Урт  хугацааны хөгжлийн бодлоготой болсноор хөрөнгө оруулагчид бодлого өөрчлөгдөнө гэж айлтгүй болсон
УИХ-ын гишүүн С.Одонтуяа
2016.01.07

Урт хугацааны хөгжлийн бодлоготой болсноор хөрөнгө оруулагчид бодлого өөрчлөгдөнө гэж айлтгүй болсон

УИХ-ын гишүүн С.Одонтуяатай ярилцлаа.

-УИХ-ын даргад Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал батлах тухай тогтоолын төслийг өргөн барилаа. Уг хуулийн төслийн талаар танилцуулахгүй юу?

-Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал батлах тухай тогтоолын хуулийн төслийг намын бүлгүүдийн өргөтгөсөн бүрэлдэхүүнээр буюу олон гишүүн өргөн барилаа. Ажлын хэсэг хоёр жил гаруйн хугацаанд ажилласан. 2016-2030 он хүртэл Монгол Улсыг хөгжүүлэх бодлогыг тодорхойлсон гэсэн үг. Гол үндэслэл нь монгол төрийн бодлого оновчтой, алсын хараатай, залгамж чанартай, уялдаа холбоотой байх ёстой.

Нөгөөтэйгүүр хууль тогтоомжид нийцсэн, стратегийн ач холбогдолтой байх гэх үндэслэлээр энэ хуулийн тогтоолын төслийг боловсруулсан. Өмнө нь хөгжлийн бодлоготой холбоотой хэд хэдэн үзэл баримтлал батлагдаж байсан л даа. Тэр бүхэн тодорхой цаг хугацаанд үүргээ гүйцэтгэж байсан нь үнэн. Гэсэн ч орчин үеийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан бодлогын баримт бичгээ шинэчлэх, шинэ шатанд  гаргах шаардлага байсан учраас УИХ-аас уг хуулийн төслийг санаачилсан.

-Хөгжлийн бодлоготой холбоотой маш олон баримт, бичиг дээр гарын үсэг зурдаг ч гэлээ бодит ажил хэрэг болох нь цөөн байдаг юм шиг ээ?

-Тийм шүүмжлэл байсан. Маш олон бичиг, баримт гардаг. Гэсэн хэдий ч сайхан амьдруулна гэх хоосон амлалттай, тунхгийн чанартай болчихоод байсан юм. Бодитой, тоо баримтгүй байсан. Энэ удаагийн тогтоолын төслийн нэг онцлог бол нэгдүгээрт, маш тодорхой зүйлийгбаримтална. Хоёрдугаарт, хэмжигдэхүйц байна. Гуравдугаарт, хүрч болохуйц зүйл заалттай. Дөрөвдүгээрт, хэрэгжих бүрэн боломжтой, бодитой. Өөрөөр хэлбэл бодитой тоо баримт, үндэслэлд тулгуурлаж байгаа. Тавдугаарт, ажил үргэлжлэх цаг хугацааны үе шатыг нэлээн нарийвчилж тусгасан. Тоо баримтаас заримыг нь дурдахад, эдийн засгийн жилийн дундаж өсөлтийг 6.6 хувьд хүргэнэ, нэг хүнд ноогдох үндэсний нийт орлогыг 17.500 ам.долларт хүргэнэ. Хүний хөгжлийн үзүүлэлтийг эзлэх байраар нь 70 дугаарт хүргэнэ гэж төлөвлөсөн. Мөн ядуурлын бүх хэлбэрийг арилгана. 

Энэ бодлогын баримт, бичгийн нэг чухал ач холбогдол юу вэ гэхээр өмнө нь бид хатуу дэд бүтцийн салбар руугаа их анхаардаг байж. Тухайлбал уул уурхай байна. Сүүлийн хэдэн жил монголчууд уул уурхайгаар л амьсгалж, анхаарлаа хандууллаа шүү дээ. Гэтэл хүний хөгжил буюу зөөлөн дэд бүтэц рүүгээ анхаарлаа хандуулсан ажлууд орхигдож ирсэн. Тиймээс өнөөдөр эдийн засаг өсөж байна гэж ярьж байгаа боловч монгол хүн эрүүл биш байна. Монгол хүүхэд аюулгүй орчинд амьдарч чадахгүй, сургууль, цэцэрлэгийн хүрэлцээгүй байгаа. Тиймээсуртхугацааны хөгжлийн бодлогод хүний хөгжпийн асуудалд нэлээн ач холбогдол өглөө.

-Тухайлбал?

-Нялхсын эндэгдлийг байхгүй болгохыг зорьж байна. Эхийн эндэгдлийн түвшинг бууруулах, ерөнхий боловсролын сургуулийн анги дүүргэлтийн тоог багасгана гэхчилэн олон ажил бий. Өнөөдөр дунд сургуулийн нэг ангид 40-50 хүүхэд суралцаж байгааг 20 болтол бууруулж, анги танхимын тоог нэмэгдүүлнэ. Ер нь хүний хөгжил рүү чиглэсэн олон ажил хийхээр болж байна. Ер нь хөгжлийн бодлогод тулгуурлан хэд хэдэн бүлэгт асуудлаа хуваарилсан байгаа.

