“Жендерийн мэдрэмжтэй төсөвлөлт"-ийг удирдлагын академийн хөтөлбөрт орууллаа
“Жендерийн мэдрэмжтэй төсөвлөлт"-ийг удирдлагын академийн хөтөлбөрт орууллаа
2015.12.04

“Жендерийн мэдрэмжтэй төсөвлөлт"-ийг удирдлагын академийн хөтөлбөрт орууллаа

“Жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлт” сэдвийг тусгасан Удирдлагын Академийн батлагдсан 9 хичээлийн хөтөлбөр болон шинэчлэн боловсруулсан сургалтын модулийг танилцуулах уулзалтыг 11 дүгээр сарын 4-ний өдөр зохион байгууллаа. Уулзалтад ХАХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Нарангэрэл, Удирдлагын академийн сургалт эрхэлсэн дэд захирал Ш.Батсүх, НҮБ-ын Хүн амын сангийн Жендэрийн хөтөлбөр хариуцсан ажилтан Б.Оюун нар оролцож, “Жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлт”-ийг нэвтрүүлэхийн ач холбогдлыг онцоллоо.

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай Монгол улсын хуулиар Жендэрийн Мэдрэмжтэй Төсөвлөлтийн арга зүйг бүх түвшинд нэвтрүүлэхийг Засгийн газрын бүрэн эрхийн хүрээнд үүрэгжүүлсэн. Мөн Бээжингийн Үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “Жендэрийн агуулга, үзэл санааг төсвийн шийдвэртэй уялдуулах, хүйсийн тэгш байдлыг хангахад чиглэсэн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хангалттай төсөв хуваарилах” шаардлагатайг онцолсон. Дэлхий нийтэд Улсын төсөвт жендэрийн дүн шинжилгээ хийх нь төсөвт шинжилгээ хийх шинэлэг аргуудын нэг төдийгүй эрэгтэй, эмэгтэй хүмүүст төсвийн зарцуулалт хэрхэн нөлөөлж байгааг тодруулах замаар хөрөнгийн тэгш хуваарилалтыг хангахад туслах үр дүнтэй хэрэгсэл гэж үзэн ихээхэн ач холбогдол өгч байна.

Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн Үндэсний Хорооноос НҮБ-ын Хүн амын сантай хамтран хэрэгжүүлж буй улс орныг хөгжүүлэх 5 дахь хөтөлбөрийн хүрээнд улсын болон орон нутгийн төсвийг жендэр мэдрэмжтэй болгох үйл ажиллагааг 2014 оноос эхлүүлээд байна. Энэ ажлын хүрээнд сургалт зохион байгуулах, хүний нөөцийг чадавхжуулахын зэрэгцээ “Жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлт” сургалтын гарын авлагыг олон хүний оролцоо, туслалцаагаар боловсруулсан билээ.

Дээрх ажлын үргэлжлэл болгон гарын авлагыг баяжуулан богино хугацааны сургалтын модуль боловсруулах, холбогдох хичээлийн хөтөлбөрийг шинэчилж батлуулах ажлыг Удирдлагын Академийн зөвлөх багаар хийж гүйцэтгүүллээ.