Үндсэн хуулийн цэц хувийн компани биш
УИХ-ын гишүүн X. Тэмүүжинтэй ярилцлаа.
-Өнгөрөгч лхагва гаригт УИХ Үндсэн хуулийн Цэцийн тухай болон холбогдох зарим хуульд өөрчлөлт оруулсан. Яг ямар өөрчлөлтүүд орж байгаа вэ?
-Үндсэн хуулийн Цэцийн тухай хууль, Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хууль, УИХ-ын дэгийн тухай гэсэн гурван хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Сүүлийн 25 жилийн турш маш их маргаантай байсан Үндсэн хуулийн Цэц шүүх мөн үү, биш үү гэдэг асуудал. Үндсэн хуулийн Цэц өөрийгөө “Бид бол шүүх" гэж үздэг, шүүхийн хэмжээний өндөр эрх мэдлийг авсан байгууллага. Хэрэв тийм бол тэр эрх мэдэлтэй нь ижил хэмжээний процессын шударга байдал, хариуцлага шаардах ёстой. Тиймээс шүүхийн хамгийн наад захын шаардлага болох төвийг сахих, ил тод нээлттэй байх зарчмыг хуулиар зохицуулсан. Шийдвэр гаргахтай холбоотойгоор Цэцийн гишүүн тусгай санал бичих эрхийг нь оруулж ирсэн.
Үндсэн хуулийн Цэцийн гишүүд бүгдээрээ ижил тэгш эрхтэй. Хэн нэг дарга дээр нь гарчихаад бусдыгаа командлаад байж болохгүй. Шийдвэр гаргахдаа ч бүгд ижил тэгш оролцоно. Олонхийн саналаас ялгаатай байр суурьтай байгаа бол түүнийгээ тусгай саналаар илэрхийлэх нь шүүхэд байдаг стандарт зарчим. Үүнийг тусгаж оруулж ирсэн. Өөр нэг зүйл нь Цэцийн гишүүдийн тэтгэврийн настай холбоотой.
-Цэцийн гишүүдийн тэтгэврийн насыг 65-аар хязгаарласан. Өмнө нь ийм хязгаар байгаагүй. Гэтэл шинээр ийм хязгаар оруулж ирсэн нь ямар шалтгаан, үр дагавартай вэ?
-Төрийн албаны хуульд маш тодорхой заачихсан байдаг. Төрийн алба хаах насны дээд хязгаарыг 65 гээд заачихсан байгаа. Энэ хууль төрийн байгууллагын бүх шатанд үйлчлэх ёстой. Үндсэн хуулийн шүүх бүхий улс орнууд Үндсэн хуулийн шүүхийн шүүгчийг томилохдоо хамгийн дээд тал нь 12 жилээр томилдог. Есөн жилээр томилдог улсууд ч байна. Харин манайд хорин хэдэн жилээр томилогдоод ажиллаж байгаа. Сая Герман улс хүртэл Үндсэн хуулийн шүүхийн шүүгчээр ажиллах насыг 67 насаар хязгаарлачихлаа. Насны хязгаар бол олон улсад байдаг жишиг. Өөрсдийгөө Үндсэн хуулийн шүүх гэж хэлж байгаа бол шүүхэд байдаг наад захын стандартыг мөрдөхгүй байж болохгүй. Эрх мэдлээ авахдаа шүүх мөн гэж авчихаад дагаад гарч ирэх ил тод байдал, хариуцлага ороод ирэхээр мөрдөхгүй гэж хэлж болохгүй. Шүүх юм бол шүүх шиг л байх ёстой биз дээ.
-Үндсэн хуулийн Цэц шүүх мөн, биш гэсэн маргаан байдаг. Саяын баталсан хуулиар шүүх мөн гэж үзсэн гэсэн үг үү?
