Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба, П.Бүрэнтөгс хоёрын нэг түрүүлнэ
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь
2016.01.08

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба, П.Бүрэнтөгс хоёрын нэг түрүүлнэ

"Ардын эрх" сонин, "Eagle news" телевиз, "Үндэстний тойм" сэтгүүл, "Eagle.mn" сайт хамтран "Хонь жилийн таамаг-2016"-г зарлаж байна. Монголын медиа корпорацаас зохиож буй энэ таамагт нэгдэхийн тулд Твиттерийн "#таамаг2016" хаштагаар оролцож болно. УИХ-ын гишүүн Ж.Батсуурь манай таамагт оролцож дараахь таван асуултад ийн хариуллаа.

-Эхний асуулт бол хонь жилийн сүүлд буюу Цагаан сарын өмнө ам.долларын ханш өөрчлөгдөх болов уу. Өөрчлөгдөнө гэвэл ямар хэмжээгээр хэлбэлзэх бол. Таны төсөөллийг сонирхоё?

-Монголбанк мөнгөний бодлогоор ам.доллар болон юанийн ханшийг барих гэж нэлээд оролдлоо. Мөн ОХУ руу визгүй зорчдог болсонтой холбогдуулан ам.долларын хэрэгцээ тодорхой хэмжээгээр буурч ирсэн. Тийм учраас ам.долларын ханш өснө гэж бодохгүй байна. Оюутолгой болон бусад төслөөс ч шалтгаалах зүйл.

-Орон сууцны үнийн хувьд?

-Орон сууцны үнэ ч ялгаагүй өсөхгүй гэж харж байна. Одоо байгаа дундаж үнэ хэвээрээ хадгалагдах байх. Буурч ч магадгүй. Байршил зэргээс нь шалтгаалаад орон сууцны үнийг өмнө нь ихээхэн хөөсрүүлж ирсэн. Ер нь ам метрийн үнэ дунджаар нэг сая байхад барилгын компаниудад хангалттай шүү дээ. Хотын захиргаа зөв зохион байгуулаад, газраа зөв хуваарилаад, үнийг нь хэт өндөр байлгахгүй байж чадах юм бол орон сууцны үнэ харьцангуй тогтвортой байна. 

-Дараагийн асуулт бол монголчууд бидний хэрэглэдэг хүнсний хамгийн гол бүтээгдэхүүн болох махны үнэ хэрхэх бол. Тэр дундаа үхрийн цул махны үнэ?

-Одоо байгаа үнээсээ өсөхгүй байх. Махны нөөц ч хангалттай байгаа. Ер нь манай улс махныхаа менежментийг зөв хийж чадах юм бол энэ салбарын үнэ өсөхгүй шүү дээ. Малын тоо толгой ч өссөн дүнтэй гарсан. Тэгэхээр одоо байгаа ханш буурна уу гэхээс өсөхгүй.

-Засгийн газар тогтвортой байх уу. Өөрчлөлт гарах болов уу?

-Би бол Засгийн газрыг тогтвортой байгаасай гэж хүсдэг. Тэгж байж ажил хариуцсан хүмүүс нь эрх мэдлийнхээ хүрээнд ард иргэдийнхээ эрх ашгийн төлөө юм хийнэ.   

-Сүүлийн асуулт, энэ жилийн Цагаан сарын үндэсний бөхийн барилдаанд хэн гэдэг бөх түрүүлнэ гэж та бодож байна вэ?

-Цагаан сарын барилдаанд улсын заан Ч.Санжаадамба, улсын арслан П.Бүрэнтөгс хоёрын аль нэг түрүүлнэ гэж бодож байна. Ер нь идэр залуу бөх энэ удаагийн барилдааны түрүү бөх болох байх.