Сайд Н.Батцэрэг БНХАУ-д айлчлав
БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг
2016.03.01

Сайд Н.Батцэрэг БНХАУ-д айлчлав

САЙД Н.БАТЦЭРЭГ ХЯТАД УЛСАД ХИЙСЭН АЙЛЧЛАЛААРАА 15 УДААГИЙН УУЛЗАЛТАД ОРОЛЦОН, 3 САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА 

БНХАУ-ын Байгаль орчныг хамгаалах яамны сайд Чен Зениний урилгаар БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг дээд хэмжээний албан айлчлал хийлээ. Гурван жил гаруйн өмнөөс төлөвлөж, ихээхэн ач холбогдол өгсөн энэхүү айлчлал 2016 оны 02 сарын 22-ноос 27-ны өдрүүдэд Бээжин хотноо амжилтай болж өндөрлөлөө. Сайдын айлчлалын ажлын хэсэгт БОНХАЖ-ын яамны Газар зохион байгуулалт болон Усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын дарга Г.Мөнх-Эрдэм, Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга Б.Маргад, Ойн бодлого зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Ц.Банзрагч, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Х.Майцэцэг, Хэвлэл мэдээллийн албаны мэргэжилтнүүд болон Бээжин хот дахь Элчин сайдын яамны бүрэлдэхүүн оролцсон юм. 

Айлчлалын үеэр Сайд Н.Батцэрэг Хятад улсын Байгаль орчныг хамгаалах яамны сайд Чен Зенинтэй хэд хэдэн нэн чухал асуудлаар тохиролцоонд хүрсэн ба том жижиг 15 удаагийн уулзалтаар химийн гаралтай хог хаягдлыг устгах,Түүхий нүүрсний хэрэглээнд байгаль орчинд ээлтэй шинэ технологийг нэвтрүүлэх, Усны нөөцийг хамгаалах, ашиглах тухайд мөн цөлжилтийн эсрэг үйл ажиллагааны талаар, Хил орчмын бүс нутгийн аялал жуулчлалыг хамтран хөгжүүлэх асуудлаар тусгайлан хэлэлцэж, хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурлаа. 

Хятад улсыг төлөөлөн санамж бичиг байгуулах, хэлэлцээр хийх энэхүү үйл ажиллагаанд Уснынөөцийняам, Аялал жуулчлалын Хэрэг эрхлэх газар, Ойнулсынзахиргааныгазар, Цаг уурын газрын дарга, Байгаль орчны шинжлэх ухааны академийн захирал, Эдийн засгийн хамтын ажиллагааны газар /FECO/ төвийн захирал,Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дэргэдэх байгаль орчны хамтын ажиллагааны Хятадын төвийн дарга удирдлагууд оролцсон юм. 

Хоёр улсын Байгаль орчны яамдын бодлогын зөвлөлдөх анхны уулзалтыг энэ онд багтаан Бээжин хотноо зохион байгуулах саналыг тавьж Сайд Н.Батцэрэг тавьж, хамтын ажиллагааг эрчимжүүлэх шийдвэртэй алхам хийсэн. Үүний дүнд Монгол Хятад хоёр улсын экспертүүд хамтран ажиллах чиглэл болон төсөл арга хэмжээний танилцуулгыг Улаанбаатар хотноо урьдчилан хийхээр товлолоо. 

Мөн энэ үеэр Япон, БНХАУ, БНСУ-ын Байгаль орчны сайд нарын гурван талт хамтын ажиллагааны уулзалтад Монгол улс ажиглагчаар оролцох хүсэлтэй буйгаа илэрхийллээ.Эдгээр улс орнуудын Байгаль орчны сайд нарын гурван талт хамтын ажиллагаа нь Зүүн хойд Азийн байгаль орчны салбарын бүс нутгийн өндөр түвшний хамтын ажиллагааны гол цөм нь бөгөөд агаарын чанарыг сайжруулах, биологийн олон янз байдал, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хариу арга хэмжээ авах, байгаль орчны боловсрол, ногоон эдийн засаг, корпорацийн нийгмийн хариуцлага зэрэг чиглэлүүдээр ажиллаж байгаа юм. Уг уулзалтад Монгол улс ажиглагчийн байр сууринаас оролцох нь нэг талаараа бүс нутгийн хамтын ажиллагааны талаасаа чухал ач холбогдолтой юм. 

