Төсөв тодотгохгүйгээр хүүхдийн мөнгө олгох боломжгүй
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан
2016.01.13

Төсөв тодотгохгүйгээр хүүхдийн мөнгө олгох боломжгүй

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Засгийн газраас энэ сарын 8-нд нэн яаралтай дэгээр хэлэлцүүлэхээр өргөн барьсан “Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2016 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

Засгийн газар 2016 оны төсвийн хуулийг өргөн мэдүүлэхдээ Хүний хөгжлийн сангаас хүүхэд бүрт олгодог 20 мянган төгрөгийг зөвхөн зорилтот хэсэгт олгох санал оруулж УИХ баталсан. Харин энэ асуудалд олон нийт шүүмжлэлтэй хандсан тул бүх хүүхдэд мөнгийг хэвээр олгохоор болж дээрх тогтоолын төслийг Засгийн газраас оруулж ирж байгаа юм. Хуралдааны үеэр УИХ дахь МАН-ын гишүүд тогтоолын төслийг төсвийн тодотголтой хамт хэлэлцэж байж хуульд нийцэхийг сануулж байлаа. Уг асуудалтай холбоотой хэлсэн гишүүдийн саналыг тоймлов.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

-Хүүхдийн мөнгийг 2006 онд анх олгож эхлэх үед эдийн засаг тийм ч сайн байгаагүй. Гэтэл эрх баригч хүчин 2015 оны төсвийн хуулийг УИХ-д өргөн мэдүүлсэн үеэс хүүхдийн мөнгийг ялгавартай олгоно гэсэн. МАН-ын бүлэг эсэргүүцэж байж хуучнаар нь олгохоор болж, 2015 оны төсвийн хуулийг батлуулсан. 2016 оны төсвийн хуулийг өргөн мэдүүлэхэд мөн л хүүхдийг ялгаварлаж олгох төсвийн хуулийг оруулж ирсэн. Харин одоо хүүхэд бүртээ тэгш олгохоор болж хуулийг оруулж ирж байгааг дэмжиж байна. Гэхдээ 2016 оны төсвийн тодотголоо хамтад нь оруулж ирэх ёстой.

УИХ-ын гишүүн Я.Санжмятав:

-Эдийн засгийн хүндрэл бэрхшээлээс болж энэ мөнгийг зорилтот бүлэгт олгохоор болсон. Сонгууль дөхөөд ирэхээр манай улстөрчид, намууд ард түмэндээ их хайртай болчих юм. Нийгэм хүнд байгаа энэ үед ойлголцолд хүрээд аль болох   улстөржүүлэхгүй, горьдлого төрүүлэхгүй, нийгэмд таалагдах алхмуудыг цөөхөн хиймээр байна. Цаашид энэ асуудлыг шуурхай хэлэлцээд шийдэж өгөхийг МАН-ын бүлэг анхаараасай. Ярихдаа хайртай гээд хийхдээ гараа битгий татаарай.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:

-Өрхийн судалгааг хийлгэхдээ 500-600 сая төгрөг зарцуулсан. Эцэст нь 200-300 мянган хүүхэд хаягдсан байжээ гэж хэлж байна. Хамгийн гол нь төсвийн тодотголгүйгээр энэ асуудал явахгүй. Төсвийн тодотгол хийх тусгай шаардлагууд бий. Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйл дээр тодорхой заасан байдаг. Дуртай үедээ төсөвт тодотгол хийдэг зүйл энэ хуульд байхгүй. Хүүхдэд олгох ёстой буюу дутаад байгаа 110 тэрбум төгрөг төсвийн тодотголд суухгүйгээр энэ мөнгө олгогдохгүй. Үнэхээр АН хүүхэд бүрт 20 мянга олгоё гэж байгаа бол энэ хуулиа татаж аваад 2016 оны төсвийн тодотголтойгоо хамт өргөн мэдүүлэх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Р.Амаржаргал:

-Юуны өмнө санхүүжилтийн эх үүсвэр нь Хүний хөгжил сангаас байх ёстой. Тиймээс энэ сангийн бүрдүүлэлтийг яаж хийхээ анхаараарай. Мөн 1-17 дугаар бүлгийг хасна гэсэн томьёолол байгаа. Энэ томьёоллоор санал хурааж хасахад асуудал шийдэгдэх үү гэдгийг холбогдох яам, байгууллагууд нягтлах хэрэгтэй. Түүнчлэн улсын төсөв, Хүний хөгжил сан руу орж ирэх мөнгө нь тус тусдаа байна. Тэгэхээр эх үүсвэрүүд нь өөр байх ёстой гэдгийг онцгой авч үзэх ёстой. Эцэст нь хэлэхэд бид сүүлийн хэдэн жил хоёр сарын насгүй төсөв баталдаг болсон байна.

УИХ-ын гишүүн Ч.Улаан:

-Тогтоол батлагдан­гуут хэрэгжиж чадахгүй. Учир нь хууль давдаг тогтоол байдаггүй. Тэгэхээр тогтоол нь төсөвт тодотгол хийсний дараа хэлэлцэгдэхээр болно. Тиймээс энэ асуудлыг тодотголтой нь хамт хэлэлцэж байж хуульд нийцэх ёстой гэв.

Энэ асуудлыг хариуцаж байгаа салбарын сайд Б.Болор “Хүүхдийн мөнгө олгох эх үүсвэр төсөвт суусан. УИХ-аас төсөв баталсны дараа тогтоол гаргаад, судалгааны үндсэн дээр 1-17 бүлэгт тавьсан байгаа. Тэгэхээр энэ заалтыг авчихаар 1-17 гэлтгүй бүх хүүхдэд 20 мянга төгрөгийг олгож болно гэж энэ өөрчлөлтийг оруулсан. Нэмэлт зардлын хувьд өнөөдөр тодорхой зүйлийг хэлэх боломжгүй байна. Учир нь энэ тооцоо, судалгааг хийж байгаа. Байгаа эх үүсвэрээрээ хүүхдийн мөнгийг олгоод явж байх нь зүйтэй. Мөн төсвийн тодотгол гарцаагүй орж ирнэ гэж ойлгож байгаа” гэдэг тайлбарыг өгөв. Хуралдаанд ирсэн гишүүдийн 90.9 хувь нь тогтоолыг төслийг хэлэлцэхийг дэмжлээ.

Мөн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг ярилцсан бол “Аудитын сэдэв батлах тухай” байнгын хорооны тогтоолын төслийг батлав.