огцрох явдал хамгийн олонтаа тохиолддог.

"Монголчуудын хувьд огцрох шалтгаан байтугай ёс зүйн зөрчил гэж ойлгоход төвөгтэй зарим нөхцөлд дэлхийн улс төрчид огцорч байна."

Тухайлбал, 2012 онд Унгарын ерөнхийлөгч Пол Шмит, 2013 онд Германы Боловсролын сайд Аннет Шаван нар докторын зэрэг горилсон диссертацидаа бусдын бүтээлээс ишлэл авалгүй оруулсан болох нь мэргэжлийн комиссын дүгнэлтээр тогтоогдсон тул албан тушаалаасаа огцорч байсан.

"АНУ зэрэг Өрнөдийн олон оронд улс төрчийг улс төрийн тавцнаас холдуулдаг, улс төрийн замналыг нь үгүй хийдэг зүйл бол гэр бүлээс гадуурх бэлгийн харилцаа байдаг."

Олон улс төрч, сенатын гишүүд энэ асуудлын улмаас огцорч байсан. Зөвхөн улс төрчид төдийгүй Дэлхийн банк зэрэг олон улсын байгууллагын тэргүүн хүртэл гэр бүлээс гадуурх харилцааны улмаас огцорч байсан юм. Ийнхүү ямар нэг ёс зүйн алдаа гаргаж огцорсон бол тухайн улс төрчийн карьер эгнэгт дуусч улс төрийн тавцангаас арчигддаг байна.

Сонгогчид УИХ-ын гишүүнийг сонгохдоо юунд анхаарах вэ?

2008, 2012 оны УИХ-ын сонгуулийн кампанийн үеэр бидний хийсэн цуврал судалгаанаас үзэхэд Монголын сонгогчид нэр дэвшигчдийг сонгохдоо мэдлэг боловсрол,  төрийн ажлын туршлага зэргийг хамгийн түрүүнд харгалздаг болох нь харагдсан.

"Угтаа бол сонгогчид улс орны эрх ашгийг нэгдүгээрт тавих, бодлого боловсруулах улс төрчийг сонгох ёстой юм."

Харин хотын захын дүүрэг, зарим сум, багийн сонгогчид хөрөнгө чинээ, бэл бэнчинтэй хүнийг хүсэмжлэх хандлагатай байдаг. Мөн зарим сонгогчид “эх нь шийр алаг бол хүү нь шийр алаг” гэдгээр нэр дэвшигчийн удам судар, угсаа гарлыг харгалзах явдал бий. 

Энэ нь буруу гэсэн үг үү?

Сонгуулийн сурталчилгааны богино хугацаанд сонгогч тухайн тойрогт өрсөлдөж байгаа нэр дэвшигчдийг бүрэн таних боломжгүй. 2012 оны УИХ-ын сонгуулийн практикаас харахад улсын хэмжээнд нэг тойрогт дунджаар 7-8 хүн нэр дэвшиж байсан юм.

Тийм учраас сонгогчид нэр дэвшигчдээс сонголт хийхдээ нэр дэвшигчийн угсаа гарал, нутаг усны харьяаллыг харгалзан сонголт хийж байгааг буруутгах аргагүй.

"Хэрэгжих магадлалтай бодлого бүхий намыг сонгох нь сонгогчдын хувьд ч, улс орны хувьд ч үр ашигтай."

Ер нь бол сонгуулийн сурталчилгааг аль болох нээлттэй, урт хугацаанд явуулж сонгогчдод сонголт хийх, нэр дэвшигчдийн талаар хангалттай мэдээлэл авах боломжийг гаргаж өгөх нь зүйтэй. 2012 онд сонгуулийн сурталчилгаа 4 долоо хоног байсан бол өдгөө УИХ-д өргөн баригдсан сонгуулийн хуулийн төсөлд сурталчилгааны хугацааг багасгахаар яригдаж байгаа нь учир дутагдалтай юм.

Сонгуулийн сурталчилгаа богино байх тусам шинэ хүн, шинэ хүчин гарч ирэх боломж хязгаарлагдмал, сонгогч намуудын мөрийн хөтөлбөр, бодлоготой танилцаж, бүрэн ойлгох боломжгүй учраас учир дутагдалтай.

2012 оны сонголт 2016 онд өөрчлөгдөх болов уу?

2012 оны сонгуулийн үр дүнгээр 28 гишүүн намын жагсаалтаар орж ирсэн билээ. Монголын улс төр, сонгуулийн түүхэнд анх удаа процорциональ системийн элемент орж ирсэн өвөрмөц сонгууль болсон юм.

Сонгогчдын хувьд нам болон нэр дэвшигчийн аль алиныг харгалзан үзэж сонголт хийсэн. Өдгөө УИХ-д өргөн баригдсан  сонгуулийн хуулийн төсөл, улс төрийн намуудын байр суурийг харахад 48+28 буюу 2012 оны сонгуульд хэрэглэсэн систем хэвээр хадгалагдах бололтой.

Өргөн баригдсан сонгуулийн хуулиудтай танилцсан бол эдгээр хуулиудад зөв хүн гарч ирэх боломжийг нээсэн зүйл байна уу?

