“Жендерийн мэдрэмжтэй төсөвлөлтийн тухай” танилцуулга хийлээ
Засгийн газрын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ
2015.12.04

“Жендерийн мэдрэмжтэй төсөвлөлтийн тухай” танилцуулга хийлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороодын 2015 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хамтарсан хуралдаанаар “Жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлтийн тухай мэдээлэл”-ийг Улсын Их Хурлын гишүүн Д.Батцогтын саналын дагуу Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороотой хамтран хэлэлцэхээр болсон юм. Энэ асуудлын талаар Засгийн газрын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ танилцуулга хийлээ.

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай 382 дугаар тогтоолын дагуу Жендэрийн Үндэсний хорооны ажлын албыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд ажиллуулж байна. Тус алба нь одоогоор 4 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

2011 онд батлагдсан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 16.1.1 дэх хэсэгт “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах арга хэмжээг улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл болон салбарын хөгжлийн бодлого, хөтөлбөрт тусгах, жендэрийн мэдрэмжтэй төсвийн төсөвлөлтийн тогтолцоог нэвтрүүлэх, жендэрийн эрх тэгш байдлыг хангахад чиглэсэн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахуйц санхүүгийн эх үүсвэрийг батлуулах”, түүнчлэн Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэх 2013-2016 оны дунд хугацааны стратеги төлөвлөгөөнд “Жендэрийн мэдрэмжтэй төсөв зохиох арга зүйг улсын нэгдсэн болон орон нутгийн төсвийг боловсруулах, батлах үйл явцад нэвтрүүлэх”-ээр заасан.

Энэ хүрээнд чадавхи бэхжүүлэх, үндэсний сургагч багш бэлтгэх, гадаад, дотоодын зөвлөх үйлчилгээ авах, “Оролцоонд суурилсан жендэр аудит” хийж салбарын жендэрийн стратеги төлөвлөгөө боловсруулж, батлуулах зэрэг ажлуудыг хэрэгжүүлж байна. Ер нь “Жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлт”-ийг нэвтрүүлэхэд олон талын идэвхтэй оролцоо, хамтын ажиллагаа хэрэгтэй. Хязгаарлагдмал төсөв, хөрөнгийг үр дүнтэй хуваарилах, жендэрийн ойлголтын зөрүүтэй байдлыг залруулах чиглэлээр нийгмийн бүлгүүдийн ялгаатай хэрэгцээг бодлого, төлөвлөлт, үйл ажиллагаанд тусгаж, жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлт хийх нь чухал байна гэдгийг сайд танилцуулгадаа дурдсан юм.

Мөн Жендэрийн үндэсний хорооны гишүүн, жендэрийн үндэсний шинжээч Т.Амгалан жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлт гэж юуг ойлгох, түүнийг хөгжүүлэх хэрэгцээ шаардлага, олон улсын чиг хандлагын талаар байнгын хорооны гишүүдэд мэдээлэл өгсөн юм. Жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлт гэдэг нь эрэгтэй, эмэгтэй хүмүүст ижил хэмжээний хөрөнгө зарцуулах тухай, эсвэл зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан тусгай төсөв боловсруулж батлуулах асуудал биш харин төсөв, хөрөнгийг эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хэрэгцээнд нийцсэн байхаар төсөвлөхийг хэлдэг байна.