Иргэд нь орлогын албан татвар төлдөггүй орнууд
2016.01.19

Иргэд нь орлогын албан татвар төлдөггүй орнууд

“Энэ ертөнцөд зайлшгүй хоёр зүйл бий. Нэг нь үхэл, нөгөө нь татвар” гэсэн Бенжамин Франклины алдарт үг бий. Монголчуудын хувьд “Төр оршихуй дор татвар буй, татвар оршихуй дор төр буй” гэдэг. Харин Мюррей Ротбард татварыг төрөөс хийж буй хууль ёсны дээрэм гэж нэрлэжээ.  Гэхдээ төр байгаа цагт татвар байсаар байна.

Орлогын албан татвар нь засгийн газруудын гол амин зуулга болдог. Гэхдээ Бенжамины хэлснийг үгүйсгэж орлогын албан татваргүй амьдардаг орнууд дэлхийд байдаг.

АРАБЫН НЭГДСЭН ЭМИРАТ УЛС

АНЭУ бол хүн амд ногдох ДНБ-ээр хамгийн өндөр үзүүлэлттэй (48,2 мянган ам.доллар – 96 сая₮) орон ч орлогын албан татвар, хөрөнгийн татварын алиныг нь ч авдаггүй.

Дэлхийн хамгийн том гурван газрын тосны нийлүүлэгчийн нэг болох энэ улсад орлогын албан татварын оронд газрын тосны корпорациудад 55 хувийн татвар ногдуулдаг. Газрын тосны орлого төсвийн 80 хувийг бүрдүүлдэг. Гадны банкуудаас 20 хувийн татвар авдаг. 

АНЭУ-ын иргэд зөвхөн нийгмийн даатгалд зориулж орлогын тавхан хувиар татвар төлдөг. Харин ажил олгогчид нийгмийн даатгалд, тэтгэврийн санд орлогынхоо 12,5 хувийг өгөх ёстой.

... Согтууруулах ундааны татвар 50 хувь. Хэрэв иргэн гэртээ архи уух зөвшөөрөл авбал нэмж 30 хувийн татвар төлөх ёстой ...

КАТАР

Байгалийн хийн асар их нөөцтэй Катар нэг хүнд ногдох ДНБ-ээр (88 000 ам. доллар – 176 сая₮) дэлхийд нэгдүгээрт ордог.  Катарчууд байгалийн баялагаас олсон орлогодоо түшиглэж байгалийн хийг шахах, экспортлох технологид их хэмжээний хөрөнгө оруулжээ.

Катарт хувьцааны, ашгийн, гэнэтийн ашгийн, хөрөнгийн албан татвар байхгүй. Гэсэн хэдий ч иргэн нийгмийн хэрэгцээнд зориулж 5%, ажил олгогчид 10%-ийн татвар төлдөг. Импортын бараа 5%-ийн татвартай.

ОМАН

Оманы султант улс нь Ойрхи Дорнодын орнуудын нэгэн адил газрын тосноос төсвийн орлогоо бүрдүүлдэг. Оманчууд сар бүр газрын тосноос 8 тэрбум гаруй ам.долларын орлого олдог.

Иймээс хөрөнгийн албан татвар, орлогын албан татварын хэрэггүй. Иргэд зөвхөн өөрийн цалингаас 6,5 хувийг нийгмийн хэрэгцээнд өгдөг. Түүнчлэн эд хөрөнгө зарах, худалдаж авахад үнийн дүнгийн 3 хувийг өгдөг.

Хэдийгээр газрын тосоор баян ч Оман улсын иргэд ажлын байр бий болгож, цалин нэмэхийг шаардах болсон. Газрын тос боловсруулах хэд хэдэн үйлдвэрийн ажилчид ажил хаясан нь Арабын хаврын үед Засгийн газрын эсрэг чиглэсэн хамгийн том эсэргүүцлийн арга хэмжээ болов.

Түүнчлэн ажилгүйдэл 24 хувьд хүрчихээд байхад 800 мянган ажлын байрыг гадныханд өгсөн нь иргэдийн дургүйцлийг төрүүлдэг.