-Шүүхийн эрх мэдлийн хэмжээтэй байгаа учраас шүүгчдэд тавьдаг шаардлагуудыг тавилаа. Гэхдээ манай Үндсэн хуулийн Цэц яг ч шүүх биш л дээ. Хэрвээ шүүхэд байдаг стандартыг тавих юм бол Үндсэн хуулийн Цэцэд байгаа бүх хүн ажлаа өгнө. Хэрвээ Цэц шүүх гэж үзэх юм бол Цэцийн гишүүд бүгд шүүгчээр томилогдох болзол хангах ёстой. Гэтэл шүүгчийн болзол хангах битгий хэл хуульч биш хүн Цэцэд ажиллаж л байгаа шүү дээ. Шүүхэд мэргэжлийн хуульчид ажилладаг. Мэргэжлийн хуульч төдийгүй шүүгч хийхийн тулд маш олон шалгуурыг хангасан байхыг шаарддаг.
-Өнөөг хүртэл Үндсэн хуулийн Цэц өөрсдийнхөө хүслээр хууль бичиж батлуулдаг байсан гэж та шүүмжилж байсан. Яагаад Цэцтэй холбоотой хуулийг Цэцийнхэн өөрсдөө боловсруулдаг байсан юм бэ?
-Үндсэн хуулийн Цэцэд хууль санаачлах эрх байхгүй. Үндсэн хуульд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн болон Ерөнхийлөгч хууль санаачилна гээд маш тодорхой биччихсэн. Гэхдээ өмнөх практикаас харахад Үндсэн хуулийн Цэцийн хууль ямар байхыг ихэнхдээ Цэц шийддэг байсан. Өөрсдөдөө таапагдаагүй хуулийнхаа зүйл заалтыг иргэнээр мэдээлэл гаргуулж байгаад хүчингүй болгуулчихдаг. Энэ нь сүүлийн хэдэн жилд илүү тод харагдлаа шүү дээ. 2012 оны сонгуульд АН-ын ‘Үндсэн хуулийн Цэцийг Үндсэн хуулийн шүүх болгон хөгжүүлж, иргэний үндсэн эрхийг хамгаалдаг тогтолцоог бий болгоно гэж амласан. Уг амлалтынхаа дагуу бид Үндсэн хуулийн Цэцийн тухай болон Цэцэд маргаан хянан шийдэх ажиллагааны тухай хуулийн төслүүдийг боловсруулсан. Гэтэл энэ эрх мэдэл одоо байгаа Цэцийн удирдлагуудад таалагдаагүй. Таалагдаагүй учраас энэ хуулийг өргөн бариулахгүй гэж хоёр жил үзэлцлээ. Арга ядаад хуулийг нь томоор нь өөрчлөх биш нэмэлт, өөрчлөлт болгоод гурван хуудас төсөл өргөн барилаа. Үндсэн хуулийн Цэцийн удирдлагууд зөвхөн өөрсдөдөө таалагдцаг хуультай байх тухай л бодохоос биш иргэдэд хэрэгтэй Үндсэн хуулийн Цэцтэй байх тухай огт бодохгүй байна.
Иргэний үндсэн эрхийг Үндсэн хуулийн шүүхээр хамгаалуулдаг сонгодог систем бол Германы Үндсэн хуулийн шүүх. Бид ийм тогтолцоотой болъё гэтэл Цэц иргэний үндсэн эрхтэй холбоотой маргааныг бид шийдэх зохимжгүй гэж үзэж байна. Германы Үндсэн хуулийн шүүхийн нийт шийддэг хэргийн 96 хувь нь иргэний үндсэн эрхтэй холбоотой маргаан байдаг. Үлдсэн цөөхөн хувь хууль Үндсэн хууль зөрчсөн эсэх маргаан. Гэхдээ ийм төрлийн маргааныг парламентийн цөөнх юм уу Засгийн газраас гаргадаг. Эсвэл шүүхийн хэрэглэж байгаа хууль Үндсэн хууль зөрчиж байна гэж үзвэл Дээд шүүхээсээ асуулт тавьдаг. Манайд яаж байна вэ гэхээр Үндсэн хуулийн Цэц нь иргэний үндсэн эрхийн маргааныг авч хэлэлцэхгүй мөртлөө хууль ямар байхыг шийдэх гэдэг улс төрийн институци болоод сууж байна. Үндсэн хуулийн Цэцийн есөн гишүүн дээр нэг иргэн нэмэгдээд аравхан хүн Монгол Улсын хуулийг шийдэж байна. Гэтэл Цэцийн гишүүд ард түмнээс сонгогддоггүй, ард түмнээр өөрсдийгөө шүүн хэлэлцүүлдэггүй. Тэгсэн мөртлөө УИХ-ын хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлээд байгаа биздээ.
