Өрийг дарах, хямралыг даван туулах бодлогоо танилцуулна
УИХ дахь МАН-ын бүлэг
2016.02.23

Өрийг дарах, хямралыг даван туулах бодлогоо танилцуулна

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нар намрын чуулганы үр дүн болон ирэх хаврын чуулганаар баримтлах бодлогынхоо талаар мэдээлэл хийлээ. Намрын чуулганы хугацаанд УИХ-ын нэгдсэн хуралдаан 38, байнгын болон дэд хороодын хуралдаан давхардсан тоогоор 124 удаа, УИХ дахь МАН-ын бүлэг 32 удаа хуралдаж 28 ажлын хэсэг байгуулан ажиллажээ.

УИХ-ын намрын ээлжит чуулганаар бие даасан хууль 29, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 354, Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хууль 11, хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль 31, Улсын Их хурлын тогтоол 64-ыг баталсан байна. Ингэхдээ намрын ээлжит чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн 24 асуудлаас зөвхөн наймыг нь хэлэлцэн баталсан. Энэ нь төлөвлөгөөнд тусгагдсан асуудлын дөнгөж 33 хувийг л хэлэлцэж баталсан гэсэн үг. Мөн УИХ-ын ээлжит бус чуулганаар 24 асуудал хэлэлцэхээр төлөвлөснөөс зээлийн хэлэлцээрийг соёрхон баталсан хоёр хуулийг эс тооцвол Үндсэн хуулийн цэцийн даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцээд л тарсан гэж бүлгийн дарга С.Бямбацогт онцлов. 

МАН-ын бүлэг олонхийн зөв бодлогыг дэмжиж, буруу бодлогыг хазаарлаж ажиллах зарчим баримталдаг. Үүний дагуу намрын чуулганы хугацаанд МАН-ын бүлэг 14 бодлогын зорилтыг санаачилж ажилласны ес нь тодорхой хэмжээнд биелсэн байна гэж бүлгийн дарга С.Бямбацогт мэдээллээ. Тухайлбал,

  • МАН-ын XXVII их хурлаас гаргасан хөгжлийн тогтвортой бодлоготой болох санаачилгын дагуу МАН-ын бүлгийн гишүүд хуулийн төсөл өргөн мэдүүлсэн. Ингэснээр Монгол Улс 2016-2030 он хүртэл баримтлах урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалтай болсон нь энэ намрын чуулганы томоохон үр дүн байлаа гэж тэрээр онцлов.
  • Бүх төрлийн зээлийн хүүг бууруулах, шатахууны үнийг буулгах, улсын хэмжээнд ижил үнэтэй болгох шаардлага тавьсан. Үүний үр дүнд малчны зээлийн хүү буурч, улсын хэмжээнд шатахууны үнэ 150-400 төгрөгөөр буурсан/.
  •  Цалин тэтгэврийг хасахгүй байх, нэмэх санаачилга гаргасан.  Цалинг 10-30 хувиар бууруулах саналыг эрх баригчид оруулж ирснийг МАН-ын бүлэг хүлээж аваагүй. Цалин, тэтгэвэр хасагдахааргүй болсон.
  • Махны экспортыг нэмэгдүүлэх
  • Хүүхдийн мөнгийг хасахгүй байх санаачилга гаргасан. 45 хоногийн дараа эрх баригчид хүүхдийн мөнгийг хасч болохгүйг хүлээн зөвшөөрсөн.
  • Бүсийн хөнгөлөлт бий болгох санаачилга гаргасан. Бүсийн хөнгөлөлтийн хуулийг баталснаар Монгол Улсын иргэн бүр оршин суугаа газартаа ая тухтай амьдрах, төвлөрөл саарах эхлэл тавигдана.
  • Хөгжлийн банк болон өр зээлийн зарцуулалтыг шалгах, малчдын ажилласан жилийг нэмэх, малчны хүүхдийг найман настайд нь сургуульд оруулж болох санаачилга гаргасан.
  • Орон нутгийн мандатыг хасахгүй байх зэрэг тодорхой, бодитой санаачилга гарган ажилласныг МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт мэдээлэв. 

