Удахгүй NFC буюу картын систем рүү шилжинэ
НӨАТУС-ийн төслийн нэгжийн захирал Р.Отгонтулга
2016.02.19

Удахгүй NFC буюу картын систем рүү шилжинэ

НӨАТУС-ийн төслийн нэгжийн захирал Р.Отгонтулгатай ярилцлаа.

Засгийн газрын агентлаг, яам ч болох боломжтой

Төслийн нэгж гэхээр хувийн компани эсвэл Засгийн газрын харьяа агентлагаас ямар ялгаатай юм бэ?

“Project team” буюу төслийн нэгж нь аливаа төслийг эхлэлийн цэгээс нь хийж эхэлдэг. Төрийн ч биш, хувийн ч биш, энэ хоёр өмчлөлийн хэлбэрийн завсрын байгууллага юм. 2015 оны долдугаар сарын 9-ний өдөр НӨАТ-ын тухай хууль (шинэчилсэн найруулга) батлагдсан. Хууль батлагдахаас өмнө буюу 2014 оны арваннэгдүгээр сард манай төслийн нэгж байгуулагдсан. Төслийн нэгжийн үндсэн зорилго нь далд эдийн засгийг бууруулах, улсын төсвийн орлогыг бүрдүүлэх хамгийн оновчтой инновацийг нэвтрүүлэх, иргэдийг идэвхжүүлэх юм.

Бусад орны туршлагыг судлахад, энэ төрлийн ажлыг хэрэгжүүлэгч нь төслийн нэгжийн статусаас гараагаа эхэлдэг. Хэрэв төсөл амжилттай хэрэгжиж байгаа тохиолдолд улсын үйлдвэрийн газар, Засгийн газрын харьяа агентлаг, яамны түвшинд хүртэл үйл ажиллагаа нь өргөждөг байна.

Иргэдэд их л шинэлэг санагдаж байх шиг?

Тийм шүү. Бид 2016 оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхэлсэн хуулийн дагуу “ebarimt.mn” тогтолцоог олон нийтийн хэрэглээ болгохоор чармайн ажиллаж байна. Анхандаа зөвхөн нэмэгдсэн өртгийн албан татварын урамшуулал (НӨАТУС) гэдгээрээ олонд танигдсан байсан бол одоо илүү цахим баримт гэсэн ойлголт руу чиглэж байна. “Ebarimt” гэдэг нь “electronic invoicing” гэсэн үгийн товчлол бөгөөд өмнө нь аж ахуйн нэгж, хувь хүн хооронд цаасан баримтаар худалдаа, ажил, үйлчилгээгээ баримтжуулж байсан бол өнөөдөр бид электрон хэлбэрийн тогтолцоог Монголдоо анх удаа нэвтрүүлж байна гэж ойлгож болно.

Одоогоор үйлчилгээний газруудаас НӨАТ-ын цаасан баримт авч, “ebarimt.mn” цахим хуудсанд баримтаа шивж оруулах гэх зэргээр механик ажил ихтэй буюу нэг талаар төвөгтэй мэт байгаа боловч цаашид автоматжих бүрэн боломжтой.

Бид автоматжуулах системийг шат дараалалтай хийнэ. Эхний ээлжинд гар утасны апплейкшн, яваандаа NFC буюу картын систем рүү шилжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Одоогоор энэхүү инноваци хөгжүүлэлтийн суурь тавигдсан.

Төслийн нэгж хичнээн хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна?

Төслийн нэгж нь 40 хүний бүтэц бүрэлдэхүүнтэй. Тэдний 75 хувь нь програм хангамж, мэдээллийн системийн чиглэлээр олон улсад мэргэжил дээшлүүлж, гадаадын туршлага судалсан мэргэжилтнүүд ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар манай системд 16 сая ширхэг баримт цуглаад байна. Хэрэв энэ бүх баримт цаасан хэлбэрээр байсан бол энэ өрөөнд багтахгүй.

