Төв аймгийн зарим сумдад тусламжийн цуваа хөдөллөө
Зарим аймагт өвөлжилтийн байдал хүндэрсэнтэй холбогдуулан Засгийн газар 480 дугаар тогтоолоор улсын нөөцөд 2011-2013 онд бүрдүүлсэн 6565 тонн өвсийг буцалтгүй тусламж хэлбэрээр үнэгүй олгох, 2678 тонн тэжээлийн үнийг 50 хувиар хямдруулан малчдад олгож байгаа билээ.
Энэ хүрээнд Төв аймгийн өвөлжилт хүндэрсэн зарим сумдад хүргэх тусламжийн цуваа өнөөдөр хөдөллөө. Уг арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар оролцлоо.
Төв аймгийн цас зуд ихтэй байгаа урд талын сумд болох Сэргэлэн, Баян, Баянцагаан, Алтанбулаг, Баянжаргалан суманд эхний 100 тонн өвсийг ийнхүү хүргүүлж байгаа юм.
Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ц.Оюунбаатар, “Аймаг, орон нутаг, сумдын эмнэлгийн удирдлагууд өвөлжилтийн бэлтгэлээ боломжийн хэмжээнд хангасан ч, өвс тэжээл ургаагүйгээс хадлан тэжээл сайн авч чадаагүй. Байдал хүнд байгаа ч гэсэн сахилга хариуцлага, зохион байгуулалтаа сайжруулан өвөл, хаврыг хохиролгүйгээр даван туулах зорилтыг Улсын онцгой комиссын зүгээс тавьж байгаа. Малчид, иргэд өвөлжилт болон хаваржилтын бэлтгэл ажилдаа хариуцлагатай хандан сонор сэрэмжтэй байж, гэнэтийн хүйтрэл болон цас, шороон шуурганаас сэрэмжилж ажиллахыг Улсын онцгой комиссын даргын хувиар сэрэмжлүүлж байна” гэсэн юм.
Таван сая орчим мал өвөлжиж байгаа Төв аймгийн хувьд хамгийн олон сумтай аймаг. Мөн малын тоогоороо улсдаа байнга дээгүүрт ордог. Төв аймгийн нийт нутаг дэвсгэрийн 50 хувь нь зудын байдалтай байгаа юм байна.
Тус аймгийн зарим сумдад мал бэлчих боломжгүй, тэжээлд орчихсон өвөөлжөөндөө байгаа аж.
Хэдийгээр Засгийн газраас малын өвс тэжээлийг боломжоороо олгож байгаа хэдий ч, сумдад хуваарилбал маш бага хэмжээгээр ноогдно. Нэг суманд 500 боодол өвс гэж үзвэл малчин нэг айлд нэг, хоёрхон л өвс очно. Иймд малчид бусдын гарыг харалгүйгээр зах зээлд зарагдаж байгаа өвс, тэжээлийн үнийг судлан хувьдаа сайтар базааж авах нь чухал юм гэдгийг ч Шадар сайд анхааруулж байсан.