Баянсэлэнгэ.З 2015.12.14 | Хэвлэл мэдээллийн алба: Засгийн Газар

“Шинэ яармаг”-хороололд хамтрах боломжтойгоо илэрхийллээ

“Шинэ яармаг”-хороололд хамтрах боломжтойгоо илэрхийллээ
“Шинэ яармаг”-хороололд хамтрах боломжтойгоо илэрхийллээ

ОХУ-ын Барилга, орон сууц, нийтийн аж ахуйн дэд сайд А.В Чибис тэргүүтэй төлөөлөгчид манай улсад энэ сарын 26, 27-ны өдрүүдэд айлчилж байна. 

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Барилга хот байгуулалтын яам болон ОХУ-ын Барилга, орон сууц, нийтийн аж ахуйн яамны хамтарсан ажлын хэсгийн хурал боллоо. Хурлын үеэр хоёр улсын барилгын салбарын өнөөгийн нөхцөл байдлыг танилцуулж, санал солилцсон юм. БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэнгийн мэдээлснээр “Хоёр их наядаар хэмжигдэх Монгол Улсын барилгын салбарт 5600 аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд барилгын салбарын өсөлт сүүлийн 4 жилд 4 дахин нэмэгдсэн аж.

2014 онд 27.4 мянган айлын орон сууц ашиглалтад орж байсан бол энэ онд ч бас энэ хэмжээний орон сууц ашиглалтад орохоор байгаа” юм байна. Мөн Улаанбаатар хотын 200 мянга гаруй өрхийнорон сууцтай болох эрэлт хэрэгцээ ирэх таван жилийн хугацаанд ч буурахгүй болохыг онцолсон юм. Одоогийн байдлаар Улаанбаатар хотын 365 мянган өрхийн 57 хувь нь гэр хороололд амьдарч байгаа юм. Харин салбарын яамнаас 2024 он гэхэд хүн амын талаас илүү хувь нь тохилог орон сууцанд амьдардаг байх зорилт дэвшүүлэн ажиллаж байгааг гэдгийг хурлын үеэр танилцуулж угсармал орон сууцыг шинэчлэх чиглэлд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм.  

ОХУ-ын Барилга, орон сууц, нийтийн аж ахуйн дэд сайд А.В.Чибисийн хэлснээр ОХУ-д сүүлийн хоёр жилийн хугацаанд социализмын үед баригдсан дулааны алдагдалтай насжилт өндөртэй орон сууцыг шинэчлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн байна. Жилд 120 тэрбум рублийн хөрөнгө оруулалт хийсэн гэж бодвол одоогоор 240 гаруй тэрбум рублийг орон сууцны шинэчлэлийн ажилд зарцуулаад байгаа ажээ. ОХУ-ын Засгийн газар  “Мортон” групптай хамтарч ажилласны дүнд хоёр жилд 3.5 сая айлын 20 мянган орон сууцыг шинэчлэх хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаа гэнэ. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлсэн туршлагаа Монголд хэрэгжүүлж болно хэмээн “Мортон” группын удирлага  хурлын үеэр мэдэгдсэн юм. ОХУ-ын Барилга, орон сууц, нийтийн аж ахуйн дэд сайд А.В.Чибис Улаанбаатар хотод “Шинэ Яармаг” орон сууцны хороолол хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэргээр өргөн хүрээнд хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийлж, урьдчилсан байдлаар “Шинэ Яармаг”  орон сууцны хөтөлбөрт 130 сая орчим ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай болохыг мэдээлсэн юм. 

Мөн Улаанбаатар, Дархан хотын цэвэрлэх байгууламжийг оросууд барьж өгсөн учраас шинэчлэлийн ажилд ч бас оролцох боломжтой гэдгээ илэрхийллээ. Гэхдээ Монголын Засгийн газраас баталгаа гаргаж өгсөн тохиолдолд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хэлбэрээр хөрөнгө оруулалт хийхэд бэлэн байгаагаа Оросын талын ажлын хэсгийн ахлагч үзэж байна. Түүнчлэн Москвагийн Технологийн их сургуулийн алсын зайны сургалтад Монгол мэргэжилтнүүдийг хамруулж, боловсон хүчин бэлтгэх асуудалд ч хамтран ажиллах боломжтойг дуулгасан юм. Дараа нь БХБ-ын сайд З.Баянсэлэнгэ төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Тэрбээр ипотекийн зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, бага дунд орлоготой иргэдийг орон сууцжуулахад Засгийн газраас  анхаарч байгааг дуулгаад хөрөнгө оруулалтын чиглэлээр тодорхой саналууд тавьж хамтран ажиллах болсонд талархаж байгаагаа илэрхийлсэн юм. Харин дэд сайд А.В.Чиби “Цэвэрлэх байгууламж, орон сууц, үйлдвэрлэл, лаборатори гээд бүхий л чиглэлээр тулгамдсан асуудлуудыг шийдэх, өөрийн орны хэрэгжүүлж байгаа технологийн дагуу амжилттай хэрэгжүүлэх боломж байгаа” гэдгээ илэрхийлсэн.