Хэргийн газрыг хамгаалаад, Нарантуулыг ажиллуулах боломжтой
Хэргийн газрыг хамгаалаад, Нарантуулыг ажиллуулах боломжтой
2016.03.03

Хэргийн газрыг хамгаалаад, Нарантуулыг ажиллуулах боломжтой

Баянзүрх дүүргийн 14 хорооны нутаг дэвсгэрт байрлах "Нарантуул" худалдааны төвийн задгай талбайд өнөөдөр өглөө үүрээр гал гарсан тухай өмнө мэдээлсэн. Тэгвэл нөхцөл байдлын талаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга С.Залуухүү, НОБГ-ын гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга Д.Эрдэнэбаатар, Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хошууч Б.Баатархүү, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Б.Ганбат нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. 

Галын дуудлага гуравдугаар сарын 3-ны 03.39 цагт Шуурхай удирдлагын төвийн 101 дугаарын утсанд иржээ. Эхний дуудлагаар Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид очиж ажиллажээ. Нэмэлт дуудлагаар нийслэлийн Онгой байдлын газрын харьяа Гал унтраах, аврах 14, 18, 26, 29, 30, 34, 35, 63 дугаар ангийн 100 гаруй алба хаагчид ажиллаж, гал түймрийг бүрэн унраасан байна. Мөн цагдаагийн байгууллагын 75 алба хаагч хамгаалалтад ажиллажээ. ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга С.Залуухүү нар гал түймэр унтраах ажиллагааг биечлэн удирджээ. Гал тархаж, дэлгэрсэн юм гараагүй ч бөс бараа, шатах материал ихтэй учраас шаталтын хурд өндөртэй байсныг дурдсан.

Нарантуул захын саравчтай задгай лангуунуудын бөс бараа худалдаалдаг хэсэг галд өртжээ. Энэ талбай нь 95х60 м буюу 5700 м.кв талбай байдгаас 23х48 буюу 2500 м.кв талбай галын шатлагад өртсөн гэсэн урьдчилсан мэдээг гаргажээ. 

Одоогийн байдлаар цагдаа, онцгой байдлын байгууллага хэргийн газрын үзлэг дээр хамтарч ажиллаж байна. Ямар хэмжээний талбай, хичнээн лангуу галд өртсөн, иргэдэд хэдэн төгрөгийн хохирол учрав гэдэг нь хэргийн газрын үзлэг, хэрэг бүртгэл явагдаж дууссны дараа тодорхой болох юм. 

Хэргийн газарт Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаагч болон мэргэшсэн мөрдөн байцаагчид ажиллаж байна. Хэргийн газрыг үзлэгийг Мөрдөн байцаах газрын дэд дарга, Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын дэд дарга удирдаад ажиллаж байгаа. Хэргийн газрын үзлэгийг богино хугацаанд, чанартай явуулахыг зорьж байна. Гал түймрийн улмаас хүний амь эрсэдсэн гэсэн мэдээлэл алга. Хэргийн газрын үзлэг дөнгөж явагдаж байна, галын шалтгаан нөхцлийг тодруулахад тодорхой хугацаа шаардлагатай. Мэргэжлийн шинжээчийн дүгнэлт гарна. Цагдаагийн байгууллагаас холбогдох бүх баримтыг нотлох баримтаар тогтоон ажиллаж байна. Дөнгөж хэргийн газрын үзлэг явагдаж буй учир үндэслэлгүй таамаг дэвшүүлж олон нийтэд ташаа мэдээлэл өгөхгүй байхыг хүсье.  

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-Өмнө нь Нарантуул захад гал гарсан хэргийн талаар мэдээлэл өгөөч? 

Б.Баатархүү: Өмнөх хэргийн мөрдөн байцаалт Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст явагдаж дуусаад прокурорт шилжүүлсэн. Гэвч хохирогчдын зүгээс үнэлгээтэй холбоотой гомдол гаргасан учир прокуророос нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байгаа. Хэргийн шалтгаан нөхцлийг хохирогчдод танилцуулсан. Шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй хэрэг учраас илүү дэлгэрэнгүй мэдээлэх боломжгүй. 

-Нарантуул захыг гурав хоног хаана гэсэн мэдээлэл байна. Ер нь нөхцөл байдал ямар байна вэ? 

Б.Баатархүү: Яг одоогийн байдлаар албан ёсны тийм шийдвэр гараагүй байна. Хэргийн газрын үзлэгийг ахлан ажиллаж буй Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх асуудал эрхэлсэн дэд дарга, хурандаа Б.Даваажав “Онцгой байдлын газрынхантайгаа ярилцаж байгаад хэргийн газрыг хэсэгчлэн хамгаалалтад аваад бусад үйл ажиллагааг хэвийн явуулах боломж байна” гэдгийг хэлсэн. Цагдаагийн байгууллагаас хэргийн газрын үзлэгийг богино хугацаанд, чанартай явуулахыг зорьж байна. 

-Нарантуул захын галын аюулгүй байдалд хэрхэн анхаарч байсан юм бэ? 

Д.Эрдэнэбаатар: Галын аюулгүй байдлын шалгалтууд жил бүр явагддаг. Нарантуул захад хамгийн сүүлд 2015 оны 12 дугаар сарын 27-ны өдөр шалгалт хийж, шаардлага мэдэгдэл өгсөн. Гэвч арга хэмжээ аваагүй учир 2016 оны хоёрдугаар сарын 26-нд 250 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авсан. Бид Нарантууд компанитай хамтран галын аюулаас урьдчилан сэргийлэх нэлээн арга хэмжээ зохион байгуулдаг. Тухайн компани ч бас мөнгө хөрөнгө гаргаад юм хийж байгаа. Гэвч тэр газарт өдөр хичнээн мянган хүн үйл ажиллагаа явуулж, хэдэн хүн орж гардгаас шалтгаалаад өндөр эрсдэлтэй байдаг. Энэ явдал Нарантуулын, онцгой байдлын газрын эсвэл иргэдийн буруугаас болчихлоо гэж нэг тал руу хэвийх нь өрөөсгөл. Шинэ хуульд зааснаар галын аюулгүй байдал хангуулах эрх бүхийн этгээдийг томилж өгөх ёстой. Энэ байгууллагад томилогдсон, арга хэмжээнүүд явагдсан. Галын шалтгаан цагдаа, онцгой байдлын байгууллагын хамтарсан шалгалтаар тодорхой болно.