Их суудлын хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч томилохгүй
УИХ-ын гишүүдийн шинэ жилийн баярын амралт дуусаагүй бололтой. Уг нь УИХ-ын Тамгын газраас гаргасан гишүүдийн ирцийн мэдээнээс харахад өнгөрөгч даваа гаригийн байдлаар долоон гишүүн гадаадад томилолттой, гурав нь чөлөөтэй гэж бүртгүүлснийг эс тооцвол бусад 66 нь ажил таслах шалтгаан үгүй.
Магадгүй тэд Сонгуулийн хуулиа баталчихсан учраас сэтгэл амарсан байх талтай. Гэвч хууль болохоо хүлээж буй цөөнгүй төсөл бий. Харамсалтай нь төрийн эрх барих дээд байгууллага ажлаа хийхгүй хэд хонолоо.
Энэ долоо хоногийн эхний өдөр УИХ дахь намын бүлгүүд ээлжит хуралдаанаа хийх байсан ч болсонгүй. Өчигдөр гэхэд дөрвөн Байнгын хороо хуралдахаар байсан ч Хууль зүйн байнгын хороо л хуралдав. Бусад нь ирц бүрдэхгүйн улмаас хойшилсон.
Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Энэ үеэр Цэцийн гишүүний насны дээд хязгаарын талаар илүүтэй ярилцсан. Ингэхдээ Төрийн албаны тухай хуулийн 24.3-т :‘Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаар нь 65 нас байна” хэмээснийг эшлэн Цэцийн гишүүдийн насны дээд хязгаарыг тогтоохыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн юм. Тус саналыг гишүүн Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан нар гаргасан аж.
Мөн тус хуралдааны үеэр Байнгын хорооны дарга Д.Ганбат Цэцийн хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч томилохгүй гэв. Энэ нь Шүүх байгуулах тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн, эсэхийг эцэслэн шийдвэрлэх их суудлын хуралдаан юм.
Шүүх байгуулах тухай хуулиар иргэний болон эрүүгийн хэргийн давж заалдах шатны, дүүргийн иргэний болон эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийг тус тус байгуулахдаа нэрийн хувьд аймгийн болон дүүргийн гэж томъёолсон боловч 2-3 аймаг, дүүргийн дунд нэг шүүхтэй байх нь Үндсэн хуулийн суурь зарчмыг алдагдуулж: зөрчилд хүргэж байна хэмээн дунд суудлын хуралдаанаас дүгнэсэн.
Уг дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрөхөөр тогтсон ч Ерөнхийлөгч хориг тавьсан билээ. Улмаар хоригийг УИХ хүлээн авч: холбогдох тогтоолоо Цэцэд ирүүлсэнтэй холбогдуулан их суудлын хуралдааныг маргааш хуралдуулахаар товлоод буй.
Хууль зүйн байнгын хорооны даргын тайлбарласнаар тэрбээр өнгөрөгч сарын 30-нд Үндсэн хуулийн цэцэд албан бичиг илгээж, дээрх хуралдааныг хойшлуулах хүсэлт тавьсан аж.
Харин Цэцээс энэ сарын 4-нд ирүүлсэн хариу албан бичгээр хүсэлтийг нь хүлээн авах боломжгүйгээ уламжилжээ. Тиймээс тэрбээр "Дунд суудлын хуралдааны шийдвэрийг хүлээн авсан УИХ-ын шийдвэрт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг парламент хүлээн авсан ч эцэслэн шийдэж: албажаагүй. Цэц эцсийн шийдвэрийг хүлээлгүйгээр хуралдах ёсгүй. Тиймээс тус хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч томилохгүй" гэв.