Өөрөөр хэлбэл, тэнд сууж байгаа хүмүүс ийм улстөрийн институци байдлаар эрх мэдлээ хэрэгжүүлэх сонирхолтой байна гэсэн үг. Тэгэхээр үүнийг ул сууриар нь ярих ёстой юм. Саяхан хуульч Д.Уянга Үндсэн хуулийн шүүхийн чиглэлээр нэлээн судалгаатай, үндэслэлтэй нийтлэл бичсэн байна лээ. Үнэхээр Үндсэн хуулийн шүүх мөн үү, биш үү. Хэрвээ шүүх мөн бол шүүх шиг шүүх байя. Биш бол шүүхийн эрх мэдлийг авахаа больё гээд. Үндсэн хуулийн Цэц дотор байгаа хэдэн хүн эрх мэдэл эдлэхдээ шүүх болчихоод хариуцлага хүлээх болохоор шүүхээс өөр зарчим яриад байна. Энэ нь тэнд сууж байгаа есөн хүнд л хэрэгтэй болохоос биш тэр системээр асуудлаа шийдүүлэх гэж байгаа иргэдэд ямар ч ач холбогдолгүй болчихоод байгаа юм. Тийм учраас энэ гажуудлыг ямар нэгэн байдлаар шийдэх ёстой биз дээ. Үүний тулд Цэцийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох ёстой.
-Цэцийн гишүүд дунд 3-4 удаа 10-20 жилээр томилогдоод ажиллаж байгаа хүмүүс ч бий. Шинэ хуулиар энэ тал дээр хязгаарлалт тавьсан уу?
-Зургаан жилээр хоёр удаа л томилогдоно. Бид Германы жишгийг харж байна л даа. Тэнд Цэцийн гишүүд нь нэг удаа арван хоёр жилээр томилогддог. Тэр хүнийг дахин томилдоггүй. Учир нь Үндсэн хуулийн шүүх гэдэг энэ байгууллагад хүнийг удаан байлгаж болдоггүй. Манайх бол хорин хэдэн жил суулгаад л байдаг. Хорь гаруй жил байгаад байна гэдэг чинь ямар нэгэн байдлаар улс төрийн нам, улс төрийн бүлэглэлтэй тохироо хийсний үндсэн дээр үлдээд байна гэсэн үг. Тэр хүмүүсийнхээ эрх ашгийн дагуу ажиллаж, үүрэг, даалгаврыг биелүүлээд байгаа хэрэг. Тийм ч учраас германчууд Үндсэн хуулийн Цэцийн гишүүдээ улс төрөөс ангид байлгахын тулд арван хоёр жилээр нэг л удаа томилдог. Дахин томилогдохгүй учраас ажиллаж байх хугацаандаа өөрийг нь томилсонэсвэл хэн нэгэнд таалагдах гэж ажиллах шаардлагагүй.
Бид нэгэнт Үндсэн хуулиа өөрчилж чадахгүйгээс хойш ямар ч байсан зургаан жилийг арай богино байна гэж үзээд 12 жил дээр тогтсон. Германд Үндсэн хуулийн шүүгчээ дахин томилохгүй гэдэг нь тэнд ажиллаж буй хүнээ өрөнд оруулахгүй л гэсэн санаа. Томилогдсон 12 жилийн хугацаандаа л мэдлэг, туршлага, итгэл үнэмшлийнхээ хувьд бүрэн бие дааж ажиллана гэсэн үг. Үндсэн хуулийн манаач, сахиулагч байхаас биш Үндсэн хуулиа зараад, өөрөө дээр нь гараад суучихаж болохгүй гэсэн зарчим.