Сайд Н.Батцэрэгийн зүгээс Хятад улсын Байгаль орчныг хамгаалах яамны сайд Чен Зенинтэй хэлэлцсэн бас нэг чухал асуудал бол химийн гаралтай бараа, бүтээгдэхүүний тээвэрлэлт, хадгалалтын тухай байлаа. Энэ төрлийн бараа бүтээгдэхүүний дийлэнх нь БНХАУ-аас Монголд импортоор орж ирж байгаа бөгөөд 2014 оны байдлаар “Петрочайна дачин тамсаг” ХХК-д 500 орчим тн, “Зонхэутиан” ХХК-д 300 тн гаруй хугацаа нь дууссан болон чанарын шаардлага хангахгүй болсон устгуулах шаардлагатай химийн бодисын хог хаягдал үүссэн байдаг. Уул уурхайн салбарт ашиглагдаагүй үлдсэн эдгээр химийн гаралтай бараа, бүтээгдэхүүнийг устгахад хоёр улс хамтран ажиллах дээр санал нэгдсэн юм. 

Мөн Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны харъяа Цаг уур орчны шинжилгээний газар, БНХАУ-ын Байгаль орчны Шинжлэх ухааны академийн хамтран боловсруулсан “Монгол ба Хятадын хөрш зэргэлдээх бүс нутгийн шороон шуурга, цөлжилтийн мониторинг, үнэлгээ” төслийг хэрэгжүүлэхэд БНХАУ-ын Засгийнгазар 3,9 сая юанийн буцалтгүй тусламж үзүүлэхээр шийдвэрлэлээ. 

/25-р суваг телевиз/

Уулзалтын үеэр БНХАУ-ын Байгаль орчныг хамгаалах яамны сайд Чэнь Зинин хэлэхдээ: “Монгол Хятад орны найрсаг хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж ирсэн. Хоёр орон байгаль орчны салбарыг чухалчлан үзэж, томоохон төсөл хөтөлбөр арга хэмжээн дээр хамтран ажиллахаар туршлага солилцож байгаад баяртай байна. Хөгжиж буй орнуудын хувьд байгаль орчны салбар тэргүүн эгнээний хамгийн чухал асуудал болоод байна. Манай улсын хувьд био экологийн тэр дундаа усны салбарын асуудал нэн тэргүүнд тавигдаж, усны хуулийг шинээр гаргахаар ажиллаж байна. 

Нөгөө талаас бид түүхий нүүрсээр эрчим хүчийг хамгийн боловсронгуй болгох техникийн шинэчлэлийг хийж байна. Үүний дүнд орчин үед нүүрсийг хамгийн ихээр хоргүй нөхцөлд хэрэглэдэг болно. Монголын талаас тавьж байгаа химийн хортой бодисийг устгах ажил дээр хамтран ажиллах боломжтой. Мөн хоёр улсын хувьд байгаль экологийн чухал асуудал болсон цөлжилт, шар шороон шуурганы эсрэг хамтран ажиллахад бэлэн байна” хэмээн хэлсэн юм. 

Ийнхүү эдийн засгийн болон байгаль экологийн томоохон асуудал дээр харилцан санал солилцсон Монгол, Хятад улсын байгаль орчны сайд нарын албан ёсны уулзалт амжилттай болж өндөрлөлөө. 

МОНГОЛ, БНХАУ-ЫН УСНЫ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА ШИНЭ ШАТАНД ГАРЛАА 

 

БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг БНХАУ-д хийж байгаа албан ёсны айлчлалынхаа хүрээнд Усны нөөцийн яамны сайд Чен Лейтэй уулзаж хоёр орны усны салбарын өнөөгийн болон хэтийн төлөвийн талаар санал солилцлоо.   

