Байнгын хорооны даргыг улируулан сонгохоор болов
2015.12.24

Байнгын хорооны даргыг улируулан сонгохоор болов

Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар 7 асуудал хэлэлцэхээр товлосон байсан ч Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Су.Батболд нар Байнгын хорооны даргыг сонгох, Сонгуулийн хуулийн төслөөс бусад асуудлыг хойшлуулах горимын санал гаргав.

Харин байнгын хорооны дарга А.Бакей Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг томилох тухай асуудлыг энэ удаагийн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх нь зүйтэй гэсэн байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд горимын саналаар санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь дэмжсэн юм.

 

Иймээс байнгын хорооны хуралдаанаар эхлээд Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудал хэлэлцэж, энэ талаар Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар байнгын хорооны даргаар ажиллаж буй А.Бакейг улируулан сонгох саналыг тус намын бүлгээс гаргаж байгааг танилцуулсан юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэлийг байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх санал гаргасан. Харин Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл байнгын хорооны даргаар ажиллаж байгаа А.Бакейг улируулан сонгох саналыг дэмжиж буйгаа илэрхийлээд нэрээ татаж авсан юм.

Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь байнгын хорооны даргаар А.Бакейг улируулан сонгох саналыг дэмжлээ.