-Манайд бол Цэцийн гишүүд Үндсэн хуулийнхаа дээр гараад суучихсан байна гэх шүүмжлэл байдаг. Үнэхээр ийм байна уу?
-Ер нь бол огт хуульгүй, хуульд захирагддаггүй мөртлөө өөрсдийнхөө эрх ашгийн төлөө Үндсэн хуулиа зараад сууж байдаг байдал үүсчихлээ. УИХ мягмар гаригт Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн өөрчлөлтийг баталсан. Аливаа хуулийг баталсны дараа эцсийн найруулгыг нь сонсож ёсчилдог. Гэтэл эцсийн найруулгыг сонсоогүй, ёсчлоогүй байхад Цэц уг хуулиар маргаан үүсгэсэн. Маргаан үүсгээд зогсохгүй “Ийм маргааныг бид ингэж шийдэх учраас наад хуулийг чинь үйлчлүүлэхгүй шүү” гэсэн бичиг УИХ руу шидээд сууж байна. Тэгэхээр Цэцэд нөгөө төвийг сахих зарчим алга. Төвийг сахих гэдэг нь шүүх шийдэх гэж байгаа маргааныхаа урьдчилсан дүгнэлт хийж болдоггүй. Гэтэл зөвхөн үүгээр л Үндсэн хуулийн Цэц шүүх биш, улс төрийн институци болсон гэдгээ дахин нотоллоо.
Шийдвэрээ аль хэдийнэ урьдчилаад гаргачихаж байна. Маргаан үүсгээд дунд суудал нь хуралдаагүй байхад “Бид ингэж шийднэ" гэсэн байр сууриа ил тод хэлж байна гэдэг бол Цэц үндсэндзэ огтоос шүүх биш, хоёр дахь хууль тогтоогч болсон байна. Цэцэд ямар ч шүүхийн болоод хуульчийн ёсзүйн хэлтэрхий ч байхгүй хүмүүс ажиллаж байна гэдэг нь харагдаж байгаа юм.
-Төвийг сахих гэдэг зарчим жишээ нь өмнөх хууль огт байгаагүй юм уу. Эсвэл илүү нарийвчилсан уу?
-Үндсэн хуулийн Цэцийн тухай хуульд өмнө нь ийм заалт байсан. Үндсэн хуулийн Цэцээр шийдвэрлэх гэж байгаа маргааны урьдчилсан дүгнэлтийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр, өөр ямар нэгэн байдлаар гаргаж болохгүй гэж. Жишээ нь шүүгч шийдэх гэж байгаа маргаантай холбоотой асуудлаар сонирхлын зөрчил үүсгэх юм уу аль нэг талд орж урьдчилсан байдлаар дүгнэлт хийх юм бол тэр шүүгчийг тухайн маргаанаас холдуулдаг. Ийм алдаа гаргасны төлөө хариуцлага тооцож эхэлдэг.
Тэгэхээр Үндсэн хуулийн Цэц шүүх мөн юм бол маргалдаж байгаа талуудын аль нэгд орж болохгүй. Маргааны талаар хувийн байр сууриа урьдчилан илэрхийлж болохгүй. Би ингэж шийдэж байна гэдгээ хуралдаан хийхээс өмнө мэдээлж болохгүй. Сая баталсан хуулийн өөрчлөлтөөр энэ шаардлагыг илүү тодорхой болгож оруулсан. Тэгж байж шүүх болно. Хэрэв шүүгч өөрийн байр сууриа урьдчилан илэрхийлбэл маргаж буй хоёр талын шударга ёс алдагддаг. Шүүгч нэг талд байгаа бол шийдвэр яаж гарах нь ойлгомжтой учраас маргах ямар ч утгагүй болчихно. Ийм байдал гаргуулахгүйн тулд төвийг сахих гэдэг зарчмыг оруулж ирсэн.
-УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүдийг огцруулах асуудлыг өргөн барих эрхгүй гэсэн Үндсэн хуулийн шийдвэр гарсан. УИХ-ү ын гишүүдийн эрхэнд халдсан хэрэг биш үү?
-Үндсэн хууль дээр маш тодорхой заасан байдаг. УИХ- ын бүрэн эрх дотор огцруулах, чөлөөлөх, өөрчлөх эрхтэй гэж байдаг. Харамсалтай нь Үндсэн хуулийн Цэцийн дарга “Lexus-570” машин унахын тулд Монгол Улсын Үндсэн хуулийг зүгээр л худалдчихлаа. Үүнийг Ц.Нямдорж гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг тогтоочихсон. Тэгэхээр бидэнд маш том эргэлзээ үүсч байна. Эрх ямбаныхаа төлөө Үндсэн хуулиа худалдчихдаг Үндсэн хуулийн манаачтай байж болох уу. Энэ тухай асуудалд нь хариуцлага тооцох уу, үгүй юу гэдэг асуудал яригдах биз.
-Цэцийн тухай болон Цэцэд маргаан хянан шийдвэрлэх хуулийг бүхэлд нь өөрчилнө гэсэн яриа бас байна. Энэ тухай?
-Ерөнхийлөгчийн зүгээс Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийг өргөн барьсан байгаа. Уг хуулийг хэлэлцэх явцад нэлээн олон асуудлыг нэг мөр шийдэх байх.
-Сая баталсан нэмэлт, өөрчлөлт оруулах хуулиас гадна хуулийн төсөл юм уу?
-Тусдаа хуулийн төсөл гэсэн үг. Намайг Хууль зүйн сайд байхад Засгийн газраас хуулиудын төсөл боловсруулсан. Тэр хуулийн төслүүдийг өргөн бариулахгүй байх талаар Цэц байдаг чадлаараа хичээж, зүтгэж ажилласан. Тэдгээр хуулийн төсөл дээр суусан маш олон эрдэмтэн, судлаач, мэргэжлийн хүмүүс гайхаж байгаа шүү дээ. Яагаад одоо болтол хуулийн төслийг яагаад өргөн барихгүй байна вэ гэж. Цэц яагаад зөвхөн өөрсдийнхөө эрх ямбыг дээшлүүлэх зорилготой хуулийг дэмждэг мөртлөө эрх мэдэл, чиг үүрэг нь тодорхой болоод хүний эрхийн баталгаа болдог тал руу явуулах гэхээр эсэргүүцээд байна вэ гэж гайхаж байгаа. Гэтэл иргэний үндсэн эрхийг хамгаалахтай холбоотой асуудпыг Б.Чимэд гуай амьд сэрүүн байхдаа “Монгол Улсад хүний эрхийг хэрэгжүүлэх хөтөлбөр” дотор тусгайлан зүйл, заалт болгоод оруулж байсан. 15 жилийн өмнөөс зорьчихсон байсан зорилт. Үүнд садаа болж байсан эзэд нь цэцийнхэн.
-Цэцийнхэн өөрсдөд нь таалагдаагүй хууль батлахаар хэн нэг иргэнээр гомдол гаргуулаад унагачихдаг гэдэг. Үнэхээр тийм үү?
-Үндсэн хуулийн Цэцэд байгаа есөн хүн есүүлээ биш л дээ. Цэцийг удирдаж байгаа хүний ааш аягаас болоод Цэц ийм дампуу байдал руу орох хүртлээ үйл ажиллагаа нь гажаад байна. Тодорхой нэр бүхий хүмүүсийн, тодорхой улс төрийн хүчний, тодорхой хуулийн байгууллагын захиалгаар дүгнэлт гаргадаг болоод хувирчихлаа. Тэр дүгнэлтээ хэрэгжүүлэхийн тулд урьдчилсан байдлаар байр сууриа байнга илэрхийлдэг болсон байна. Цэцийн хуралдаанд хуралд оролцогч болон нэр бүхий гишүүд ил тодоор энэ тухайгаа ярьдаг болчихсон. Ил тодоор ярьсан зүйлийг авъя, хуралдааны тэмдэглэлээ өг гэхээр нууц гээд өгдөггүй. Энэ байдлыг хуулиар засах ёстой учраас хууль тогтоомжийг боловсронгуй болгох хэрэгтэй.