Монгол болон Хятад улсусны нөөцийг хамгаалах салбарт олон жилийн хамтын ажиллагаатай. 1994 онд манай хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан “Хилийн усыг хамгаалах, ашиглах” тухай хэлэлцээрийг хийж байсан нь үүний тод илрэл юм. Харин энэ удаагийн уулзалтаар уг хамтын ажллигааг шинэ шатанд гаргаж, усны нөөц, гадаргуугийн усны шинжилгээ судалгаа, ус ашиглалтын менежментэд орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх тал дээр хамтран ажиллахаар шийдвэрлэж, хоёр улсын сайд нар санамж бичигт гарын үсэг зурлаа. 

Дэлхийн хүн амын эрчимтэй өсөлт, техник технологийн хөгжлийг дагаад усны нөөцийн хомсдол бий болох аюул тулгамдаж байгаа энэ зуунд улс орон бүр олон улсын, бүс нутгийн, хоёр талын гээд бүх хэлбэрийн хамтын ажиллагааг хөхүүлэн дэмжиж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг усны нөөцөө хадгалж хамгаалах зайлшгүй шаардлага үүсч байгаа. Тиймээс ч энэхүү санамж бичиг нь хөрш орнуудын усны салбар дах хамтын ажиллагаашинэ шатанд гарч байгааг харуулсан томоохон үйл явдал болж байна. 

Энд бас нэг чухалчлан авч үзсэн асуудал бол уур амьсгалын өөрчлөлтийн улмаас мөсөн голууд хайлж, улмаар говь, цөлийн бүсэд ууршил ихсэж, нуурууд, усан сангийн ууршлаар ус буцалтгүй алдагдаж байгаа тухай юм. Иймд ууршил хамгийн бага байх, усны эрчим хүчний нөөц ихтэй, гол мөрний урсац бүрдэх өндөр уулын бүсэд усан сан буюу усны нөөц байгуулах замаар гадаргын усыг хуримтлуулах, өндөр уулын бүсүүдэд хөв, цөөрөм байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар санал нэгдсэн. 

Монгол улс, БНХАУ-ын усны салбарын хүрээнд хийгдэхээр тохиролцсон санамж бичгийн хүрээнд ажлын хэсгийн анхны хуралдаан 2016 оны 5 сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдах бөгөөд БНХАУ-ын Усны нөөцийн яамны дэд сайд энэхүү хуралдаанд оролцохоор тохиролцлоо. 

 

МОНГОЛ УЛС БНХАУ-ТАЙ ХИЛ ОРЧМЫН БҮС НУТГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ САНАМЖ БИЧИГТ ЗУРЛАА 

 

БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг Бээжин хотноо хийсэн айлчлалын нэг гол уулзалт нь БНХАУ-ын Аялал жуулчлалын Хэрэг эрхлэх газрын дарга Ли Жинжаотой өрнөсөн юм. 

Дэлхийн их гүрнүүд Хятадын жуулчдыг татахаар анхаарлаа хандуулж байгаа энэ цаг үед хийсэн Н.Батцэрэг сайдын айлчлал олон улсын аялал жуулчлалын хүрээнд анхаарал татсан чухал уулзалтын нэг байлаа. Ази тивдээ төдийгүй дэлхийн улс гүрнүүд аялал жуулчлалын хамгийн том зах зээл хэмээн харж буй Хятад улстай бүс нутгийн аялал жуулчлал тэр дундаа хилийн дагуух боомтуудыг хөгжүүлэхэд хамтран ажиллах нь манай улсын хувьд нэн том боломж юм. Манай улс хил орчмын бүс нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлснээр Хятад улсын жуулчдын гол урсгал болох зүүн хойд бүсийн аялагчдыг татах боломж бололцоо байгаа талаар энэ уулзалтын үеэр дурьдагдсан. 

