Ёс зүйгүй хүн ажиллах ёсгүй
Төв аймгийн Баянчандмань суманд гарсан хүчингийн хэрэг нэг хэсэг олны анхаарлыг нэлээд татсан. Энэ хэргээс болж тус сумын ЗДТГ-ын даргаар Г.Ариунболдыг ажлаас нь түр чөлөөлөөд байсан ч саяхан эргүүлэн томиллоо. Энэ томилгоог УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Ц.Оюунгэрэл нар эсэргүүцэж байгаагаа илэрхийлээд зогсохгүй Төрийн албаных зөвлөлд хандаад байгаа юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгээс тодрууллаа.
-Ц.Оюунгэрэл гишүүн та хоёр Г.Ариунболдын томилгоог нэлээд эсэргүүцэж байна. Үүний шалтгаан нь юу вэ?
-Гэмт хэрэг гарснаас хойш Ц.Оюунгэрэл гишүүн бид хоёр анхаарал хандуулсаар ирсэн. Хохирогч эмэгтэй тун удахгүй дараагийн хагалгаандаа орно. Ийм ноцтой хэрэг болчихсон байхад гэмт хэрэг үйлдсэн хүнээс гадна гэмт хэрэгтэнд тухайн эмэгтэйг аваачиж өгсөн хүн бол Эрүүгийн хуулиар хамтрагч, хамжигч гэдгээр ял сонсох ёстой. Гэтэл өнөөдөр төрийн албанд ажиллаад явж байгаа нь эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөж байгаагийн илрэл юм. Яг энэ асуудлыг эсэргүүцсэн байр сууриа илэрхийлснээс хойш Г.Ариунболдын өмгөөлөгч надтай утсаар ярьсан. Намайг “Залруулга өгч, уучлалт гуй” гэсэн. Би “Үгүй” гэсэн.
-Шүүхэд хандах болсон үндэслэл нь юу юм бол. Танд хэлсэн үү?
-Гүтгэж байна гэсэн л дээ. Гэмт хэрэгтэн гэдэг нь тогтоогдоогүй байхад манай үйлчлүүлэгчийг гүтгэсэн учраас Ц.Оюунгэрэл бид хоёрт хариуцлага ноогдуулах ёстой гэсэн.
-Та хоёр төрийн албаны зөвлөлд хандана гэсэн байсан. Тэр асуудал юу болсон бэ?
-Бид хоёр Төрийн албаны зөвлөлд албан бичиг бичээд хүргүүлчихсэн. Ийм ёс зүйгүй хүнийг төрийн ажил хийлгээд байж болохгүй. Яаралтай ажлаас нь хал гэсэн утга бүхий албан бичиг хүргүүлсэн.
-Хэзээ хариу нь ирэх вэ?
-Сайн мэдэхгүй байна.