Даваасүрэн.Ц Энхболд.М Батцогт.Д 2015.12.15 | Сонин: Монголын үнэн

Эрх баригчид дахиад л үндсэн хуулийг зөрчих санаачилга гаргав

Эрх баригчид дахиад л үндсэн хуулийг зөрчих санаачилга гаргав
Эрх баригчид дахиад л үндсэн хуулийг зөрчих санаачилга гаргав

Эрх баригчид хууль зөрчиж ханаагүй бололтой. Өнгөрсөн хугацаанд олноороо хүч түрэн шийдсэн асуудал, баталсан хуулиуд нь өдгөө ар араасаа Цэцэд унаж буй. Асуудал ингэж буруу тийшээ эргэж, Үндсэн хуулийн манаач болох Цэцээс “Өнгөрсөн хугацаанд хийсэн ажил тань хуулийн зөрчилтэй байжээ” гэх шийд вэрийг олонтаа гаргаад ирэнгүүт энэхүү дүгнэлтийг нь МАН-д наах гэж оролдоод ч тусыг эс олсон. 

Гэсэн хэдий ч эрх баригчид хууль зөрчихийг нэг их чухалд тооцохгүй байгаа бололтой. Тиймдээ ч Үндсэн хууль зөрчиж, сонгууль явуулах хугацааг өөрчлөх талаар дахиад л яриад эхэллээ. Гэтэл “Сонгуулийн жилийн зургадугаар сарын сүүлийн долоо хоногт сонгууль явуулна” гэх заалт Үндсэн хуульд “амьд” хэвээр оршиж буй. Гэсэн атал эрх баригчид энэ заалтыг өөрсдийнхөөрөө тайлбарлаж, “УИХ сонгууль явуулах өдрийн товыг тогтооно” гэж заасан байдаг учраас хугацааг нь хойшлуулж, АСЕМ-ын уулзалтын дараа явуулах боломжтой” хэмээн АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа ярьсан.

Тэрбээр үүнийгээ бүлгийн байр суурь биш гэдгийг тодотгосон ч эрх барьж буй намын гишүүнээр тогтохгүй, бүлгийн дэд даргаар ажилладаг хүний хувьд түүний үг хамгаас хариуцлагатай байх учиртай. Тэгээд ч ийнхүү ярихаас нь өмнө сонгуулийн хугацааг гурван сараар сунгаж магадгүй талаар АН-ын бүлгийн хуралдаан дээр ярьсан гэх шуум гарсан учраас сэтгүүлчид түүнээс энэ талаар лавласан. Хариуд нь эрх баригч намын бүлгийн дэд дарга“Үндсэн хуулийг зөрчихөд болохгүй гэх газаргүй” гэсэн утга бүхий хариулт өгөх нь тэр.

Тэрбээр үүнийгээ зургадугаар сарын сүүлээр сонгууль явуулчихаад ганцхан сарын дараа буюу долдугаар сарын сүүлээр Ази, Европын дээд хэмжээний уулзалт болох АСЕМ-ыг зохион байгуулах болно. Гэтэл ганцхан сарын хугацаанд төр, засаг бүрэн төвхнөх боломж хомс гэдэг утгаар тайлбарлана билээ. Хэдийгээр ийм нөхцөл байж болох ч хууль бол хууль л байх учиртай. Тэр тусмаа эцэг хуулийг хэн дуртай нь таалалдаа нийцүүлж тайлбарлах нь байж боломгүй. Нөгөө талаар эрх баригчид хамаг цагаа сандал суудал, эрх мэдлийн төлөө үрчихээд өдгөө сонгуулийн жил эхлэхээс хэдхэн хоногийн өмнө Сонгуулийн болон Үндсэн хуулиа өөрчилнө хэмээн өргөн барьчихаад байгаа нь асуудлын гол болоод байгаа юм. 

Үнэндээ АСЕМ бол шалтаг болохоос дээрх хоёр хуулийг батлахын өмнө намууд тохиролцож байж батлах асуудал өдгөө нэн чухал болчихоод байгаа. Тиймээс өөрсдийн хийсэн бодлогын алдаа, гол хуулиуддаа анхаарал хандуулалгүй хамаг цагаа барснаа далдлахын тулд АСЕМ-аар халхавч хийж байна гэх дүгнэлт ч олны дунд их бий. Ямартай ч, сонгуулийн хугацааг гурван сараар хойшлуулах эсэх асуудлаар зарим гишүүний байр суурийг сонирхлоо. 