-Цэцийн хуралдааны тэмдэглэлийг ил байлгах нь зөв үү. Ер нь Цэц аль нэг улс төрийн хүчин, байгууллагаас хараат ажиллаад байна уу?
-Одоо үйлчилж байгаа Үндсэн хуулийн Цэцийн хууль дээр ч гэсэн Цэцийн үйл ажиллагаа ил тод байна гэсэн заалттай. Гэхдээ хуулийн заалт байсан ч гэлээ ил тод биш ажиллаж болдог практик байгаад байна. Тэгэхээр илүү нарийвчлан хуульчилж өгөхөөс өөр аргагүй. Би түрүүн дурдсан. Үндсэн хуулийн Цэц бие даасан, хараат бусаар ажиллахын тулд дахин томилохгүй, улстөрчидтэй дахин уулзахгүй байх баталгааг бүрдүүлдэг. Гэтэл манайд хорин хэдэн жилийн турш дахин дахин томилогдоод байна гэдэг маань улстөрчидтэй өөрийнхөө эрх мэдэл, албан тушаалыг тохирч чадаж байна гэдгийг л харуулж буй хэрэг. Тийм учраас өнөөдөр байгаа Цэцийн ажиллаж буй арга барил нь хаалттай байна. Хаалттай учраас улс төрийн бохир, захиалгатай шийдвэрүүдийг яаж л бол яаж гаргаж чадах орчин бүрдчихээд байна.
Тийм учраас л Цэцийн үйл ажиллагааг ил тод болгох ёстой. Тэр хүн нь муу, сайн эсвэл Цэцийн гишүүнийг солих солихгүй тухай ярихаасаа өмнө үйл ажиллагааг нь ил болгоод нээрээ юу болоод байна вэ гэдгийг харуулах хэрэгтэй. Энэ бол нэгдүгээр зорилго. Хоёрдугаар зорилго нь алдаа гаргаж байгаа бол хариуцлага тооцож сурах ёстой. Цэцийн гишүүдийг хариуцлагатай байлгаххэрэгтэй. Цэцийггэмт хэрэгтнүүд ороод орогнодог газар болгож болохгүй. Хамгийн том аюултай зүйл бол тэр.
-Тэгэхээр хуулиа бүхэлд нь өөрчилж байж Цэц зөв голдрилоо ажиллаж эхэлнэ гэсэн үг үү?
-Саяын өөрчлөлтеөр зах зух нь эхэлчихлээ. Дараа нь Үндсэн хуулийн Цэцийг илүү зөв голдрилоор ажиллуулъя гэвэл хуулийг бүхэлд нь өөрчлөхөөс өөр арга байхгүй.
-УИХ-ын даргад Цэцийн тухай хуулийн өөрчлөлтөөр Цэц дээр маргаан үүсгэсэн тухай мэдэгдэл ирсэн байсан. Түүнд нь “...Үндсэн хууль зөрчсөн асуудлаар маргаан үүсгэн шалгаж байгаа хуулийг хэрэглэж ямар нэгэн шийдвэр гаргах, үйл ажиллагаа явуулахгүй байхыг Танд үүгээр мэдэгдэж байна...” гэсэн байна лээ. Цэц ингэж болох уу?
-Уг нь бол дунд суудал хуралдаад тэндээс гарсан шийдвэрээр Үндсэн хууль зөрчсөн байна гэж үзвэл хуулийн үйлчлэлийг зогсоодог. Гэтэл дунд суудлын хуралдаан болоогүй, хууль нь албажаагүй байхад маргаан үүсгэнэ гэдэг их л яарч байгаагийн шинж. Эсвэл улаан цагаандаа гарч байгаа гэсэн үг. Сандал дээрээ л үлдэж байвал хууль зөрчих эсэх нь хамаа алга гэж бодож байгаагийн илрэл. Албажаагүй хууль дээр маргаан үүсгээд, маргаанаа шийдэх тухай хурал нь болоогүй байхад “Наад хууль чинь угаасаа Үндсэн хууль зөрчсөн учраас наад хуулиа одоо хэрэглэж болохгүй’ гэсэн заавар өгч байна гэдэг бол үнэхээр завхарсан байгаагийн шинж.
