Төрийн албан хаагчдын эхнэр нөхрийг өршөөлд хамруулахыг дэмжихгүй
Энэ долоо хоногт Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт, түүнийг бүртгэх, хянах, хадгалах журамд өөрчлөлт оруулах эсэх асуудлыг хэлэлцэнэ. Үүнтэй холбоотойгоор МАН-ын бүлгээс байр сууриа илэрхийллээ.
Энэ нь хөрөнгө орлогоо мэдүүлдэг 30 гаруй мянган төрийн албан хаагчдын эхнэр, нөхрийг эдийн засгийн өршөөлийн хуульд хамруулах агуулгатай өөрчлөлт бөгөөд үүнийг дэмжихгүй гэж бүлгийн дарга С.Бямбацогт хэллээ. Тэрээр "Эдийн засгийн өршөөлийн хууль дөрвөн удаа УИХ-д орж ирсэн. МАН-ын бүлгийн гишүүдийн шаардлагаар хөрөнгө орлогоо мэдүүлдэг 30 мянга гаруй төрийн албан хаагчдад эдийн засгийн өршөөл үйлчлэхгүй байхаар болсон. Гэтэл тэдний эхнэр, нөхрийг энэ хуульд хамруулахаар өөрчлөлт оруулах гэж байна. Энэ өөрчлөлтөөр 30 гаруй мянган төрийн албан хаагчид нуун дарагдуулсан хөрөнгөө гэр бүлийн хүндээ шилжүүлэх боломж гарч ирэх нь. Энэ өршөөлд хамрагдъя гэвэл төрийн албанаас татгалзах ёстой бид үзэж байсан. Тиймээс энэ хуульд өөрчлөлт оруулах гэж байгааг дэмжихгүй" гэлээ.