Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна
Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан Онцгой байдлын ерөнхий газраас нийт аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд дараах анхааруулгыг өгч байна.
Аймаг, нийслэлийн болон гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөг тодотгох, үүрэг гүйцэтгэх бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах, цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг тогтмол хүлээн авах, галын аюулгүй байдлын норм, шаардлагын биелэлтэд үзлэг, шалгалт явуулж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, барилга, байгууламжийн авралтын зам гарц, гал түймэр унтраах тоног төхөөрөмжийн ашиглалтын бэлэн байдлыг хангахад онцгой анхаарна уу.
Мөн төв, суурин газрын эрчим хүч, дулаан хангамж доголдохоос урьдчилан сэргийлж, дулааны болон нам даралтын уурын зуухны хэвийн найдвартай ажиллагааг хангаж, албан байгууллага, орон сууц бүхий айл өрхийг хөлдөлтийн аюулаас сэргийлэхийг анхааруулж байна.
Дулааны болон нам даралтын уурын зуухны нүүрс, түлшний хангалт, нөөцийг үзэж шалгах, шатдаг хий болон тэсэрч дэлбэрэх бодис (пиротехник)-ын ашиглалтад хяналт тавьж, аюулгүй ажиллагааны заавар, журмыг дагаж ажиллахыг анхааруулж байна.
Орон нутгийн болон хот хоорондын зам, даваагаар зорчих үед тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, зорчигчдын аюулгүй байдлыг хангуулж, хөдөө, орон нутагт зорчигчид төөрч осгох, амь насаа алдах аюулаас урьдчилан сэргийлэхийг иргэддээ анхааруулж байна.