Тэгвэл энэ бүх баримтыг цахим хэлбэрт шилжүүлсэн нь маш том давуу талтай. Учир нь цахим системд бүх баримтыг төвлөрүүлснээр тэр баримтан дундаас хайлт хийхэд хялбар боллоо гэсэн үг. 

Нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай гурван асуудал байна

НӨАТ-ын баримт хэвлэж, цахим системд бүртгэснээр далд эдийн засаг яагаад буурна гэж?

Энэхүү тогтолцоог амжилттай нэвтрүүлсэн Португал, Словак, Тайвань (90 оноос хойш хамгийн идэвхтэй ашиглаж чадсан орон) зэрэг орнуудын туршлагыг судалж байгаад эдгээр улсад нэвтэрсэн инновацийг хэд хэдэн шатаар сайжруулсан. Тухайлбал, бараа, ажил, үйлчилгээ худалдан авлаа гэхэд таны баримт бүгд барааны тэмдгийн олон улсын стандарт болох GS1-13-аар бүртгэгдэж байна.

Яг одоо энэ илүү дэвшилтэт хэлбэрийг Хонгконг, Катар зэрэг хоёр, гурван оронд л ашиглаж байна гэж хэлж болно.

Ингэснээр бид бараа бүтээгдэхүүнийг төрлөөр ангилж болно. Бүх бараа бүтээгдэхүүний үнэ ханшийн мэдээллийг цуглуулж байгаа учраас макро болон микро эдийн засагт ашиглах сайн чанарын, иж бүрэн мэдээллийг энэ цэгт төвлөрүүлж байна.

Яг одоо энэ илүү дэвшилтэт хэлбэрийг Хонгконг, Катар зэрэг хоёр, гурван оронд л ашиглаж байна гэж хэлж болно. Цаашид системийг задлах, өргөтгөх боломжтой бөгөөд зөвхөн гааль, татвар, улсын төсвийн санг бүрдүүлээд зогсохгүй өндөр ач холбогдолтой гэсэн үг.  

Нөгөө талаас иргэдийн идэвхийг нэмэгдүүлснээр ямар том үр нөлөөтэй байдгийг бид нүдээрээ харж байна. Маш энгийнээр хэлэхэд бидний бараа, ажил, үйлчилгээ худалдан авч буй мөнгө бол нийтийн мөнгө. Нэмэгдсэн өртгийн албан татварыг эцсийн хэрэглэгч төлдөг байсан гэдгийг ихэнх иргэд саяхныг хүртэл сайн мэддэггүй явжээ.

Иргэн таниас мөнгө гарч байгаа бол түүний үнийн дүнгийн 10 хувийг улсын төсөв рүү татаж байдаг. Энэ 10 хувийг улсын төсөв рүү татахад дамжуулагчийн үүргийг тухайн бараа, ажил, үйлчилгээг борлуулагч аж ахуйн нэгж, хувь хүн гүйцэтгэдэг. Зарим тохиолдолд аж ахуйн нэгжүүд дамжуулагчийн үүргээ гүйцэтгэдэггүйгээс далд эдийн засаг үүсдэг. Мэдээж цаана нь маш нарийн систем ажиллаж байна.

Монгол Улсад мөрдөгдөж буй 17 төрлийн татвараас хамгийн суурь татвар бол НӨАТ юм. Ихэнх иргэн НӨАТ гэдэг нь бараа, ажил, үйлчилгээнд нэмүү өртөг шингээж байна гэж ойлгодог. Тэгвэл НӨАТ нь худалдааны татвартай илүү төстэй. Хэлбэршүүлсэн худалдааны татвар гэж хэлж болохоор.

