Цэцийн дээр 570 машин байдаг болсон
УИХ-ын чуулганы хуралдаан өнөөдөр 09.00 цагт товлогдож яг одоо хуралдаж байна. Өнөөдөр хуралдах хуралдаанаар есөн асуудал хэлэлцэхээр товложээ. Тодруулбал, Н.Энхболд нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн Улаан загалмай нийгэмлэгийн эрхзүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхээр товлож эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Үргэлжлүүлэн, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжиний өргөн мэдүүлсэн Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болон дагалдан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Уг хуулийн төсөл батлагдвал Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн тэтгэвэрт гарах насыг 65 болгож, бүрэн эрхийн хугацааг 12 жилээр байхаар болсон юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
Хуулийн төслийн талаар хууль санаачлагч Х.Тэмүүжин гишүүн “Цэцийн дээр хөх тэнгэр биш. 570 гэдэг машин байдаг болсон. Тиймээс ёсзүйгүй энэ асуудлыг шийдэх гэж энэ хуулийн төслийг боловсруулсан. Австри, Английн зарчмаар ямар ёсзүйтэй байх вэ гэдгийг шийдэх гэж маш том хуулийн төсөл боловсруулсан. Гэтэл намайг тэр хуулийг бариулахгүй гэж маш их улайрсан.
Өөрсдөө нэг хууль боловсруулчихаад намайг өргөн барь гэж намайг шахаж дарамталсан. Би бүр аргаа бараад хоёр хуудас хууль барилаа. Одоо намайг Үндсэн хууль зөрчсөн гээд гомдол гаргах гээд явж байна. Ерөнхийлөгч хууль өргөн барьчихаад байхад намайг дахин хууль барилаа гэж гомдол гаргах юм гэнэ. Ийм л завхарсан луйвардсан данхайсан асуудал байна. Үндсэн хуулийн цэцийг шүүх процедурын хэмжээнд аваачиж байгаа бол шүүгчтэй адилхан ёсзүйтэй, хэм хэмжээтэй байх ёстой. Хэн нэгний захиалга биелүүлдэг байж болохгүй” гэв. Хуулийн төслийн хэлэлцүүлэг үргэлжилж байна.