Манай бүлэг яаралтай шийдэх ганц, хоёр асуудлаа хэлэлцэхээр ярилцсан
УИХ-ын гишүүн С.Одонтуяа
2016.02.18

Манай бүлэг яаралтай шийдэх ганц, хоёр асуудлаа хэлэлцэхээр ярилцсан

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн С.Одонтуяагаас дараахь тодруулгыг авлаа.

-МАН-ын бүлэг болон Шийдлийн Засгийн газрыг хамтран байгуулсан Шударга ёс эвслийн гишүүд орохгүй байгаагаас ээлжит бус чуулганы ирц хүрэхгүй байгаа. Засаглалын хямралыг зохиомлоор бий болгоод байна гэлцэж байна. Та үүн дээр юу хэлэх вэ?

-Ер нь бол энэ саад тотгор учруулж байгаа зохиомол асуудал мөн л дөө. Яагаад гэхээр маш хүнд хүнд асуудлууд шийдлээ хүлээгээд байж байхад гацааж байна шүү дээ. Ээлжит бус чуулганаар чухал хуулиуд хэлэлцэх ёстой байгаа. Тухайлбал, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль байна. Энэ хуулийн ажлын хэсэг бүх аж ахуйн нэгж, байгууллага, компаниудаас санал авсан. Тэр саналууд нь бүгд тусч өргөн баригдаж байгаа. Сүүлийн үед бид өмнө нь голдуу сайн хэлэлцүүлгээ хийгээд оруулж ирж байгаа шүү дээ.

Мөн Хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын тухай хууль, Хөгжлийн бэрхшээлтэй иргэн эрхээ хамгаалах тухай хууль гээд саяын бүх батлагдсан хуулийн редакцийг сонсох ёстой. Энэ ажлууд хүлээгдээд байна. Бид маргааш (өнөөдөр) 09:00 цагаас чуулган нээхээр зарласан байгаа. Дахиад л асуудлаа ярих гээд үзнэ. Үндсэн хуулийн Цэцийн асуудал байгаа, хуулиудын редакц сонсох хэрэгтэй байна.

-МАН-ын бүлгээс ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлыг хэтэрхий олон байна гээд байгаа. Энэ талаар танай бүлэг ямар байр суурьтай байгаа бол?

-Улсын Их Хурлын даргын зөвлөлийн хурал өнгөрсөн долоо хоногт хуралдаад 24 асуудал оруулахаар тохирсон. Энэ бол бусад жирийн чуулгануудад ордог шиг том асуудлууд биш л дээ. Голдуу соёрхон батлах, эцсийн хэлэлцүүлэг хийх юм. Мөн өмнө нь байнгын хороогоор олон жил хэлэлцэгдээд бүх саналын томьёоллууд суучихсан ийм хуулиуд юм. Цаг хугацааны хувьд бид нэг л эхлэх юм бол арав хоногийн дотор багтана. Гэхдээ манай бүлгийн гишүүд ч гэсэн ээлжит бус чуулганаар хэтэрхий олон асуудлыг хэлэлцэх нь зохимжгүй. Тоймтой яаралтай шийдэх нэгээс хоёр асуудлыг хэлэлцье гэж байгаа.

-Ямар асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй гэж үзсэн бэ?

-Манай бүлгийн гишүүд Үндсэн хуулийн Цэцийн асуудлыг ямар ч гэсэн оруулъя гэж байгаа. Бусад хуулиудаа бол яаран оруулах нь хэрэггүй байх гэсэн санал гаргасан. МАН-ын бүлэг, Эвслийн бүлэг ч гэсэн ер нь ээлжит бус чуулганаар хэт их олон асуудал оруулж ирж байна гэж шүүмжилж байгааг манай бүлэг ч хүлээж авч байх шиг байна.

-Чуулганы ирц дахиад хүрэхгүй бол яах вэ. Бусад намуудтайгаа тохиролцсон уу?

-Намын, бүлгүүдийн дарга нар хэд хоног ярилцаж байна. Улс төрийн нөхцөл байдал амаргүй байна.

-Ам.долларын ханш 2000 төгрөг давчихлаа. Ийм хэцүү үед төрийн ажил зогсох нь зохимжгүй харагдаж байгаа. Хамтраад тохиролцоод хийгээд явчих хэрэгтэй юм биш үү?

-Ер нь бол бид ялангуяа татвартай холбоотой чухал хуулиудаа батлах шаардлагатай байгаа. Эдийн засгийн ийм нөхцөл байдалтай үед нэг хоног ч гэсэн алдмааргүй байна. Төлөвлөсөн ажлуудаа хурдан л хиймээр байна.