Барууны орнуудад хөгжсөн энэхүү технологийг манай улс 1997 оноос нэвтрүүлэхээр тун их мэрийж байгаа боловч саяхныг хүртэл амжилтгүй ололгүй ирсэн. Үүнээс үүдэлтэй хуурамч баримт үйлдэх зэрэг асуудал гаарсан нь нууц биш. НӨАТ-ын урамшууллын системийг бий болгох, хөгжүүлэхэд нэг сар, нэг улирал хангалттай хугацаа биш. Тасралтгүй, байнгын сайжирч байх ёстой. Энэ ч үүднээс манай төслийн нэгжийг Засгийн газраас дэмжиж, инновацийг хөгжүүлэхэд түлхэц болж байна.  

Бидний урьдчилсан байдлаар НӨАТ-ын хүрээнд улсын төсөвт 170 орчим тэрбум төгрөгийн төсөв бүрдүүлнэ гэж тооцож байна.

Цаашид энэ тоо өсөн нэмэгдэнэ гэсэн тооцоо гарсан. Дэлхий дахинд далд эдийн засаг ДНБ-ий 34 хувийг эзэлдэг гэсэн тоо баримт бий. Тиймээс энэ тоог 14-20 хувиар бууруулна гэж үзвэл хамгийн багадаа 170 тэрбум төгрөг улсын төсөвт жилдээ төвлөрөн гэж тооцоолж байна. Улмаар энэ амжилтаа тогтвортой хадгалах хэрэгтэй болно. Ингэж тогтвортой хадгалахад гурван чухал элемент маш чухал.

Тодруулбал?

Нэгдүгээрт, нэгэнт нэвтрүүлсэн систем маш тогтвортой, найдвартай ажилладаг байх ёстой. Нэг нь унахад нөгөө нь нөхдөг системтэй байх хэрэгтэй.

Хоёрдугаарт, иргэдийн идэвхийг сулруулж болохгүй. Өнөөдрийн байдлаар 310 мянган иргэн “ebarimt.mn” цахим хуудсанд бүртгэлтэй, идэвхтэй баримт цуглуулагчид болсон байна. Тиймээс иргэдийг идэвхжүүлэх урамшууллын тогтолцоогоо улам нарийсгаж, сайжруулах хэрэгтэй. НӨАТ-ын урамшууллыг одоогоор жилдээ нэг удаа өгнө гэж байгаа бол цаашид улиралд нэг удаа, бүүр цаашилбал технологийн дэвшил өндөр түвшинд хөгжсөн өнөө цаг үед худалдан авалт хийсэн тухайн агшинд урамшууллыг олгодог байх боломж бүрэн дүүрэн бий.

Суурь технологи, системийн бааз сууриа найдвартай болгосон тохиолдолд ямар ч сайжруулалт хийж болно.

Суурь технологи, системийн бааз сууриа найдвартай болгосон тохиолдолд ямар ч сайжруулалт хийж болно. Одоогоор харилцаа холбоо тэр дундаа ухаалаг утсанд суурилсан NFC гэсэн технологийн карт гаргахаар ажиллаж байна. NFC технологид суурилсан картыг уншуулж, худалдан авалт хийснээр тэр дороо урамшууллын хоёр хувиа авах, сугалаанд оролцох эрхтэй болох жишээтэй.

Та мастер виза картаар төлбөрөө хийхэд ойролцоогоор 7 секунд зарцуулдаг. Тэгвэл аливаа үйлчилгээнд NFC технологийг суурилуулж өгснөөр тооцоо хийх хугацаа 1 секунд хүртэл богиносдог. Ингэснээр үйлчилгээний  төвд цувран зогсох дараалал үгүй болж, тэр хэрээр цаг хугацааны хувьд хэмнэлттэй, иргэдийн бухимдал багасна.