Хятад улс аялал жуулчлалыг хөгжүүлэхдээ шинжлэх ухааны үүднээс хөгжүүлэхэд ихээхэн анхаарч байгаа ба нийт жуулчдын 80 хувь нь Өвөрмонголчууд бөгөөд нэг жуулчин 1500-3000 ам.долларыг тухайн аялж буй улс орондоо үлдээдэг гэсэн тооцоо судалгаа гаргаад байгаа аж. Энэ тооцооллыг БНХАУ-ын хэмжээнд одоогийн байдлаар 8 байршилд ажиллаж буй аялал жуулчлалын тандалт судалгааны төвөөс хийсэн байна. Монгол улс ч мөн аялал жуулчлалын тандалт судалгааны төв байгуулах саналаа Аялал жуулчлалын Хэрэг эрхлэх газрын дарга Ли Жинжаод тавьсныг шийдвэрлэхээр болсон.         

Уулзалтын үеэр сайд Н.Батцэрэг: “Монго улсын хувьд олон тулгууртай эдийн засгийг хөгжүүлэхийн нэг гол тулгуур нь Аялал жуулчлалын салбар болоод байгаа. Энэ ч үүднээс хөрш орнуудтайгаа туршлага, мэдээлэл солилцох, хил орчмын бүс нутгийн аялал жуулчлал дээр онцгойлон анхаарч байгаа. Гурван улсын хил дамнасан аялал жуулчлалыг хөгжүүлэхдээ Цайны замын аялал жуулчлалыг түлхүү хөгжүүлэх нь чухал” хэмээн онцолсон юм. 

БНХАУ-д хийсэн Н.Батцэрэг сайдын энэ удаагийн айчлал Монгол улсын аялал жуулчлалын салбарт шинэ хуудсыг нээж, олон улсын анхаарлын төвд орсон олон чухал асуудлыг хөндөж, тэдгээр асуудлаар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан нь энэ удаагийн айлчлалын том үр дүн байлаа. Сайд Н.Батцэрэг өнгөрсөн 1 дүгээр сард Мадрид хотноо чуулсан Дэлхийн Аялал Жуулчлалын Байгууллагын хуралд зочилж, 2016 оны 10 сард дэлхийн 140 орныг хамруулах “Нүүдлийн аялал жуулчлал” Олон улсын хурлыг зохион байгуулах эрхийг Монгол улсад авч ирсэн нь аялал жуулчлалын салбарт түүхийн нэгэн шинэ хуудсыг нээж, Монгол орныг дэлхий нийтийн анхаарлын төвд аваачсан онцлог үйл явдал байсан юм. 

МОНГОЛ, БНХАУ ЦӨЛЖИЛТИЙН ЭСРЭГ ХАМТДАА ТЭМЦЭНЭ 

 

Хагас хуурай, хуурай уур амьсгалтай Монгол орны хувьд ойн салбар хамгийн чухал асуудлын нэг байсаар ирсэн. БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэгийн айчлалын бүрэлдэхүүний хэлэлцэх асуудалд ч Хятад улстай ойн салбарт хамтран ажиллах санамж бичиг үзэглэх, үр дүнтэй арга хэмжээг төлөвлөх ажил багтсан. 

Айлчлалын хөтөлбөрийн дагуу БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг БНХАУ-ын Ойн улсын захиргааны дарга Жан Жинлингтэй уулзаж, ойн салбар тэр дундаа цөлжилтийн эсрэг тэмцэх, судалгаа шинжилгээний төвийг гурван аймагт байгуулах, мод тарих, үрийн фондтой болох гээд тодорхой асуудлууд дээр хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийлсэн. 

Мөн дэлхийд ховордоод байгаа мазаалай баавгайн амьдрах орчныг сайжруулах, төрөл зүйл тоо, толгойг нь авч үлдэх асуудлаар хоёр улсын сайдууд санал нэгдэж, БНХАУ-ын Худалдааны яамны зүгээс дэмжихээ илэрхийлсэн. Мазаалай баавгай нь Хятад улсын Тяньшины нуруунд хүртэл нүүдэллэн ирж нутаглаад буцдаг юм байна. Хятадын талаас мазаалайг үр дүнтэй хамгаалахын тулд амьдрах орчныг нь сайжруулснаар байгалийн зүй тогтлоороо өсөж үлдэх боломжтой гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм.     