Мэдээж хэрэг хөгжилд салбар бүр тодорхой үүрэг хариуцлага хүлээх ёстой. Хөгжил гэдэг үгний үндэс нь хөг-өөс үүссэн гэж би хувьдаа боддог. Хөгжмийн таваас зургаан утас бүгдээрээ хөгтэй байж гэмээнэ сайхан аялгуу гарна. Түүн шиг хөгжил бол бүх салбар. Уул уурхай, эрчим хүч, эрүүл мэнд, боловсрол, аж үйлдвэр жигд хөгжиж байж бид олон тулгуурт эдийн засагтай болно. Ойрын 10, 20 жилд дэлхий дахинаа тулгамдаж буй асуудал яах аргагүй байгаль орчинтой холбоотой болчихлоо. Хоёр дахь нь ард иргэдээ эрүүл хүнсээр хангах асуудал дэлхий дахины өмнө тулгарч байгаа. Гурав дахь чухал зүйл нь яаж хямд эрчим хүчээр хангах вэ гэдэг асуудал. Улс орнууд хэрхэн эрчим хүчний сүлжээнд орох вэ гэх асуудалд голлон анхаарч байна. Энэ бүх зүйлийг урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт нэлээн цэгцтэй, эрэмбэтэй, үе шаттайгаар оруулж өгсөн.

-Ер нь хүний хөгжил рүү нэлээн анхаарал хандуулсан баримт бичиг болжээ дээ?

-Өмнө нь бид хүний хөгжил рүү тэр бүр анхаарал хандуулдаггүй байж. Одоогийн эрин үөд дэлхийн улс орнууд хүнийхээ хөгжлөөр улс орныхоо хөгжлийг хэмждэг болсон байна. Иргэдийнх нь өрсөлдөх чадвараар тухайн улс орныг тодорхойлдог цаг үе эхэлчихэж. Тийм учраас улс орноо урт хугацаанд тогтвортой хөгжүүлье гэвэл монгол хүндээ хөрөнгө оруулалт хийх ёстой.

-Манай улсыг эдийн засгийн ганц хөлтэй байна гэдэг. Тэр нь уул уурхай. Урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт уул уурхайн эзлэх байр суурь ямар түвшинд байгаа вэ?

-Эрдэс баялгийн томоохон ордуудыг аж ахуйн эргэлтэд оруулах, нэмүү өртөг шингээх замаар бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэн үр өгөөжийг дээшлүүлэх зэрэг зүйлүүдийг нарийвчлан тусгасан. Мөн уул уурхайн нөөцийг нэмэгдүүлэх, одоо ашиглаж буй ордуудынхаа дэд бүтцийг сайжруулах, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулна гэж тусгасан. Уул уурхай дээр Монгол Улс тодорхой хэмжээний хөгжилд хүрсэн гэжбодожбайна. Гэхдээ өмнөх хөрөнгө оруулалтууд буурсан учраас эргээд хэрхэн сайжруулах вэ гэдэг тал дээр анхааран ажиллалаа. Ер нь хөгжилд хүрэх гол ачааг хувийн хэвшлийнхэн үүрч байгаа. Тиймээс бизнесийн орчинг зөв байлгах ёстой. Бас нэг анхаарах асуудал бол аялал жуулчлалтай холбоотой. Монгол Улс бол байгаль, соёлын өвөөрөө аялал жуулчлал хөгжүүлэх таатай орны тоонд багтдаг. Тиймээс нүүдлийн соёл дээрээ тулгуурлан монгол брэндийг хөгжүүлж аялал жуулчлалаас олох орлогыг нэмэгдүүлэх боломжтой. Гадаадаас ирэх жуулчдын тоог хоёр саяд хүргэнэ гэж төлөвлөж байгаа.

-Гадныхан гэлтгүй дотоодын бизнес эрхлэгчид аливаа салбарт хөрөнгө оруулалт хийхдээ маш их эргэлзээтэй байдаг. Өмнөх УИХ-ын шийдвэрийг дараагийн парламент өөрчилчих болов уу гэсэн болгоомжлолтой байдаг. Уг асуудал дээр ямар дорвитой бодлого баримтлах вэ?

-Гол шүүмжлэлд өртдөг зүйл бол бодлого тогтворгүй байгаатай холбоотой. Нэг засаг гарч ирэхээр өмнөх парламентийнхаа хийсэн зүйлийг үгүйсгээд эхэлдэг. Тиймээс бид өмнөх алдаан дээрээсээ суралцаад тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын гол утга санаа нь бодлого тогтвортой байх ёстой гэж үзсэн. Тиймээс хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулиар нэлээн олон асуудлыг шийдсэн. Ямар үед төрөөс баримтлах бодлогыг батлах вэ, дунд, урт хугацаанд ямар хөгжлийн бодлого баримтлах вэ гэдэг дээр эрхзүйн орчныг нь бий болгоод өгчихсөн.

Хөгжлийн бодлого ямар байх вэ гэдгийг нэг мөр шийдлээ гэсэн үг. Тэгэхээр намууд сонгуульд нэр дэвшихдээ ч гэсэн ямар амлалт өгөх вэ гэдгээ хөгжлийн бодлоготой уялдуулах хэрэгтэй болж байгаа. Ямар ч биелэх боломжгүй ажлыг худлаа амалж болохоо болино гэсэн үг. Ингэснээр гадаадын гэлтгүй дотоодын хөрөнгө оруулагчид улсын бодлого өөрчлөгдөнө гэж айлтгүй болно. Уг хөгжлийн бодлого маань НҮБ-ын тогтвортой хөгжлийн үзэл санаанд нэлээн суурилсан байгаа.