Гуравдугаарт, технологийг эзэмших сургалт, зөвлөгөө, мэдээллийн ажлуудыг сайн хийх хэрэгтэй. Ялангуяа нягтлан бодох бүртгэлийн энэ төрлийн системийг ашиглахад компьютерийн мэдлэг зайлшгүй хэрэгтэй. Тухайн байгууллагын мөнгөтэй шууд харьцдаг нягтлан бодогчид компьютерийн үндсэн мэдлэг болоод энэ системийн талаар бүрэн дүүрэн ойлголттой байж, бүрэн эзэмшснээр тухайн аж ахуйн нэгжийн мөнгөн орлогыг татварын байгууллагад үнэн зөв мэдээлж чадна. Тиймээс системийг дагасан сургалтын томоохон институци ажиллах шаардлагатай.

Энэхүү үндсэн гурван асуудлыг шийдэж чадсанаар улсын төсвийн орлогын байнгын, тогтмол өндөр түвшинд барьж чадна. Далд эдийн засгийн нийт эдийн засагт эзлэх хувь хэмжээ нэмэгдэхгүй, тогтмол буурах, цаашилбал далд эдийн засаггүй орон болох нөхцөл боломж бүрдэнэ.

Монгол Улс эдийн засгийн өршөөлийн хуулийг хоёр дахь удаагаа хэрэгжүүлж байна. Өмнөх тохиолдолд далд эдийн засгийг илрүүлсэн үү гэвэл илрүүлсэн. Гэсэн хэдий ч ил болгосон эдийн засаг буцаад далд хэлбэр рүүгээ орчихсон. Яагаад гэвэл хяналт, бүртгэл, тооцооны систем ажиллаж чадаагүйд байгаа юм. Харин өнөөдрийн хувьд төслийн нэгж энэ хяналт, бүртгэл, тооцооны системийг шийдсэн болохоор цаашид улам сайжруулах талын ажлуудыг Засгийн газартай хэлэлцээний ширээний ард ярилцаж байна.

Хуулийн ач холбогдол маш их ч өөрчлөх зүйл ч бас бий

НӨАТ-ын тухай хууль хэр сайн хууль болсон гэж үздэг вэ? Хуулийг хэрэгжүүлэх явцад засаж сайжруулмаар зүйл ажиглагдаж байна уу?

Энэ бол маш оновчтой, сайн хууль. Хууль гарснаар бүх зүйл тэр дороо хэрэгжинэ гэдэг хэцүү. Хуулийг хэрэгжүүлэгч институциудын хоорондын уялдаа холбоо, том бүтцээр нь удирдаж буй шийдвэр гаргах түвшний хүмүүсийн хамтын идэвхи чармайлтаар хэрэгжинэ.

Яагаад сайн хууль гэж үзэж байна вэ?

Сайн гэдгийн учир нь татварын хувь хэмжээг огт нэмээгүй. Харин эсрэгээрээ тодорхой хувийг иргэн бүрт буцаад олгохоор болсон. Хуулийн тодорхой бүлэг, зүйл заалтад хяналтын механизмыг тусгаж өгснөөрөө дэвшилттэй болсон.

Монгол Улсын иргэд дараа жил гэхэд НӨАТ-ын урамшууллыг бүх нийтээрээ түүхэндээ анх удаа буцаан авахаар болж байна. Та бидний төлсөн татварын мөнгө улс орны бүтээн байгуулалтад хэрхэн зарцуулагдаж байгааг хянах боломжийг хууль эрх зүйн энэхүү баримт бичигт тусгаж өгснөөрөө давуу талтай.

Хэрэв танд худалдан авалтын баримт өгөхгүй байгаа тохиолдолд тухайн аж ахуйн нэгжид хуулийн хариуцлага хүлээлгэх механизм бүрдүүлснээр энэ хууль хүчтэй болсон.

Та бол улсын төсвийн мөнгийг бүрдүүлэгч гэдгийг хуульчилж өгсөнд гол ач холбогдол нь оршиж байна.
Сайн гэдгийн учир нь татварын хувь хэмжээг огт нэмээгүй. Харин эсрэгээрээ тодорхой хувийг иргэн бүрт буцаад олгохоор болсон. 