БНХАУ-ын Ойн улсын захиргааны дарга Жан Жинлинг: Цөлжилт манай улсын хувьд хамгийн том асуудал болоод байгаа. Хөрш зэргэлдээ хоёр улсын хувьд ойжуулах, ногоон бүс байгуулах цөлжилттэй тэмцэж, хамгаалах, зэрлэг ан амьтан болон ургамлын төрөл зүйлийг хамгаалах, техник технологийн дэвшилтэт үр дүнтэй арга хэмжээнүүдийг авах тал дээр хамтран ажиллах боломжтой. БНХАУ-ын зүгээс хөрш зэргэлдээ орнууддаа Ой хамгаалах тал дээр дэмжлэг үзүүлж эхлээд буйгаа онцолсон юм. 

Энэ уулзалтаар яригдсан нэг асуудал бол Ойн тогтвортой менежмент, ой нөхөн сэргээх төслийн хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 8,4 га талбайд мод тарьж тохижуулах төслийн ажлыг АСЕМ-ийн чуулган буюу 7 сарын 1-нээс өмнө хийж, хүлээлгэн өгөхөө Хятадын тал амлалаа. 

БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг БНХАУ-ын Ойн улсын захиргааны дарга Жан Жинлингтэй хийсэн уулзалтынхаа төгсгөлд хоёр улс 2008 онд байгуулсан санамж бичгээ шинэчлэн ойн салбарын хамтын ажиллагааг илүү шинэ түвшинд гаргасан санамж бичигт гарын үсэг зурлаа. 

Газар нутгийн байршил цаг агаарын зүй тогтлын хувьд нэг уур амьсгалын бүсэд орших хоёр улсын цаашдын ойн салбарын ирээдүй, цөлжилттэй тэмцэх бодлого үйл ажиллагаан дээр санал нэгдсэн дээд хэмжээний өндөр ач холбогдол бүхий айлчлал байлаа. 

МОНГОЛ УЛС НҮҮРСНИЙ ТЕХНОЛОГИЙН ШИНЭЧЛЭЛ ДЭЭР ХЯТАДТАЙ ХАМТАРНА 

Сайд Н.Батцэрэг БНХАУ-ын Байгаль орчныг хамгаалах яамны сайд Чень Зининтэй хийсэн уулзалтынхаа дараа яамны харьяа Эдийн засгийн хамтын ажиллагааны газар /FECO/-т зочиллоо. FECO төв нь17 хэлтэс, 230 ажилтан түүнээс 80 гаруй хувь нь аспирантууд ажилладаг үндэсний хэмжээний байгууллага юм байна.

БНХАУ-ын Байгаль Орчны яамны харьяа Эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дарга Чен Линг: Хятад улсын байгаль орчны өнөөгийн асуудал хамгийн тулгамдсан хүндрэлтэй асуудал болоод байгаа. Тэрбум 300 сая хүн амтай Хятад орны хувьд хөгжиж байгаа орон ч гэсэн Европын хэмжээнд очих хүртэл хүндрэл их харагдаж байна. FECO төв дэлхийн 10 гаруй улстай хамтран ажилладаг хэдий ч сүүлийн үед гадны улс орны тусламж багасч байгаа учраас өөрийн улсын дотоод нөөц бололцоогоо ашиглан дэвшилтэт технологийг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Хятад улс эрчим хүчнийхээ 57 хувийг түүхий нүүрснээс гарган авч байна. Агаарын бохирдол өдөр ирэх тусам маш ихээр нэмэгдэж байна.Тиймээс Сибирийн хүйтэн агаарын урсгал, Монголын салхийг их хүлээдэг. Бид бүхэн нүүрсний халаалтын үйлдвэрлэлд шинэчлэл хийж 5-10 жилийн хугацаанд нүүрсний халаалтыг хааж цахилгаан ашиглана. Гэхдээ бүс нутгийн дулааныг ашиглан цахилгаан халаалтыг нэвтрүүлнэ. Манай хоёр улсын хувьд байгаль орчин, ус агаар, хөрснийтомасуудалдээр бүс нутгийн хэмжээнд хамтран ажиллана.FECO нь олон улсын конвенцийн хүрээнд озоны давхаргыг хамгаалах, химийн хортой бодисыг устгах тал дээр ч мөн харилцан хамтран ажиллах бүрэн боломжтой. 

БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг:Нүүрсний салбарын технологийн шинэчлэл дээр харилцан хамтран ажиллах хүсэлтэй байна. Байгаль орчинд ээлтэй технологи нэвтрүүлэх, ашиглах мэдээлэл солилцоход танай байгууллагатай хамтрах боломж бүхий л талаараа байна. Мөн химийн гаралтай бараа бүтээгдэхүүний тээвэрлэлт, устгалын тал дээр мэргэжлийн зөвлөмж зөвлөгөө, мэдээлэл солилцох, технологийн зардлыг бууруулах, нутагшуулах шаардлагатай байна. 

БНХАУ-ын Байгаль орчныг хамгаалах яамны харьяа Эдийн засгийн хамтын ажиллагааны газар /FECO/-т зочилсон Н.Батцэрэг сайдын айлчлалаар нүүрсний салбарын технологийн шинэчлэл, уул уурхайд ашиглагдаж байгаа химийн хортой бодисын устгал тээвэрлэлтийн тал дээр хамтран ажиллахаар боллоо. 

Н.БАТЦЭРЭГ САЙД ШАНХАЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙГУУЛЛАГАД ЗОЧИЛЛОО 

 

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дэргэдэх байгаль орчны хамтын ажиллагааны Хятадын төвийн 2016 оны анхны бас хамгийн өндөр албан тушаалын зочин нь БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг байлаа. ШХАБ-ын Хятадын төвийн дарга Гуо Зин 15 жилийн өмнө Монголд айлчилж байснаа эргэн дурссан халуун дулаан яриагаар зочноо угтсан. 

Сүүлийн жилүүдэд улс төр, нийгэм эдийн засгийн хүрээнд хоёр орны тэргүүнүүдийн харилцан айлчлал улам их өрнөж байгааг онцлон дурдаад улс төрийн харилцаа өргөжсөн нь олон асуудалд дэвшилтэт суурь, байгаль орчны асуудалд томоохон хөшүүрэг болсныг ШХАБ-ын Хятадын төвийн дарга Гуо Зин онцоллоо. 

ШХАБ-ын байгаль орчны хамтын ажиллагааны Хятадын төв нь 2001 онд Байгаль орчны яамны дэргэд бүс нутгийн байгаль орчныг хөгжүүлэх үүрэгтэйгээр байгуулагджээ. 50 гаран оронтой холбоотой, 60 гаруй ажилтантай байгууллага. Монгол, Хятад, ОХУ-ын бүс нутгийн байгаль орчны асуудлыг нарийвчлан судлан ажиллаж байгаа бөгөөд байгаль орчныг хамгаалсан үйлдвэржилт, БО-ны хууль тогтоомж, төсөл мэдээлэл гээд бүхий л төрлийн мэдээлэл оруулах, солилцох мэдээллийн төвийн үүрэгтэйгээр ажиллагаагаа явуулдаг юм байна. 

Уулзалтын үеэр сайд Н.Батцэрэг Монгол улс бүс нутагтаа хэрэгжиж буй томоохон төсөл арга хэмжээнд идэвхитэй оролцдог. Ялангуяа байгаль орчны асуудалд хил хязгаар үгүй тул бүс нутгийн үинж чанартай төсөл хөтөлбөрт Монгол улс нээлттэй оролцохоо илэрхийллээ. 