КУВЕЙТ

Дэлхийн зургаа дахь том газрын тос экспортлогч. Улсын төсвийн 95 хувийг газрын тосны орлогоос бүрдүүлдэг. Орлогын албан татвар гэж байхгүй ч иргэд цалингийнхаа 7,5 хувиар ирээдүйд авах тэтгэврээ бүрдүүлдэг. Ажил олгогчид 11 хувийн татвар төлдөг.

Олон нийтийн шахалтанд орсон Засгийн газар цалинг 25  хувиар өсгөсөн нь ОУВС-д таалагдсангүй. Учир нь кувейтуудын дөнгөж 7 хувь нь ажил эрхэлдэг болохоор цалинг үндэслэлгүй нэмэх нь эдийн засагт асуудал дагуулна гэж үзжээ.

КАЙМАНЫ АРЛУУД

Энэ газар нь оффшор мөнгөний бүс гэдгээрээ алдартай. Нийгмийн хамгааллын тогтолцоо гэж байхгүй учраас татвар төлөх шаардлагагүй. Гэхдээ бизнесменүүд ажилчдынхаа ирээдүйн тэтгэврийг бүрдүүлэх ёстой. НӨАТ болон бусад хураамжууд байхгүй ч импортын бараанд 25 хувийн татвар ногдуулдаг.

Амжиргааны түвшин өндөр энэ газарт үл хөдлөх хөрөнгийн үнэ ч бас өндөр. Орон сууцны дундаж үнэ 550 000 мянган ам. доллар (1,1 тэрбум ₮), хувийн байшин 736 мянган ам.доллар (1,47 тэрбумт ₮)- ын үнэтэй.

БАХРЕЙН

Бахрейн улс орлогын албан татваргүй ч Абу-Сафагийн хөндий дэх газрын тосны ордуудаас улсын төсвийнхөө 70 хувийг бүрдүүлдэг.

Нийгмийн хэрэгцээнд иргэд орлогынхоо 7 хувь, бизнесменүүд 12 хувийг зарцуулдаг. Мөн үл хөдлөх хөрөнгө шилжүүлэхэд 3 хувийг төлнө.

Газрын тосноос олох орлого их ч Бахрейны төсвийн хомсдол 2011 онд  83 сая ам.долларт хүрчээ. Төсвийн цоорхойг нөхөхийн тулд Засгийн газар дэлхийн зах зээлд өрийн бичиг гаргасан байна.

БЕРМУДЫН АРЛУУД

Бермудын арлыг дэлхийн хамгийн баян газар гэж үздэг. Амжиргааны өртөг ч өндөр.

Ашгийн татвар байдаггүй ч ажилтан ажил олгогчтой тохиролцож ажил олгогчийн Засгийн газарт төлдөг 16 хувийн татвараас 5,75 хувиар нь өөртөө хуримтлал үүсгэж болно. Түүнчлэн ажилчид долоо хоногт 30 ам.долларыг нийгмийн хэрэгцээнд өгдөг. Засгийн газраас тогтоосон газрын түрээсийн үнээс 19 хувийг өмчийн татварт өгдөг.

Засгийн газрын гол орлого нь импортын барааны татвар. Жуулчид энэ газарт авч очсон барааныхаа үнийн 25 хувийг хураалгадаг. Татвар бага учраас олон улсын компаниуд их бөгөөд нийт хүн амын 20 хувь нь гадныхан. Гэхдээ гадаадын иргэн 10 жил ажиллах зөвшөөрөл авахад 20 мянган ам.доллар төлөх хэрэгтэй.

БАГАМЫН АРЛУУД

Карибын тэнгисийн хамгийн баян орны нэг болох Багамын арал аялал жуулчлал, оффшор мөнгөнөөс хамааралтай. Төсвийн орлогын 70 хувь нь импортын татвараас бүрдэнэ. Орлогын албан татвар байхгүй. Ажилчид жилд цалингийнхаа 3,9 хувийг нийгмийн хамгаалалд зориулна. Гэхдээ 26 000 ам.доллараас илүүг төлөхгүй. Мөн ажил олгогчид ажилчны цалингийн 5,9 хувьтай тэнцэх мөнгийг улсад тушаадаг. Түүнээс гадна 1 хувийн өмчийн татвартай.