            Иргэн бүрт хамааралтай хууль учраас тухайн хуулийг сонирхон судалж байна, санхүүгийн тодорхой мэдлэгтэй болж байна. Худалдан авалт тутамд олгодог баримтын үнэ цэнийг ойлгож эхэлж байна. Тухайн бараа, ажил, үйлчилгээг худалдан авсан баримтаа хадгалснаар дараа нь ямар нэгэн гомдол, зөрчил гарсан тохиолдолд нотлох баримт болно гэдгээрээ үнэ цэнэ, ач холбогдолтой.

Анхан шатны санхүүгийн баримтыг уншиж, алдаа мадаг гарсан тохиолдолд зөрчлийг арилгуулах боломжтой болж байна. Монгол Улсын хэмжээнд бараа, ажил, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, хувь хүмүүс бүгд энэ системд бүртгүүлсэн тохиолдолд, энэхүү систем нэвтрүүлсэн үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлсэн тохиолдолд иргэн сарын өрхийн зарлагаа тооцоолох, хянах боломж бүрдэж байна.

Нөгөө талаас кассын машинаас худалдан авалт бүрт баримт хэвлэгдэж байгаа учраас аж ахуйн нэгж, хувь хүмүүс ч орлогоо бүрэн хянах боломжтой болж байна. Өмнө нь худалдаа, үйлчилгээний ажилтантай итгэлцлийн үндсэн дээр ажилладаг байсан бол одоо хянаж чаддаг болсноор тухайн бизнес эрхлэгч бизнестээ илүү тайван хандах болно.

Аж ахуйн нэгжүүд тайлангаа өгөх ажиллагааг маш хялбаршуулж байна. Нэгэнт дор бүр нь цахим систем рүү баримтаа бүртгүүлсэн тохиолдолд улирал, жилийн эцэст дахин тайлагнах шаардлага аяндаа хумигдаад ирнэ.

Би хувьдаа боддог, засаж сайжруулмаар зүйл гэвэл НӨАТ-ын босго.

Одоогоор манай систем дээр НӨАТ суутган төлөгч мөн үү, үгүй юу гэдгийг ялган танихад төвөгтэй байна. 50 сая төгрөг гэдэг бол далд эдийн засгийг тодорхой хэмжээнд өөгшүүлсэн нэг хэлбэр гэж боддог. 50 сая төгрөгөөс бага орлоготой бол НӨАТ-ын буцаан олголтод хамрагдахгүй байна.

Тэгвэл яах ёстой гэж?

НӨАТ-ын босгогүй болгох хэрэгтэй. Бүгд НӨАТ төлөгч болох хэрэгтэй. Тэгж байж манай эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал илүү тод харагдана.

Одоо үйлчилж буй хуулийн цоорхойг ашиглан, нэг этгээд хэд хэдэн аж ахуйн нэгж байгуулж, НӨАТ төлөгч байхаас зугтааж буй тохиодол бодит байдалд байсаар байна.

НӨАТ-ын босгогүй байя гэсэн саналаа шийдвэр гаргагчдад дэвшүүлж байв уу?

Төслийн нэгжийнхэн үүсэн буй нөхцөл байдал, хамтын шийдвэр, санал бодлоо байнга илэрхийлж байдаг. Дөнгөж эхлэлийн цэг дээр байгаа учраас бүх зүйлийг "өргөс авсан мэт" шийдэх боломжгүй. Өдөрт тутамд тулгамдаж буй хамгийн чухал асуудлыг жагсаан бичиж байгаад тэр дагуу асуудлаа шийдвэрлэхээр ажиллаж байна.