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дэргэдэх байгаль орчны хамтын ажиллагааны Хятадын төвд зочилсон Н.Батцэрэг сайд Монгол, БНХАУ, ОХУ-ын эдийн засгийн коридор болох төслүүд тэр дундаа хүрээлэн буй орчинд нөлөөлөх төсөл, байгаль орчинд нэвтрүүлэх шинэ технологи дээр хамтран ажиллахаар шийдвэрлэлээ. 

МОНГОЛ БОЛОН ХЯТАД УЛСЫН ЦАГ УУРЫН БАЙГУУЛЛАГА 30 ЖИЛИЙН ТУРШИД 140 УДАА ХУРАЛДАЖ 140 ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЖЭЭ 

 

БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг БНХАУ-д хийсэн айлчлалынхаа хөтөлбөрийн дагуу Хятадын Цаг уурын газрын дарга Зен Гуо Гуантай уулзан ажил байдалтай нь танилцаж, санал солилцлоо. 

Хятадын төрийн зөвлөлийн харьяат бие даасан энэ байгууллага нь улсын, мужийн, засаг захиргааны хүрээнд дөрвөн зэрэглэлийн 2700 гаруй нэгж, 70.000 гаруй ажилтантай бөгөөд 48000 цаг уурын сансрын тандалт судалгаа, хөрсний 14000 судалгааг явуулж, уг судалгаа шинжилгээний ажилд зориулан 50 онгоц хөөргөн ажилладаг юм байна. 

Хятадын Цаг уурын газар нь Монгол улстай гучаад жилийн хамтын ажиллагааны туршлагатай бөгөөд 1981 онд Олон улсын Цаг уурын байгууллагаар дамжин холбогдож, 1988 онд хамтын ажиллагааны баримт байгуулан хоёр жилд нэг удаагийн хурал хийж нийтдээ 140 удаагийн уулзалт зохион байгуулж, 140 төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлжээ. 

 

Цаг уурын газрын дарга Зен Гуо Гуа: Одоогийн байдлаар судалгаа шинжилгээний чиглэлээр шар шороон шуурга, агаар мандлыг судлах, тэтгэлэгт хөтөлбөрт мэргэжлийн хүмүүсээ сургах төслүүд хэрэгжиж байгаа бөгөөд сүүлийн 10 жилд хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж, хоёр улсын цаг уурын салбарт том дэвшил гарч байгаа. Монгол Хятад хоёр нэг цаг агаартай.Дэлхийн цаг уурын байгууллагын хүрээнд ижил тэгш эрх үүргээр хамтран ажиллаж, тодорхой саналууд дээр дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа хэлсэн. 

Сайд Н.Батцэрэг:“Цаг уурын хуурай, сэрүүн нөхцөлтэй Монгол оронд цөлжилт ихсэн, үүнээс байгаль орчны эрсдэл нэмэгдэж байгаа. Цаг уурын газраа орчин үеийн техник технологиор бэхжүүлэх, 8 газар шинэ салбар барихаар төлөвлөж байна.Агаар мандал, түйрэн, шар шороон шуурганы судалгаан дээр хамтран ажиллах хэрэгтэй байна” гэсэн юм. 

БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг тэргүүтэй Монголын төлөөлөгчид Цаг уурын дарга Зен Гуо Гуатай уулзсаны дараа газрын үйл ажиллагаа агаарын хяналтын самбарууд, сүүлийн жилүүдэд дэлхийн цаг уурын өөрчлөлтийн хувьсан өөрчлөгдөхийг хянаж байгаа компьютер тоног төхөөрөмжтэй танилцлаа. Үүний дараа бүх Хятад даяар ирд иргэддээ цаг агаарын мэдээг телевизийн эфирт бэлтгэн хүргэдэг тусгай студи болон мэдээ бэлтгэн хүргэх явц, телевизийн алдартай хөтлөгчдийн түүхтэй танилцаж,  шууд нэвтрүүлэгт нь оролцсон юм.