УИХ-ыг дөрвөн уулын дундаас бүрдүүлж болохгүй
УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар
2016.01.20

УИХ-ыг дөрвөн уулын дундаас бүрдүүлж болохгүй

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазартай цөөн хором ярилцлаа.

-Нийслэлийн удирдлагууд Улаанбаатар хотоос УИХ-д сонгог­дох мандатын тоог нэмэх санал гаргас­ныг АН-ынхан дэмжиж бай­гаа бололтой. Та үүн дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-УИХ Сонгуулийн тухай хуу­лийг хугацаанд нь багтаан ба­талсан. Энэ хуулийн дагуу сонгуультай холбоотой бүх процесс үргэлжлэх ёстой. Гэтэл АН-ынхан Сонгуулийн тухай хуулиа батлуулсныхаа дараа агуулгыг нь өөрчлөх тактиктай байсан юм байна л даа. Өөрөөр хэлбэл, Сонгуулийн тухай хуулийг өөрсдөдөө ашигтай байдлаар хэрэгжүүлнэ гэж эртнээс тооцоолж байсан бололтой юм. Сонгуулийн тухай хуульд тойрог байгуулахдаа хүн амын тоо, нутаг дэвгэрийн хуваарь, засаг захиргааны нэгжийг харгалзана гээд заачихсан байгаа. Гэтэл хүн амын тоо гэдэг ганцхан шалгуураар тойрог хуваарилах гэж байгаа нь буруу.

Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга 2014 оны статистик мэдээллээр нийслэлд нийт хүн амын 44 хувь нь буюу нэг сая 314 мянга 500 иргэн амьдарч байгаа учраас парламентад Улаанбаатараас сонгогдох мандатын тоог нэмэг­дүүлэх ёстой гэж үзэж байгаагаа хэлсэн. Улмаар энэ хүсэлтээ УИХ-ын даргад ирүүлсэн юм билээ. УИХ-ын дарга твиттерээр дамжуулан олон нийтэд өгсөн мэдээлэлдээ 2015 оны оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар Монгол Улсын нийт хүн ам гурван сая 61 мянга орчим, Улаанбаатар хотод амьдарч байгаа иргэдийн тоо нэг сая 398 мянга орчим байна гэдгийг онцолсон. Үүндээ үндэслээд нийслэлийн мандатын тоог долоо биш бүр наймаар нэмэхээр төлөвлөж байгаа юм байна.

-Нийслэлээс сонгогдсон ялан­гуяа хүн ам ихтэй дүүргүүдээс УИХ-д сонгогдсон гишүүд энэ са­налыг дэмжиж байгаагаа илэрхийлсээр байна. Таны сон­гогдсон Сонгинохайрхан дүүрэг бас л хүн ам ихтэй. Тиймээс та энэ саналыг дэмжих ёстой юм биш үү?

-Сонгинохайрхан дүүрэгт Монгол Улсын нийт хүн амын 10, Улаанбаатар хотын хүн амын 30 орчим хувь нь амьдардаг. Миний тооцоолж байгаагаар Сонгино­хайрхан, Баянзүрх дүүргийн ман­датын тоог хоёроор, бусад дүүр­гийнхийг нэгээр нэмэх юм шиг байна. Үүнийг тойргоо хөгжүүлэх, Сонгинохайрхан дүүрэгт төр засгийн үйл ажиллагааг илүү өргөн хүрээнд хүргэх боломж гэж харж байна. Гэхдээ том зургаар нь хараад Монгол Улс нэгдмэл нэг улс байх ёстой гэсэн Үндсэн хуулийнхаа үзэл баримтлалыг ярих юм бол нийслэлийн мандатын тоог нэмэх нь буруу.

Хүн амын тоо гэдэг ганцхан үндэслэлээр асуудалд  хандахгүйгээр нутаг дэвсгэрийн хуваарь, засаг захиргааны нэгжийг харгалзан  Үндсэн хууль, Сон­гуулийн тухай хуульдаа нийцсэн шийдвэр гаргах ёстой. Тогтоол батлаад л хуулийнхаа зарчмыг өөрчилчихөж болохгүй. Хуулиас давсан тогтоол байж болохгүй биз дээ.  

-Танай намыхан “АН Улаан­баатарт ялалт байгуулчихвал олонхийг бүрдүүлэх боломжтой болчихно” гэж болгоомжлоод байгаа юм биш үү?

-Хүмүүс “АН Улаанбаатарт олон суудал авах гээд, МАН-ынхан түүнээс нь айгаад хөдөө орон нутаг руу зугтах гээд байна” гэж яриад байгаа бололтой. Үнэндээ ингэж айж эмээсэн зүйл алга. МАН бол тэртээ тэргүй боловсон хүчин, бодлого, төлөвлөлт сайтай, улс эх орноо 70 жил дангаараа удирдаад ирсэн, хоёр хөрш, бүс нутаг, дэлхийн хэмжээнд бодлогоо таниулсан улс төрийн ууган хүчин. Нийслэлийн мандатын тоог нэмчих вий гэдгээс айгаад хулчийгаад байх шаардлага ерөөсөө байхгүй. 

Миний хувьд Сонгинохайрхан дүүрэг таван мандаттай байх тусмаа сайн. Бодлого, үйл ажиллагаа, мөрийн хөтөлбөрөө танилцуулаад явахад ялалт байгуулж л таарна. Манай нам дүүргийнхээ хөгжлийн төлөө АН-тай хамтран ажиллаж байна. Төрийн ажлыг тасралтгүй, тогтвортой байлгах үүднээс  өн­гөрсөн хугацаанд хамтран ажил­лаж ирсэн. АН ялагдсан хэрнээ л бидэнтэй хамтран ажиллаж байгаа. Э.Бат-Үүл гэж Улаанбаатар хотын хаан болчихсон хүн ард түмний мандатыг уландаа гишгэж хамтрахаас өөр аргагүй нөхцөл байдал үүсгэсэн. Одоо бүр УИХ-ыг өөрийнхөө дур зоргоор байгуулах гээд байгаа бололтой. 48 мандатын 22 нь нийслэлд ногдох ёстой гэж юу гэсэн үг вэ. УИХ-ыг дөрвөн уулын дундаас бүрдүүлэх нь л дээ. 

Монгол Улс гэдэг чинь дөрвөн уулын дунд орших Улаанбаатар хот биш, өргөн уудам нутагтаа тархан суурьшсан хүн амтай 21 аймаг 300 гаруй сумаас бүрддэг гэдгийг бодолцох хэрэгтэй.