Одоогоор хамгийн том тулгамдаж буй асуудал нь иргэдийн ашиглаж буй ebarimt системийн үйл ажиллагаа тогтворжих хэрэгтэй. Дараагийн асуудал бол иргэдийг идэвхжүүлэх ажлыг шат дараатай, хурдан хугацаанд хийх шаардлагатай. Сургалт, сурталчилгааны ажлыг дараагийн түвшинд хийх нь зүйтэй. Энэ бүхний дараа хууль эрх зүйн баримт бичигт өөрчлөлт хийх асуудал яригдах болов уу.

Хууль өнгөрсөн оны долдугаар сард батлагдаж, энэ оны нэгдүгээр сараас хэрэгжсэн. Энэ завсар хугацаанд хуулийн хэрэгжилтийн бэлтгэл ажил болгож, аж ахуйн нэгжүүдийг системдээ бүрэн бүртгэж чадаагүй юм бэ? Амжсангүй юу эсвэл? Одоо хүртэл манай орон сууцны дэлгүүр НӨАТ-ын баримт өгөхгүй л байна?

Хууль батлагдсаны дараа хуулийг хангалттай сурталчилсан гэж үзэж байна. Аж ахуйн нэгж болгонд мэдэгдэл хүргүүлсэн. Харамсалтай аж ахуйн нэгж, иргэд НӨАТ-ын буцаан олголтод итгээгүй. Энэ төсөл амжилттай хэрэгжиж чадах эсэхэд эргэлзэж байсан. Тийм учраас ихэнх аж ахуйн нэгж НӨАТ-ын системд бүртгүүлж, НӨАТ-ын баримт хэвлэдэг кассын машиныг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх тал дээр идэвхгүй байсан. Гэхдээ бид нэг сарын хугацаанд 27 мянган кассын машин системд холбож чадсан.

Хууль батлагдсаны дараа хуулийг хангалттай сурталчилсан гэж үзэж байна.

Манай төслийн нэгжид ганц ч гадаадын зөвлөх ажлаагүй. Монгол залуучууд энэ хэмжээнд амжилттай хэрэгжүүлэхээр өөрсдийн мэдлэг, хуримтлуулсан туршлагаараа ажиллаж байна.

Өнгөц харахад, бид ийм хэмжээний нүсэр ажлыг нугалж байгаа мэт харагдахгүй байж болох. Тоон үзүүлэлт, системийн загварчлалаа харахад энэ төсөлд ажиллаж буй Монгол залуучуудаараа бахархмаар. Хоёрдугаар сарын 20-нд НӨАТ-ын эхний ээлжийн тайлант хугацаа дуусна. Тайлангаар бидний ажлын үр дүн хэмжигдэнэ. Энэ хугацаанд бид далд эдийн засгийг бууруулж, хумиж чадсан бол төсөл үр дүнтэй явж байна гэсэн үг.

Хоёрдугаар сарын 20-ноор эцэс болж тайлант хугацааны үр дүн хэзээ гарах бол?

Одоо нэвтрүүлээд буй системээ ашиглан график, тоон үзүүлэлтийг долоо хоногийн дотор гаргаж, нийтэд мэдээлэх болно.

Нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй томоохон зах, худалдааны төвүүдэд худалдаа, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, иргэдийг нэгдсэн журмаар НӨАТ-ын системд бүртгэж байна гэж сонссон. Та ажил хэр ахицтай байгаа бол?

Энэ ажлыг Гааль, татварын байгууллага гүйцэтгэж байна. Томоохон, зах худалдааны төвүүдэд бизнес эрхлэгчдэд удаа дараа мэдэгдэл хүргүүлж, системд бүртгэх ажил нилээн нааштай явж байна.

Хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага, торгууль арга хэмжээг мөн гааль, татварынхан хариуцан ажиллаж байна. Төслийн нэгжийн зүгээс Монгол Улсын 27 мянган цэгийн аль хэсэгт кассын баримт өгч байна, аль хэсгийнхэн олгохгүй байна гэсэн мэдээллийг гааль, татварын байгууллагад өгч байна.

