Боловсролын тухай хуулийн төслийг дэмжлээ
Боловсролын тухай хуулийн төслийг дэмжлээ
2016.01.08

Боловсролын тухай хуулийн төслийг дэмжлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж,  гишүүдийн 86 хувь нь дэмжлээ. Энэхүү хуулийн төслийг өчигдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн бөгөөд гишүүд санал хэлэх шатанд зогссон юм. Тиймээс  өнөөдрийн хуралдаанаар үргэлжлүүлсэн.

Санал хэлэх шатанд 

УИХ-ын гишүүн Д.Батцогт

УИХ-ын гишүүн Д.Батцогт: Ерөнхий боловсролын сургуулиа түлхүү анхаараад байна.  Их,  дээд сургуулийг их шүүмжилж байна. Хүүхдийнхээ сургалтын төлбөрийг хийх гэж өр зээл их тавьдаг. Боловсролын салбар дахь гажуудлаас үүдэлтэй. Олон замбараагүй их, дээд сургууль байна гэж эцэг, эхчүүд ярьдаг. 

Хувийн өмч учраас механикаар татан буулгах бололцоогүйг ойлгож байна. Гэхдээ эмч, инженер бүх төрлийн мэргэжилтэн бэлтгэдэг сургууль байна. Тиймээс энэ мэт асуудлыг анхаарах шаардлага байна. Малчдын хүүхдийг анхаарах ёстой. 

Гишүүдийг тойрогтоо ажиллах бүрийд асуудал болгодог. Зургаан настай хүүхдээ өгч болдог, долоон настай ч өгч болдог уян хатан болгох. Амралтын хугацааг мал төллөх үеэр тааруулах зэргээр нэлээн өөрчлөлт хийх шаардлага байна. 

УИХ-ын гишүүн Я.Содбаатар

УИХ-ын гишүүн Я.Содбаатар: Холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулж ирэх шаардлага байсан. Тиймээс ч салбар яам нь энэхүү хуулийн төслийг оруулж ирж байгаа байх. 

Ер нь боловсролын талаар явуулж байгаа хууль, эрх зүйн орчин маш тогтвортой баймаар байгаа юм. Нийтдээ өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд Боловсролын тухай хуульд 17 удаа их, бага хэмжээгээр өөрчлөлт оруулсан байгаа юм. 

Үнэхээр сүүлийн 25 жил боловсролын салбар амаргүй зарим үед төсөвмөнгө нь дутсан, үсэрсэн, дэвхэрсэн, сурах бичиг нь солигдсон гэх зэргээр олон өөрчлөлт хийсэн. 

Тиймээс одоо ирэх 10 жилд боловсролын орчин болоод хууль эрх зүйн орчин нь ч тогтвортой байлгах чиглэл рүү бодлого барих ёстой. Тиймээс энэ хуулийн төслийг маш олон талаас нь хэлэлцэж, урт настай хууль гаргах хэрэгтэй. Хуулийг батлаж гаргах ёстой гэсэн байр суурьтай байгаа.