Энэ үеэр бүлгийн дарга С.Бямбацогт МАН-ын бүлэг цаашид баримтлах бодлого, хаврын чуулганаар хийх ажлуудаа танилцууллаа. Тодруулбал, Монгол Улсын өрийг дарах, эдийн засгийн хямралыг даван туулах, улс орноо засаглалын хямралаас гаргах бодлогоо танилцуулна. Дэлхийн эдийн засгийн форумаас "Бизнес хийхэд дэлхийн хамгийн том эрсдэлүүд юу вэ" гэсэн судалгаанд Монгол Улсыг иргэний дайн, дотоодын мөргөлдөөнтэй байгаа Пакистан, Тунис, Танзани улсууд орсон байна. Мөн МАН-ын бүлэг ажилгүйдэл, ядуурлыг бууруулах бодлого, санаачилгууд гарган ажиллана. Авлигыг таслан зогсоох, шударга ёсыг тогтоох бодлогуудыг дэвшүүлнэ. Эрх баригч АН, МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн 2012 оны сонгуулийн амлалтууд, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт дүгнэлт хийнэ гэж онцлов.

Н.Номтойбаяр: Хүнийг ажлаас халах гэж ээлжит бус чуулган хийдэг болсон

УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр хэлэхдээ "2012 оны сонгуулиар байгуулагдсан УИХ үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш гурван удаа ээлжит бус чуулган зарлан хуралдуулсан. Эхний ээлжит бус чуулганаар Өршөөлийн хуулийг хэлэлцсэн. Хоёр дахь ээлжит бус чуулганаар хамтарсан засгаас Ардын намыг хөөж зургаан сайдыг чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн. Гурав дахь ээлжит бус чуулган ганцхан өдөр үргэлжилж зөвхөн Үндсэн хуулийн цэцийн даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ.

Эндээс дүгнэхэд АН сандал суудал гэсэн өчүүхэн эрх ашгийн төлөө аливаа асуудалд ханддаг нь тодорхой байна. Үндсэн хууль зөрчсөн хууль бус үйл ажиллагаанд МАН-ын бүлэг оролцохгүй гэдгээ удаа дараа мэдэгдсэн. Хууль зөрчиж хуралдсан хууль бус чуулганы шийдвэрийг Үндсэн хуулийн цэц өөрөө хүчингүй болно гэдэгт итгэж байна. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудалд МАН-ын бүлгийн гишүүд бойкот хийлээ гэх мэтчилэн ташаа мэдээлэл тарааж, нийгмийн зорилтот бүлэгт буруу ойлголт өгч байгаа нь байж боломгүй үйлдэл.

Семинар нэрийн дор чуулганы танхимд хууль зөрчин тавилттай жүжиг тавьж МАН-ыг харлуулах үйлдлийг АН-ын зарим гишүүд гаргаж байгаад харамсаж байна. Энэ асуудалтай нь холбогдуулж Ёс зүйн дэд хороо, холбогдох байгууллагад хандана гэсэн байр суурийг бүлгийн гишүүд илэрхийлж байгаа" гэв. 

Д.Лүндээжанцан: Үндсэн хууль зөрчсөн асуудалд оролцвол хам хэрэгтэн болно

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан Цэцийн даргыг эргүүлэн татсан асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрээр "Цэц бол онцгой субъект. Дараагийн хүнийг томилогдтол чөлөөлөгдсөн, эсвэл хугацаа нь дууссан гишүүн бүрэн эрхээ эдэлнэ гэсэн тусгайлсан заалттай. Цэц бол Үндсэн хуулийн манаач. Үндсэн хууль манаачгүй нэг өдөр ч байж болохгүй. Цэцийн гишүүнийг чөлөөлсөн нь цагаан дээр хараар бичсэн Үндсэн хуулийн заалт зөрчсөн. Бид Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг хүнийх нь хувьд хамгаалж өмгөөлж байгаа юм биш, Үндсэн хуулиа хамгаалж байна.

