Хөдөлмөрийн сайдын өргөн барьсан хуулиудыг дэмжлээ
Хөдөлмөрийн сайдын өргөн барьсан хуулиудыг дэмжлээ
2016.01.13

Хөдөлмөрийн сайдын өргөн барьсан хуулиудыг дэмжлээ

Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан шинэ оны өмнөхөн салбарынхаа хоёр чухал хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан.

Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай болон  Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны мягмар гаригийн хуралдаанаар хэлэлцээд гишүүдийн олонхийн саналаар эдгээр хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн байна.

Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийг 2002 онд баталж, 2012 онд бүтэц зохион бйагуулалтын шинжтэй өөрчлөлтийг оруулсан. Харин энэ удаагийн өөрчлөлтөөр мэргэжлийн боловсрол, сургалтыг олон улсад жишиг болж буй чадамжид суурилсан сургалт үнэлгээний шинэ тогтолцоонд шилжүүлэх, сургалтын стандарт, хөтөлбөрийг ажил олгогч, мэргэжлийн холбоодын оролцоотойгоор ажил мэргэжлийн стандартад нийцүүлэн боловсруулж мөрдөх, хяналт тавих, чанарын үнэлгээний тогтолцоо, хөндлөнгийн үнэлгээг буй болгох, багш, сурагчдад хөдөлмөр, бүтээлийн үр шимээ сургуулийн болон дадлагын орчноосоо мэдэрч улмаар хөдөлмөрлөж олсон орлогоосоо хувь хүртдэг болгох, иргэний дотоод, гадаадад эзэмшсэн мэргэжил, мэргэшлийн ур чадварыг холбогдох стандарт, түвшинтэй дүйцүүлэн үнэлж баталгаажуулдаг болсноор мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага төгсөгчид, иргэдийг ажлын байртай холбох боломжийг бүрдүүлэх юм.

Түүнчлэн МСҮТ-ийн суралцагчид их, дээд сургуульд шилжин суралцах, их дээд сургуульд сурч буй оюутнууд МСҮТ-д шилжин суралцах эрх зүйн орчныг бүрдүүлж буйгаараа онцлогтойг Хөдөлмөрийн сайд Байнгын хорооны гишүүдэд хийсэн танилцуулгадаа дурдсан. Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар, А.Тлейхан нарын тавьсан асуултад салбарын сайд болон ажлын хэсэг хариулт өгсний дараа хуралдаанд оролцсон гишүүдийн 92,9 хувийн саналаар хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив. 

Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар хэлэлцсэн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэхэд чиглэсэн зарим нэмэлт, өөрчлөлтийг тусгасан байна. Тухайлбал, жижиг зээлийн хэмжээ бага, хугацаа богино, хүү өндөр байгаагийн зэрэгцээ хуулиар тогтоосон зорилтот бүлгийн иргэд нь барьцаа хөрөнгөгүйн улмаас зээл авах бололцоогүй зэрэг хуулийг хэрэгжүүлэхэд гарч байгаа хүндрэлийг шийдвэрлэх үүднээс жижиг зээлийг батлан даах, зээл, санхүүгийн дэмжлэгийн хэмжээ, эргэн төлөлтийг уян хатан тогтоох чиглэлээр холбогдох зохицуулалтыг хуулийн төсөлд тусгажээ.

Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар холбогдох хуулиудын уялдаа, зохицуулалт сайжирч, тэдгээрээс иргэдэд үзүүлж байгаа төрийн үйлчилгээний хүртээмж нэмэгдэн, улмаар ажлын байрыг шинээр бий болгох, тогтвортой хадгалагдах боломж дээшилж, эдийн засгийн хүндрэлээс үүдэн хүн амын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэж байгааг Хөдөлмөрийн сайд төсөл санаачлагчийн илтгэлдээ онцолсон юм. Уг хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг гишүүдийн 92.9 хувийн саналаар дэмжлээ. Мөн энэ хуралдаанаар Хөдөлмөрийн сайдын өргөн мэдүүлсэн Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан байна.