МАН-ын дарга М.Энхболд: АСЕМ-аас болж сонгуулийг нааш, цааш нь болгох асуудал байж болохгүй

УИХ, орон нутгийн ИТХ-ын үйл ажиллагаа явуулах бүрэн эрхийн хугацааг хуулиар тодорхой заагаад өгчихсөн. Энэ нь дөрвөн жил. Хэрвээ энэ хугацааг хойшлуулбал Үндсэн хууль зөрчсөн болно. Бүрэн эрхийнхээ хугацааг өөрсдөө уртасгасан болно. Монголчууд олон улсын чанартай томоохон хурал зөвлөгөөнийг нэг бус удаа зохион байгуулж байсан. Тухайлбал, 2003 онд Ардчиллыг сэргээн буюу сэргээн тогтоосон улс орнуудын удирдлагуудын хурлыг анх удаа хийж байсан. Энэ бол томоохон хэмжээний хурал байсан. Түүнээс хойш ч бидэнд тив, дэлхийн хэмжээний томоохон хурлыг зохион байгуулж байсан туршлага бий. Үүндээ тулгуурлаад олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлээд, АСЕМ-ын хурлыг зохион байгуулах бүрэн боломжтой. Эдийн засаг хүнд байгаа ч энэ хурлыг явуулчих байх. Харин энэ хурлаас шалтгаалж сонгуулийг нааш, цааш нь болгох тухай асуудал байж болохгүй. Хэрвээ сонгуулийн хугацааг гурван сараар сунгавал энэ нь Үндсэн хуулийг зөрчисөн хэрэг болно гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа байх.  

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Массыг танадаж байж болох юм 

-АСЕМ-аас болж сонгууль явуулах хугацааг хойшлуулж болохгүй. УИХ, парламентыг дөрвөн жилээр сонгоно гэсэн байдаг. Тиймээс ганц хурлаас болж нааш цааш болгох талаар ярьж. Үндсэн хуульд зааснаар онцгой нөхцөл байдал буюу дайн байлдааны үед л сонгуулийн хугацааг өөрчилнө гэсэн байдаг байхгүй юу. Ийм яриа байх учиргүй. Яахав, ийм яриа гаргаж байгаа нэг хэсэг нь масс яаж хүлээж авах нь уу гэж танадаж байж болох. Харин нөгөө хэсэг нь цуу ярианд автаад л яваа байх. АСЕМ-аас ганцхан сарын өмнө сонгууль явуулчихаад дараа нь олон улсын том хурал зохион байгуулна гэдэг хэцүү гэж харчихаад л дотооддоо ингэж ярилцсан байж болох. Тэгээд л энэ яриагаа тарааж, зарим нь массыг танадах гээд, яаж хүлээж авах нь уу гэж хараад байгаа байх. Түүнээс бусдаар сонгуулийн хугацааг гурван сараар сунгах асуудал яагаад ч байж болохгүй. 

УИХ-ын гишүүн Д.Батцогт: Сонгууль явуулах хугацааг сунгах нь Үндсэн хуулийн зөрчил болно

 УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байдаг. Өмнө нь энэ л жишгээр явж ирсэн. Гэтэл сонгууль явуулах хугацааг гурван сараар сунгаад есдүгээр сард болгоно гэхээр УИХ-ын дөрвөн жилийн бүрэн эрхийн хугацаа хэтрээд явчихна шүү дээ. Хэрвээ сонгуулийн хугацааг сунгавал Үндсэн хуулийн зөрчил болно. Тиймээс сонгуулийг Үндсэн хуульд зааснаар буюу хугацаанд нь явуулах хэрэгтэй. АСЕМ-тай холбоотойгоор сонгуулийн хугацааг сунгахыг би хувьдаа дэмжихгүй. Угаасаа Үндсэн хуулийг зөрчиж байгаа болохоор дэмжих хүн гарахгүй болов уу.