2012 оны сонгуулиар хэрэглэсэн хууль бол тийм ч муу хууль биш. Гагцхүү сонгуулийн санхүүжилтийг ил тод болгох, хандивлагчдыг зарлах, зардлыг буруу тайлагнасан, тайлагнаагүй этгээдэд ямар хариуцлага хүлээлгэх, сонгуулийн маргааныг богино хугацаанд хэрхэн шийдвэрлэх зэрэг асуудал өмнөх хуулинд тодорхойгүй байсан. Тийм учраас өдгөө сонгуулийн хуулинд дээрх заалтуудыг нэмж оруулж өгөх хэрэгтэй байна.

"Бүх саналыг гараар тоолно гэвэл ухралт болно."

2012 оны сонгуулийн гол дэвшил бол саналыг автомат төхөөрөмжөөр тоолсон явдал байсан. Үүнээсээ ухарч болохгүй. Харин тухайн тойргоос нэр дэвшигчдийн авсан саналын зөрүү маш ойрхон байх, нэр дэвшигчид болон улс төрийн намуудын маргаан гарсан гэх мэт нөхцөл байдлын үед хяналтын тооллогыг гараар явуулж болохоор хуульчилж болно.

Тухайлбал, тойргоос 1 ба 2-оор гарч ирсэн нэр дэвшигчдийн авсан саналын зөрүү 1-5 хувь дотор байвал гараар давхар тоолж болно. Ер нь гараар тоолно гэдэг нь хүний хүчин зүйлтэй холбоотой. Энэ ч үүднээс булхай гарах, хугацаа алдах гэх мэт төвөгтэй нөхцөл байдал үүсдэгийг бид өмнөх жилүүдийн сонгуулийн туршлагаас мэдэх билээ.

Сайн нам төрд гарч, сайн парламентчдийг сонгосноор улс оронд гарах ахиц гэвэл?

Улс орныг авч явах чадвартай улс төрчийг сонгож чадвал улс оронд учраад байгаа эдийн засгийн хүндрэлийг төвөггүй давж гарна. Улс төрийн хувьд тогтвортой, байгалийн баялаг ихтэй, иргэдийн бичиг үсгийн боловсрол өндөртэй, нийт хүн амд ногдох хөдөлмөрийн насны хүн амын хувь харьцангуй өндөр гэх мэт улс орны хөгжлийн суурь нөхцлүүд хангалттай байгаа учраас Монгол улс ахар богино хугацаанд хөгжих боломжтой юм.

"Гагцхүү алсын хараатай бодлого боловсруулж чадах улс төрчдийг сонгох хэрэгтэй юм."

Харамсалтай нь цаг зуурын ашиг сонирхол, нутаг усны хэлхээ холбоо, өнөө маргаашийн эдийн засгийн ашиг сонирхол Монголын төрийн бодлогод түлхүү тусч байгаа учраас төрийн залгамж чанар, нэгдсэн бодлого алдагдаад байна.

Өнөөгийн хямрал улс төрчдөд маш том сорилт болж байгаа юм. Хямралт нөхцөл байдалд ард түмэн хүчтэй удирдагч, популист нэгнийг хүсэмжилж, эрж хайх эрмэлзэлтэй байгаа ч улс төрчид түүнд тохирсон бодлого бүү явуулаасай. Ирээдүйгээ харсан, тооцоотой бодлого явуулаасай гэж хүсч байна.

Эмэгтэй судлаачийн хувьд төрд эмэгтэйчүүд гарахыг дэмждэг үү?

Ардчиллын гол зарчмуудыг хэрэгжүүлэн сайн засаглалыг тогтоох, хүний хөгжлийн хангах, хөгжил дэвшилд хүн бүрийг оролцуулах, тэгш байдлыг тогтоох явдал нь нийгэм дэх эрэгтэй, эмэгтэйчүүдийн тэгш байдал, оролцоогүйгээр биелэх  боломжгүй учраас эмэгтэй улс төрдчийг дэмжих нь зүйтэй гэж үздэг.

"Саяхны судалгаагаар эмэгтэй улс төрчид авлигаас хол, ёс зүйн алдаа гарах нь бага, хуулийг сахиулах тал дээр зарчимч ханддаг гэж гарсан."

Жендерийн тэгш байдлын асуудал нь эмэгтэйчүүдийг “сул хүйстэн” хэмээн, эрэгтэй хүйсийг давамгайд үзэж, эрэгтэйчүүдийн нийгмийн үүрэг нөлөөг дөвийлгөж ирсэн уламжлалт сэтгэлгээг даван гарах, улс төр, эдийн засаг, нийгмийн хүрээн дэх хүйсийн тэгш төлөөллийг бий болгоход чиглэгддэг. 

"Төр түшилцэхэд Монголын эмэгтэйчүүдэд чадамж, потенциал хангалттай байгаа боловч нэр дэвших боломж, санхүүгийн чадавхи хомс байгаа юм."

Ялангуяа намуудын дотоод дахь ардчиллын түвшин, нэр дэвшигчдийн өрсөлдөөн зэрэг нь улс төр дэх эмэгтэйчүүдийн төлөөлөлд сөргөөр нөлөө үзүүлж байна.

Тийм учраас улс төр дэх жендерийн тэгш төлөөллийг хангахын тулд Скандинавын орнуудын жишгээр “Улс төрийн намын тухай” хууль болон Сонгуулийн тухай хуулиндаа эмэгтэйчүүдийн квотыг тусгах хэрэгтэй.

Ярилцахад таатай байлаа. Таны эрдмийн ажилд амжилт хүсье