Дээрээс нь маргааныг урьдчилан хянаж байгаа Цэцийн гишүүн УИХ-д бичиг явуулдаг. Гэтэл одоо Цэцийн дарга нь өөрөө маргаан шийдвэрлэхээс өмнө байр сууриа илэрхийлсэн бичиг явуулж байна. Энэ үйлдэл нь өөрөө Цэц хууль зөрчиж байгааг нотолсон баримт. Иргэн шүүхээр гэмт хэрэг хийсэн үгүйгээ шийдүүлэх гэж байхад шүүгч нь “Наад хүн чинь угаасаа гэмт хэрэг хийсэн. Би цаазлах гэж байгаа” гэж яриад явбал тухайн хүнд шүүхээр асуудлаа шийдүүлэх сонирхол төрөх үү. Угаасаа тэр шүүх чинь шүүх биш болчихсон гэсэн үг. Үүнтэй л адил. Үндсэн хуулийн Цэц гэдэг бол шүүх биш байна гэдгийг өөрсдөө нотлоод байгаа юм.Хэрвээ Үндсэн хуулийн Цэц шүүх биш юм бол яах ёстой вэ гэдгийг бодох ёстой. Цэц өөрөө Монгол Улсын хамгийн хаалттай, хамгийн хариуцлагагүй, хамгийн асуудалтай газар болоод хувирчихлаа.
Тодруулбал, Цэцэд байгаа нэр бүхий хэдэн гишүүд. Тэр хүмүүс сандал, ширээтэйгээ үлдэхийн тулд юуг ч зарж, юугаар ч сольж Үндсэн хуулийг нулимдаг гэдгээ харуулж байна. Яахав, өнөөдөр тэр хүмүүс сохорсон мэт харалган, муйхар байж болно. Тодорхой хугацааны дараа энэ хүмүүсийн хийж буй үйлдэл судлаачдын маш сайн материал болно. Судалж байгаа хүмүүс энэ хүмүүсийн ёс зүй, ааш авираас ичнэ. Арай ч ийм хуульчид байх гэж дээ хэмээн бодно. Хуулийн шударга үнэн, ил тод зөв орчин гэж байдаг бол тэр бүхнийг манлайлах ёстой институци нь өөрөө хувьчлагдаад, цөөн хүмүүсийн хувийн компани шиг болчихож. Ганц хүнтэй хувийн компани дотор л ийм байдаг байх. Хувьцаат компани ч ийм байхгүй. Энэ бол хуулийн байгууллагыг яаж дампууруулж байгаагийн тод жишээ.
-Ер нь Үндсэн хуулийн Цэц яагаад ил тод ажиллах ёстой вэ?
-Шүүхийн үйл ажиллагаа ил тод байдаг. Ганцхан зүйлийг хаадаг. Төрийн болон хувийн нууцтай холбоотой асуудал хөндвөл хаана. Хоёрдугаарт нь, хүнд ял өгдөг учраас шүүгчийн зөвлөлдөх тасалгаа нууц байдаг. Гэтэл Үндсэн хуулийн шүүх хүнд ял өгдөггүй. Тодорхой хувийн асуудлыг шийддэггүй. Шийдэл нь гадагшаа чиглэсэн маш олон хүний асуудлыг хөнддөг учраас ил тод байх ёстой. Гэтэл манай Цэц бүх зүйлийг нууцлах боломжтой хаалттай орчин болгон хувиргасан. хаалттай орчин дотор хамгийн увайгүй зүйлээ хийж болдог болчихоод байна. Аймшигтай гэж хэлж болохоор болчихлоо.