Эрүүгийн хууль хөрөнгөтэй улсын "халамжийн хууль" болсон
УИХ-ын гишүүн С.Даваасүрэн
2015.12.07

Эрүүгийн хууль хөрөнгөтэй улсын "халамжийн хууль" болсон

УИХ дахь бие даагчдын зөвлөл нэгдсэн чуулганаар энэ долоо хоногт хэлэлцэх хуулиуд болон бусад асуудлаар мэдээлэл хийлээ.

Бие даагчдын зүгээс Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 15 дугаар дүгнэлт болон Онцгой албан татварын хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн асуудлаар байр сууриа илэрхийлсэн юм. 

Ингээд  мэдээллийн үеэр УИХ-ын гишүүн С.Даваасүрэнгээс авсан товч тодруулгыг хүргэж байна. 

- Онцгой албан татварын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг бие даагчдын зөвлөлөөс эсэргүүцэж байгаа. Татварыг хэрхэн бууруулахаар хуульд тусгагдсан бэ? 

Онцгой албан татварын хуулийг засгийн газраас яаралтай хэлэлцүүлэхээр оруулж ирүүлсэн. Хуулийн өөрчлөлтөөр архины онцгой албан татварыг нэг литр тутамд 2900 төгрөг байхаар тусгагдсан. Одоогийн мөрдөгдөж байгаа хуулиар энэ төрлийн татвар 7250 төгрөг байгаа. Шинэ хуулиар татварыг бараг 2.5 дахин бууруулах гэж байна. Архи тамхи импорлогчид, үйлдвэрлэгчид нэг ам.долларыг 1450 төгрөгөөр тооцон, татвар төлж байгаа. Гэтэл гаднаас бусад төрлийн бараа импорлогчид өнөөгийн долларын ханшаар татвараа төлж байх жишээтэй. Ийм давуу эрх эдэлж байж, одоо татвараа дахин буулгахаар засгийн газрыг лоббидож эхэллээ. Засгийын газар ямар чадамжгүй, бусдын эрхшээлд ажиллаж буйн тод жишээ энэ. 

Өнгөрсөн долоо хоногт батлагдсан Эрүү болон зөрчлийн хуулийн талаар бие даагчид ямар байр суурьтай байгаа бэ? 

- Эрүүгийн хуулийн үндсэн филисофи алдагдчихлаа гэж зарим хүн дуугарч байгаа. Энэ нь ч үнэн. Шинэ эрүүгийн хуулиар лиценз дээр эрүү үүсгэдэг болсон бөгөөд компанийн эрхийг харьцангуй дөвийлгөж өгсөн. Хүнийг онц ноцтойгоор гүтгэх хэлбэрийг эрүүгийн хуулиас хасаж, 2.5 сая төгрөгөөр торгохоор болж байна. Гүтгэх зүйл анги зөрчил рүү орсон. Энэ нь эргээд улстөрийн нөлөө бүхий эзэнтэй хүмүүс сэтгүүлчдээр хүссэн хүнээ гүтгүүлэх, шар хэвлэл цэцэглэх  орон зай үүсэж байна гэсэн үг. Эрүүгийн хууль үндсэндээ хөрөнгөтэй улсын халамжийн хууль болсон. 

- Сонгуулийн үеэр гүтгэх зүйл анги Эрүүгийн хуульд орохоор тусгагдсан уу? 

- Тийм ээ. Зөвхөн сонгуулийн үеэр онц ноцтойгоор хүн гүтгэсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудал яригдана. Бусад үед зөрчлөөр асуудал шийдэгдээд явна гэсэн үг. Түүнээс гадна садар самуун, зэвсгийн хөнгөн төрлийн худалдааг зөрчил рүү оруулсан. Ингэснээр буу сумны наймаа бол цэцэглэн хөгжинө. 

- Хөдөлмөрийн хуулийн шинэчлилсэн найруулгын асуудал анхаарал татаж байгаа? 

- Бие даагчдын зөвлөлөөс С.Ганбаатар гишүүний санаачлагаар 27 зүйл заалтаар Хөдөлмөрийн хуулийн шинэчлилсэн найруулгад өөрчлөлт оруулах асуудалд санал хүргүүлсэн. Эндээс найман асуудал дэмжигдээгүй. Бас ч гэж сайн саналуудаа тусгуулж чадсан. Гэхдээ хасагдсан найман асуудал дотор хоёр ноцтой заалт орсон байгаа. Үүнийг бид ажил хэрэг болгон, энэ долоо хоногт ярих болно. 

Гацууртын ордын асуудал дахин сөхөгдөх нь? 

- Гацууртын орд дээр бид өмнөх байр сууриа хадгалана.  Улстөрчид нэг их амархан юм яриад байгаа.Уулын орой дээрх алтыг нь ухаад авчихна, энгэр бэлд нь байгаа булш бунханд халдахгүй гэж. Тэгээд зориудаар нинжа оруулж, зохион байгуулалттай худалдах, гадныханд өгөх ажлууд хийгдсээр байна. Бид ч үүнийг тууштай эсэргүүцнэ. Энгийнээр тайлбарлах юм бол бид гацууртаас их мөнгө хожихгүй. Гацууртаас нийт 2 тэрбум ам.долларын алт олно. Үүнээс Монгол улс ердөө 200 сая ам.доллар л татварааар авна. Гэтэл тэнд аялал жуулчлал хөгжүүлбэл урт хугацаандаа үүнээс ч илүү мөнгө Монгол Улсад орж ирэх боломжтой. Үүнийг улстөрчид харж чадах уу гэвэл чадна. Хамгийн гол нь гадныханд худалдагдаад өөр байр суурь илэрхийлж байгаа. 

- Ярилцсанд баярлалаа.