2010.10.04

Су.Батболд: Эсэргүүцлийн хөдөлгөөн толгойлоод явахгүй байлгүй дээ

МАХН нэрээ өөрчлөх, үзэл баримтлалаа шинэчлэх тухай ид яригдаж, нийтийн анхаарал тэр зүгт хандаад байна. Гэтэл эсэргүүцэгсэд бий болжээ. Энэ тухай УИХ-ын гишүүн Су. Батболдтой ярилцлаа.

-МАХН-ын нэр солих, үзэл баримтлалаа шинэчлэх асуудлыг аль талаас нь харж байна. Улс төрийн намын амьдралд хийгддэг асуудлын нэг хэмээх нэгэн байхад эсэргүүцэн бухимдагсад гараад ирлээ?

-Аливаа нэг бүтцийн хувьд шинэчлэл байнга өрнөснөөр амьд байж, цааш хөгжих бололцоо бий болох учиртай. Тиймээс намын шинэчлэлийн асуудал 1990-ээд оны үед Монгол Улс ардчилал, зах зээлийн харилцаанд орсон үеэс болон намын Онц их хурлаас хойш байнга. яригдаж ирсэн. Түүнээс өнөөдөр гэнэтхэн энэ тухай яриад эхэлсэн юм биш. Бид шинэчлэл ярьж байна гэдэг маань "Амьд", үйл ажиллагаагаа улам сайжруулахын төлөө ажиллаж байна гэсэн үг. Энэ намын шинэчлэлийн тухай асуудал яригдахаар зайлшгүй нэр өөрчлөх асуудал хөндөгдөх нь гарцаагүй. МАХН нийгмийн анхаарлын төвд байна. Учир нь МАХН-ын XXVI Их хурал хуралдахтай холбогдон бид нийгэмд өөрсдөө асуудлаа гаргаж тавьснаар хүмүүс сонирхон олон улстөрч, эрдэмтдийн дунд нэр өөрчлөх, үзэл баримтлалын тухай асуудал ярианы сэдэв болж байх шиг байна. Уг нь нэрийг цоо шинээр солих тухай асуудал биш юм. МАХН нь анх Монгол Ардын Нам нэртэй байгуулагдаж байсан. МАН анх байгуулагдаад гаргасан тунхаг бичигт намын эрмэлзэх зүйл, үнэт зүйлийнх нь тухай ярьсан байгаа. Өнөөгийн хийх гэж буй шинэчлэлийн хүрээнд манай нам өөрийнхөө хуучин нэрийг сэргээж авах нь зүйтэй гэж үзсэн. Ер нь хувьсгалт гэсэн нэрээс зугтаад байгаа юм шиг ойлголт энэ нийгэмд байх шиг байна. Манай зарим гишүүд ч гэсэн ялгаагүй ингэж бодоод байх шиг. Дайжиж зугтаад байгаа юм байхгүй. XX зуун дэлхийн хувьсгалын зуун байсан бол XXI зуун өөр юм. Энэ зуунд эдийн засгийн тусгаар тогтнолоо хамгаалж, үндэсний өвөрмөц соёлоо хадгалж, нийгмийн ядуу буурай хэсгээ дэмжих зорилтууд дэвшүүлж байгаа. Энэ үйл ажиллагаанд шинэ нэр маань шинж чанар, агуулгын хувьд тохирох юм. Ер нь 20-иод жил нэрийн тухай яригдаж ирсэн. Аливаа нэр нь явуулж байгаа үйл ажиллагааны агуулгатай нийцэж байх ёстой. Иймээс намын нэрийг үйл ажиллагаатайгаа уялдуулан шинэчлэх, уугуул нэрээ авах нь зөв гэж үзэж байна.

-Эсэргүүцэгсдийн хөдөлгөөн байгуулагдаж намын анхан шатны үүрээс эхлэн гишүүд, дэмжигчдийг уриалан босгохоо мэдэгдсэн?

-Нам дотор олон янзын ургальч үзэл бодол байх нь зайлшгүй зүйл. Бид өөрсдөө энэ асуудлыг яагаад нийгэмд дэлгэж тавьсан бэ гэвэл өөрийнхөө намын гишүүдээр хэлэлцүүлье.бусад улс төр судлаач, эрдэмтдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлээд аль нь зөв юм гэдгийг гаргаж ирэх гэсэн үүднээс тавьсан.Манай намын үе үеийн дарга нарын үед нэр солих тухай асуудал байнга хөндөгдөж байсан юм. Иймээс намын нэр өөрчлөхөд саад хийгээд байх нь таатай зүйл биш гэж бодож байна. Асуудлыг нэгэнт хэлэлцээд 20-иод жил болсон учир одоо өөрчилж шинэчлэх цаг нь болсон. Угаасаа хөгжлийн эсвэл хөдөлмөрийн нам болгон өөрчлөх тухай ч яригдаж байсан. МАХН-ын үзэл баримтлал нь зүүний төвийн нам хэвээрээ байгаа.

