Дэлхийн улс орнуудад тэтгэврийнхэн яаж амьдарч байна?
2016.01.08

Дэлхийн улс орнуудад тэтгэврийнхэн яаж амьдарч байна?

Дэлхийн улс орнуудад тэтгэвэрт гарах нас харилцан адилгүй. 2014 онд олон оронд тэтгэврийн насыг нэмэх шийдвэр гарч Франц, Итали, Германд 67, Их Британид 68 насаар тогтоосон.

Тэтгэвэр авагчдын хувьд хэзээ тэтгэвэрт гарах нь чухал биш, хэдий хэмжээний тэтгэвэр авах нь чухал. Уг нь хүн тэтгэвэрт гарснаар шинэ амьдрал эхэлж, гавьяагаа эдэлж, хүссэнээрээ амарч, амьдралын сайхныг амтлах ёстой гэдэг. Гэхдээ улс болгонд тэтгэврийнхэн ингэж амьдардаг гэвэл эргэлзээтэй. Ингээд зарим улсын тэтгэврийн дундажийг сонирхоё.

ОХУ

Дундаж наслалт: 66

Тэтгэврийн дундаж: 150 ам.доллар (299 000₮)

Оросын тэтгэврийн насныхан Европын настнуудтай адил гадаадад аялах боломжгүй. Түүгээр барахгүй “тэтгэвэр” гэсэн ойлголт “ядуурал” гэсэн нийгмийн үзэгдэлтэй байнга холбогддог. Тиймээс Оросын тэтгэврийн насныхан нас бартлаа ажил эрхэлдэг.

Эрэгтэйчүүд 60, эмэгтэйчүүд 55 наснаас тэтгэвэрт гардаг.  Тэдний эдэлдэг хөнгөлөлт нийтийн тээврийн зардал, эмийн хөнгөлөлт төдийхнөөр хязгаарлагддаг.

Хятад

Дундаж наслалт: 72

Тэтгэврийн дундаж: 160 ам.доллар (319 000₮)

Эмэгтэйчүүд ажлынхаа онцлогоос шалтгаалж 50, эсвэл 55 насандаа тэтгэвэрт гардаг. Харин эрчүүдийн тэтгэврийн нас нь 60. Гэхдээ зөвхөн төрийн албанд 15-аас доошгүй жил ажилласан эрчүүд тэтгэвэр авах боломжтой.

Хятадад саяхныг хүртэл тэтгэвэр олгодоггүй байв. Учир нь хуучны уламжлал ёсоор хүн 60 нас хүрээд төрөөр биш, үр хүүхдээрээ тэтгүүлэх ёстой байдаг.

Польш

Дундаж наслалт: Тодорхойгүй

Тэтгэврийн дундаж: 440 ам.доллар (879 000₮)

Эрэгтэйчүүд тэтгэвэрт гарахын тулд 25 жил, эмэгтэйчүүд 20 жил ажилласан байх ёстой. Тэтгэврийн мөнгөний 75 хувийг нийгмийн даатгалын сангаас гаргадаг. Тэтгэврийнхэнд цахилгаан, ус, дулаан зэрэг орон сууц ашиглалтын төлбөрийг төрөөс олгодог байна. Мөн энэ улсад эрүүл мэндийн үйлчилгээ үнэгүй, хүнсний бүтээгдэхүүн хямдхан гэдгийг дурдах хэрэгтэй.

Тэтгэвэрт гарсан бол ажиллахыг хориглосон хуультай байсан ч 2000-аад оны дунд үед уг хуулийг цуцалжээ.

Их Британи

Дундаж наслалт: 79

Тэтгэврийн дундаж: 700 ам.доллар (1,3 сая ₮)

Төрөөс олгодог үндсэн тэтгэврийг зөвхөн 65-аас дээш настай эрчүүд, 60-аас дээш настай эмэгтэйчүүд авдаг. Тэтгэврийн хэмжээ ажилласан жилээс хамаарна.