НӨАТ-ын тухай хуулийг дагалдаж гарсан журмууд хэр ойлгомжтой байна?

Маш ойлгомжтой, оновчтой журмууд гарсан. Тухайлбал, сугалаа явуулах журмыг Сангийн яам баталж, сугалаанд хожсон иргэдийн шагналыг олгож байна.

Сугалааны тохирлыг илүү оновчтой хэлбэрээр явуулж болно

Сугалаа явуулж буй арга аргачлал хэр оновчтой гэж үзэж байна? Системд бүртгэгдсэн бүх баримт дундаас сугалж, азтнууд тодруулж яагаад болохгүй гэж?

Хоёр үсэг, найман оронтой тоо, нийт 66 тэрбум боломжит магадлал... 70 жилийн туршид серийн дугаарыг давхардуулалгүйгээр сугалаа гаргаж ирэх боломжтой гэсэн үг. Энэхүү санамсаргүйгээр гаргасан дугааруудад үндэслэж, санамсаргүйгээр бөмбөг үлээж тоо гаргадаг учраас магадлалын аргаар тооцож байна.

Нийт бүртгэгдсэн сугалаан дундаас автоматаар азтан тодруулж болох уу гэвэл болно. Одоо мөрдөгдөж буй хэлбэрээр сугалааны журам батлагдсан. Чехословак улсад жилд дөрвөн удаа сугалааны тохирол явуулах журам, хэлбэрээ өөрчилдөг.

Иргэдийн хүсэл сонирхолд нийцүүлж, идэвхийг сайжруулах үүднээс сугалааны тохирлын хэлбэрийг өөрчилж болно. Энэ оны нэгдүгээр улиралд энэ журам, дүрмээрээ сугалааны тохирлоо явуулж, азтанаа тодруулдагаараа тодруулна. Ирэх улирлаас дүрмээ шинэчлэх болов уу гэж бодож байна.

Мөн Армень улсад хэрэв тухайн баримт эзэндээ аз дагуулсан бол газар дээр нь шагналыг нь олгож, томоохон мөнгөн шагналтай азтнуудаа шууд нэвтрүүлэг явуулж, бөмбөг үлээх замаар тодруулдаг. Тиймээс цаашид энэ зарчмаар сугалааны тохирлоо явуулах болов уу гэж бодож байна. Хэрэв ингэвэл илүү сонирхолтой, идэвх сайжирна.

Төслийн нэгжийнхэн системээ найдвартай, тогтмол ажиллагаатай байлгах, сугалааны тохирол явуулах гэх зэргээр ачаалалтай ажилладаг учраас хүн хүчний хувьд нэмэгдүүлэх байх гэж бодож байна. Яг одоогийн сугалааны тохирлыг иргэд нэг л сайн ойлгож өгөхгүй л байна. 

Шууд нэвтрүүлэг шууд биш нэвтрүүлэг болоод байна гэж зарим иргэд хардаж, шүүмжилж байна. Үүн дээр та ямар тайлбар өгөх вэ?

Яг ингэж бодож буй иргэдийг манай сугалааны тохирол явагдах өдөр шууд нэвтрүүлэгт ирж оролцохыг урьж байна. Шууд нэвтрүүлэгт оролцох хүсэлтэй иргэдийг фэйсвүүк хуудсаараа бүртгэдэг.

Тиймээс иргэд та бүхэн сугалааны тохирол явагдахаас өмнөх бөмбөгний хэмжилт, бөмбөг үлээлтийн горимыг туршиж үзэх, шууд нэвтрүүлгийг үнэн бодит, зөв явагдаж байгаа эсэхийг хянах бүрэн боломжтой. Тийм болохоор сонирхсон болон эргэлзэж буй иргэд сугалааны тохирлыг ирж үзээрэй гэж урьж байна. 

Ярилцахад таатай байлаа. Төслийн нэгжийнхэнд ажлын амжилт хүсье.