Үндсэн хуулиа хамгаалж байгаагийн цаад утга нь Монгол Улсын үндэсний язгуур эрх ашиг, тусгаар тогтнол, ард түмний эрх ашгийг хамгаалж байгаа гэсэн үг. Энэ бол хоорондоо уялдаа холбоотой асуудал юм. Л.Амарсанаа гэдэг хүн МАН-ын гишүүн юм байна гэдэг талаас нь асуудлыг мушгиж байна. Гэтэл энэ хүн академич, хуульч эрдэмтэн, АН-аас Хууль зүйн сайдад томилогдон ажиллаж байсан. Энэ хүн алдсан оносон уу гэдэг нь тусдаа асуудал. Энэ хүнийг чөлөөлөх асуудал нь Үндсэн хууль зөрчиж орж ирсэн. Тиймээс Үндсэн хууль зөрчсөн асуудалд оролцвол манай бүлгийн гишүүд хам хэрэгтэн болно гэж би хэлээд байгаа юм. Хууль зөрчсөн асуудал нь Үндсэн хуулийн хямрал руу түлхэх вий гэсэн болгоомжлол төрж байна" гэв.

Үүний дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

Ж.Батзандан аав, ахынхаа намыг доромжилсондоо уучлалт гуйх ёстой

-УИХ-ын гишүүн Ж.Батзандан чуулганы танхимд МАН-ыг "алуурчны нам" гэж хэлж байсан. Та бүхэн энэ талаар ямар байр суурьтай байгаа вэ?

С.Бямбацогт:

-Монгол Улсын Төрийн ордны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д "Улсын Их Хурлын чуулганы хуралдааны танхим, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдааны танхим, Засгийн газрын хуралдааны танхимд зөвхөн Улсын Их Хурлын чуулганы хуралдаан, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаан, Засгийн газрын хуралдааныг тус тус хийнэ." гэж заасан байдаг. УИХ-ын дарга З.Энхболд 2016 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн үдээс хойш Төрийн ордны эрх зүйн байдлын тухай хуулийг зөрчиж, АН-ын гишүүдэд семинар нэрийн дор үг хэлэх боломж олгосон. Энэ үеэр Ж.Батзандан гишүүн МАН-ыг алуурчдын нам гэж ярьж байна лээ. Өнгөрсөн үе рүүгээ гар буугаар буудвал ирээдүй чам руу их буугаар буудна гэдэг.

Ж.Батзандан гишүүний аав нь МАН-ын гишүүн, МАН-ын төлөө ажил амьдралаа зориулж явсан хүн. Төрсөн ах Бат-Эрдэнэ нь манай намын гишүүн. Манай намын нэрийн өмнөөс олон удаа албан тушаалд томилогдож байсан. Хамгийн сүүлд засаг хамтрахад ЗТЯ-ны ТНБ-ийн даргаар томилогдсон. Тэгэхээр Батзандан аавынхаа, ахынхаа намыг алуурчдын нам гэж олон удаа хэлж байгаадаа МАН, МАН-ын гишүүдээс уучлал гуйх ёстой. УИХ-ын гишүүн хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээхгүй гэдгээр түрий барьж болохгүй. Сонгуулийн жил эхэлсэн үед чуулганы үеэр биш семинар хийж байхдаа МАН-ын нэр төрд халдсан.

Сонгуулийн хуулийн 70.1.6-д "Аливаа этгээд сонгуулийн жил эхэлснээс хойш хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараахыг хориглоно" гэж заасан байдаг. Энэ заалт үйлчилж болно. Иймэрхүү байдлаар гутаан доромжлох үйлдэл гаргаваас МАН хатуу тэмцэхээ илэрхийлж байна. 

-МАН, МАХН хамтарч баяраа тэмдэглэнэ гэсэн. Цаашдаа нэгдэж нийлэх эхлэл гэж үзэж болох уу?

 -МАН 95 жилийн ойгоо тэмдэглэх гэж байна. Энэ баярыг хамтарч тэмдэглэх саналыг МАХН-аас тавьсан. Бид хүлээж авсан. Яагаад бид хамтарч нийлээд улс орны төлөө ажиллаж болохгүй гэж. Тиймээс цаашдаа нэгдэх, нийлэх асуудал яригдахад болохгүй зүйл байхгүй. Манай улсад олон нам, олон толгой хэрэггүй. Нэгдэж нийлэх, хамтран ажиллах бодлогыг дэмжих ёстой.