Бидэнд долоон тэрбум хүнд оюуны бүтээлээ худалдах боломж бий
БСШУ-ны сайдын санаачлагаар өнгөрсөн оны есдүгээр сард зарлагдсан "Монгол дуу-дэлхийд" анхдугаар уралдааны талаар сайд Л.Гантөмөр, уралдааны зохион байгуулагч Б.Долгион болон холбогдох хүмүүс өнөөдөр мэдээлэл хийлээ.
Л.Гантөмөр хэлэхдээ "Бид эдийн засгийн хүнд нөхцөл байдалтай байна. Харин энэ хямралыг даван туулахын тулд эдийн засгаа олон талт болгох шаардлагатай.
Үүний дотроос бид "Соёлын үйлдвэрлэл" хийх боломж байна. Яагаад гэвэл дуучин, яруу найрагч, дэмждэг байгууллагууд нь бүгд байна.
Бид бэлэн болсон дэд бүтцээ ганц Монголын зах зээл дээр биш Дэлхийн зах зээл дээр гаргах хэрэгтэй.
Тус "Соёлын бүтээлч үйлдвэрлэл"-д гагцхүү дуу биш, сонгодог урлаг, кино, уран зохиол гээд бүгд багтсан байгаа.
Бидэнд ДОЛООН ТЭРБУМ хүнд оюуны бүтээлээ худалдах боломж бий
Тус уралдаан маань ганц дууны уралдаан биш бөгөөд Монгол шүлгийг хэрхэн Англи хэлэнд хөрвүүлэх вэ, гадаад хүнд ямар сонсогдох вэ гэх мэт олон тал дээр ажиллаж байна.
Хятадад намайг очиход хүмүүс "Ээжийн чанасан цай" дууг дуулж байсан. Их олон хүмүүс сонсох дуртай гэж байсан. Тэгээд би энэ дууны үг, ая нь Хятадын зах зээл дээр хангалттай борлогдох боломжтой байгааг харсан.
Манай анхдугаар уралдаан бол Англи хэл дээр зохион байгуулагдаж байна. Бид цаашид Япон, Оросын зах зээлийг харж, судлах болно" гэв.
"МОНГОЛ ДУУ-ДЭЛХИЙД" АНХДУГААР УРАЛДААНЫ ШАЛГУУР, ШАГНАЛ
2015 оны есдүгээр сард тус уралдаан зарлагдсан бөгөөд нийт 100 гаруй оролцогч дууны орчуулгын гүйцэтгэл болон дуулсан дуугаа зохион байгуулах комисст ирүүлсэн.
Эдгээр оролцогчдоос сүүлийн шатанд өрсөлдөх 10 хүнийг шалгаруулсанаас оролцогч С.Гантогоо нь БНСУ-аас оролцож байгаа.
Мөн "Шилдэг 10 дууг сонгоё" гэсэн санал асуулгыг цахимаар зохион байгуулж, хамгийн олон санал авсан дуунуудыг сонгосон.
Уралдааны сүүлийн шатанд шалгарсан 10 оролцогч нь 4 шаталбараар өрсөлдөх бөгөөд, хасагдахгүй журамтай. Эцсийн шат нь Гала-концерт хэлбэрээр явагдах болно.
Уралдаанаас гарсан шилдэг дуунуудаас бүрдсэн CD хэвлэгдэх бөгөөд шалгарсан шилдэг дууг олон улсын хөгжмийн зах зээлд гаргах тал дээр ажиллах болно.
Шат болгонд гадаадын зочин оролцогчид (Филиппин, АНУ гэх мэт) монгол дууг англиар дуулах юм.
Шүүгч: МУ-ын гавьяат жүжигчин Б.Дашдондог, СТА Б.Ангирмаа, Дипломат элч дуучин, продюсер К.Номинжин
Уралдааны шагнал:
- Гран при-1 /5,000,000 төгрөг, клип хийлгэх эрх/
- 2-р байр-1 /4,000,000 төгрөг/
- 3-р байр-1 /3,000,000 төгрөг/
- Шилдэг 7 дуучин /1,000,000 төгрөг/
- Шилдэг продюсер-1 /1,500,000 төгрөг/
- Шилдэг орчуулагч-1 /1,500,000 төгрөг/
Тус уралдааныг энэ сарын 29-ний өдрөөс эхлэн 25-р суваг, UBS music, Star TV, VTV, Royal ТВ, 11 channel, "World", SCH, Парламент зэрэг сувгуудаар нэгэн зэрэг цацах болно.