Шадар сайдад нэр дэвшигчийн талаар АТГ-ын дүгнэлтийг хүлээж байна
2016.02.17

Шадар сайдад нэр дэвшигчийн талаар АТГ-ын дүгнэлтийг хүлээж байна

Эрүүл мэнд спортын сайдын суудал гурван сарын турш эзэнгүй байна. Түүнийг Шадар сайд Ц.Оюунбаатар түр орлон гүйцэтгэж байгаа. Харин түүнийг жинхэлж оронд нь шадар сайдаар Н.Энхбаярыг нэр дэвшүүлсэн боловч Ерөнхий сайд хариу өгөхгүй байгаа нь асуудал үүсгээд байна. Намрын чуулган өндөрлөх үеэр шийдэгдээгүй үлдсэн  сайдын гол томилгоог ээлжит бус чуулганаар амжуулах байх гэсэн хардлага байгаа. Гэвч ээлжит бус чуулган нээлтээ ч хийж амжилгүй гацаанд ороод байгаа нь МАН болон МАХН  ирцээ бүрдүүлэхгүй шантааж хийж байгаатай холбоотой гэж АН хэлж байна.

УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар: Ер нь бол нэгэнт хамтарсан бол олонхийн шийдвэрийг дагана. Ямар нэгэн байдлаар тулгалт хийгээд саад хийгээд байвал хол явахгүй. Ардчилсан намын бүлэг Ерөнхий сайдад чиглэл өгч асуудлаа шийд гэсэн санал хэлсэн. Одоогоор хамтрагчтайгаа ярьж байна. Гэхдээ Шударга ёс бүлэг бүрэн ажиллах боломжгүй байгаа нь харагдаж байна. Хамтарсан эвсэл байгуулсан намууд нь өөрсдийн бодлоор ажиллаж байгаа нь илэрхий харагдаж байна. Тиймээс бид намуудтай ярих шаардлага байна. Ээлжит бус чуулганд Шударга ёс бүлэг орж ирээгүй шалтгаан нь шадар сайдын асуудлыг холбосон. Шадар сайдад Н.Энхбаярыг дэмжих бол өөр асуудал. Намын гишүүд аль аль талтай  л байна. Заавал энэ хүн шадар сайд байх албатай юу гэдэгт л асуудал байна. МАН Шадар сайдад Н.Энхбаярыг дэмжинэ гэж мэдэгдсэн энэ бол улстөрийн оноо авах гэсэн л оролдлого. Зөвхөн хувийн тоглолт.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Олонх болсон бол эрхээ эдэлдэгтэй холбоотой үүргээ биелүүл. Ачаагаа үүрч хариуцлагаа хүлээ. Олонх ирцээ бүрдүүлбэл бид хуралдаа оролцох боломжтой. МАН-ын 22 гишүүн бэлэн байгаа.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Гуйвуулах хэрэггүй. Бид ээлжит бус чуулган дээр энэ асуудлыг хөндөнө гэж ойлгож байсан. Ээлжит бус чуулган эхлээд томилгоогоо хурдлах хэрэгтэй, хууль хэтэрлээ. Биднээс хамаараад байгаа биш. Цэвэр ерөнхий сайдаас хамаарч байгаа. Биднээс асуусан бид хариулсан. Ерөнхий сайд өөр санал тавьж гэж нэг хүсэлт ирүүлээгүй. Тиймээс бид гаргасан шийдвэрээр эргэж харах боломжгүй. Ерөнхий сайд л төрийн гол гацааг хийж байна. 11-р сараас 2-р сарыг хүртэл шийдэхгүй байгаа нь Ерөнхий сайдын буруу. Тэр эрх зөвхөн ерөнхий сайдад байгаа. Таалагдахгүй бол хурдан өөрчлөөд өөр хүнийг санал болго гэж хэлэх хэрэгтэй.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...