Судалгаагаар Их Британи дахь нийт үл хөдлөх хөрөнгийн 40 хувийг хөгшчүүл эзэмшдэг бөгөөд тэтгэврийнхний 15-20 хувь нь дунджаар 350 мянган ам.долларын (699 сая ₮) үнэ бүхий хоёр байшинтай байдаг.

АНУ

Дундаж наслалт: 78

Тэтгэврийн дундаж: 1200 ам.доллар (2,3 сая ₮)

Тэтгэвэр, тэтгэмжийн хамгийн доод хэмжээ 300 ам.доллар. Амьдралдаа нэг ч өдөр ажиллаагүй хүн ч ийм хэмжээний тэтгэвэр авдаг. Хамгийн өндөр тэтгэврийг төрийн албан хаагчид, цэргийнхэн, нислэгийн компаний ажилчид авдаг. Тогтоосон хугацаанаас хэдэн жилийн наана тэтгэвэрт гарч болдог, гэхдээ 20 хувиар бага тэтгэвэр авна.

Түүнчлэн АНУ-ын иргэн болгон хувийн тэтгэврийн данс нээх боломжтой. Хувийн тэтгэврийн дансанд нэг жилд хийх мөнгөний дээд хэмжээ 2000 ам.доллар.

Герман

Дундаж наслалт: 79

Тэтгэврийн дундаж: 1400 ам.доллар (2,7 сая ₮)

2014 онд Германд тэтгэврийн насыг 65-аас 67 болгосон. Энэ шийдвэр нь дундаж наслалт өссөнтэй холбоотой.

Тухайн хүн ажилласан жил нь хүрэхгүй ч байсан тэтгэврийн доод хэмжээ болох 350 евро (750 000₮), орон сууцны хөнгөлөлтийг авна. Хугацаанаасаа өмнө тэтгэвэрт гарч болох ч ингэсэн тохиолдолд тэтгэврийнхээ 0,3 хувиар ажиллаагүй сар болгоны төлөө мөнгө төлөх ёстой. Германы тэтгэврийнхэн үндсэндээ жилд хоёр удаа далайд амарч, үлдсэн мөнгөө хадгалдаг.

Франц

Дундаж наслалт: 81

Тэтгэврийн дундаж: 700 ам.доллар (1,3 сая ₮)

Францууд 60 насандаа тэтгэвэрт гардаг. Тэтгэврийг ажилласан сүүлийн 11 сарын цалингийн 50 хувиар тооцож олгодог байна. Тэтгэврийн доод хэмжээ 500 евро (1,07 сая ₮)

Хэрэв тухайн хүн 41-өөс доошгүй жил ажилласан бол бүрэн тэтгэвэр авдаг. Хэрэв энэ болзлыг хангахгүй бол дутуу жил болгонд 1,25 хувийг тооцож хасдаг.

Дани

Дундаж наслалт: 80

Тэтгэврийн дундаж: 2800 ам.доллар (5,5 сая ₮)

Хамгийн сайн нийгмийн хамгааллын тогтолцоотой орнуудын нэг. Данид зарим хүмүүс 70 нас хүртлээ ажилладаг. 65 нас хүрсэн хүн тэтгэвэр авах боломжтой. Санал асуулгын дүнгээр Данийн иргэдийн 70 хувь нь эрүүл мэнддээ санаа зовдоггүй гэж хариулсан бол, 94 хувь нь насны эцэст харж хандах хүнтэй гэжээ. Данийн хөгшчүүл өндөр настны асрамжийн газарт амьдрахыг ичгүүртэй хэрэг биш гэж үздэг.

Данийн Засгийн газар жил настнууддаа зориулж 35 тэрбум ам.доллар (69,93 их наяд төгрөг) зарцуулдаг. Энэ нь тус улсын Үндэсний нийт бүтээгдэхүүний аравны нэгтэй тэнцдэг байна.