Гэхдээ зүүн төвийн намын үзэл баримтлалд эрхэмлэн дээдлэх үнэт зүйл буюу "ценность" юу вэ гэдэг асуудал яригдсан. Энэ үнэт зүйл нь үндэсний ардчилсан үзэл. Үүнд эрх чөлөө, шударга ёс, үндэсний эв нэгдлийн тухай асуудал багтаж байгаа. Энэ бүх зүйл маань үндэсний ардчилсан үзэл. Бид зүүн төвийн нам байж эрхэмлэн дээдлэх зүйл маань эх орон эв нэгдэл, эрх чөлөө тусгаар тогтнол үндэсний эв нэгдлийн асуудал байх юм гэдгийг тодотгож өгсөн. Үндэсний ардчилсан үзэл гэдгийг авснаар МАХН үзэл баримтлалгүй байсан юм шиг эсвэл үзэл баримтлалаасаа ухраад барууны чиг баримжаатай болсон юм шиг тайлбарлах нь зүйд нийцэхгүй гэж бодож байна.

-Н.Энхбаярын зохион байгуулж байгаа үйл ажиллагаа болон хөдөлгөөний зохицуулагчид намдаа хорссон хүмүүс үү. Ингэж эсэргүү болох шалтгаан байгаа юм болов уу?

-Нийгэм тэгж харж байж магадгүй. Харин би тэгж харахгүй байна. Намдаа хорсоод улайран эсэргүүцсэн юм байхгүй болов уу. Ер нь ярианы сэдвийг хөндөн нийгэмд асуудлыг гаргаж тавьж, зөв бурууг тунгааж шинэчлэх ёстой эсэхийг намын гишүүд дэмжигчдийнхээ дунд явуулж байгаа юм болов уу гэж харж байна.

-Хүний эрээн дотроо, могойн эрээн гаднаа гэдэг шүү дээ. Ухрах уу, Урагшлах уу сэдэвт хэлэлцүүлгийн үеэр эсэргүүцлийн хөдөлгөөн байгуулахыгдэмжсэн байсан?

-Би хамт ажиллаж байсан хүний хувьд арай ч эсэргүүцлийн хөдөлгөөн толгойлоод явахгүй байлгүй дээ гэж бодож байна.

-Тэгэхээр хүнийхээхувьдтийм зүйл хийхээр хүн биш гэсэн үг үү?

-Үзэл баримтлал, нэр солих асуудалд санал нийлэхгүй байж магадгүй.

-Илт олныг хамруулж эсэргүүцэхийн оронд дотооддоо ойлголцож болоогүй юм болов уу?

-Үзэл бодлоо намын дэмжигчидтэйгээ хуваалцах шаардлага байсан байх л даа.

-Уг нь шинэчлэлийн асуудлыг өөрөө дарга байхдаа ярьдаг байсан санагдана?

-Анх 1996-1997 онд намын Ерөнхий нарийн бичгийн дарга, дараа нь намын даргаар сонгогдохдоо тодорхой шинэчлэлийг авчирсан хүн шүү дээ. Тэгэхээр одоо хийх гэж байгаа шинэчлэлийг улайран эсэргүүцэж байгаа гэж бодохгүй байна. Бид нам дотроо учраа ололцож, ойлголцох ёстой. Магадгүй тэр хүний харж байсан шинэчлэлээс бидний хийх гэж буй шинэчлэл өөр харагдсан байж магадгүй. Гэхдээ бидний зорилго бол намаа шинэчлэх. Өнөөгийн нөхцөл байдалд тааруулах учиртай тул нэг чиглэлд, нэг зүйлд тогтоно байх.

-Одоо хийгдэх гэж буй үзэлбаримтлалын шинэчлэлийг явцуу хүрээний цөөн баячуудын баримтлал гэж эсэргүүцлийн хөдөлгөөн мэдэгдсэн?

-Манай нам анх байгуулагдахдаа л нийт ардын эрх ашгийн тусын тулд уриатайгаар байгуулагдсан. Тэгэхээр өнгөрсөн 90 жилийнхээ түүхэнд манай намын үзэл баримтлал энэ л байсан. Хэзээ ч хэсэг бүлэг хүн тодорхой хүрээний баячуудын ч гэх юм уу мөлжигч давхаргын эрх ашгийн төлөө үйл ажиллагаа явуулж байгаагүй. Зүүний үзэл баримтлал буюу нийгмийн гишүүдийн эрх тэгш амьдралын төлөө, сайн сайхны төлөө гэсэн үйл ажиллагаа явуулж байсан. Одоо ч тэр үзэл баримтлалтайгаа л байгаа. Тэгэхээр үндэсний ардчилсан үзэл буюу үнэт зүйлээ гаргаж тавихаар барууны буюу цөөн хэдэн хүний эрх ашгийн төлөө үйлчлэх боллоо гэсэн ойлголт байж болохгүй. Тиймээс зүүн төвийн үзэл баримтлал дээрээ байна гэдэг нь нийгэм өөрөө цаашдаа дундаж давхарга дээр үндэслэсэн нийгмийг бий болгохыг гол зорилгоо болгож байгаа гэсэн үг.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.