Өгий нуур мөхлийн ирмэгт ирээд байна
2016.01.26

Өгий нуур мөхлийн ирмэгт ирээд байна

Б.Алтанбагана бизнесийн удирдлагаар магистрын зэрэг хамгаалсан ч 1999 оноос газар тариалангийн бизнес эрхэлжээ. Уул устайгаа ойрхон ажилладаг байсны хувьд байгаль дэлхий хичнээн их доройтож байгааг анзаарч зүгээр хараад суулгүй ямар нэгэн юм хийх хэрэгтэй гэсэн бодол түүнд төржээ. Хүүхэд байхдаа харж баясдаг байсан тэр сайхан байгаль арваадхан жилийн дотор нүдэн дээр нь эрс доройтов.

Ингээд санаа шулуудаж 2015 оны аравдугаар сард Өгий нуурын усны түвшинг сэргээх, Орхон голын ай савыг ойжуулах, хамгаалах зорилго бүхий “Өгий нуур алтан шүтээн” төрийн бус байгууллагыг байгуулжээ. Одоо тэр энэ сэдвээрээ докторын диссертаци бичихийн зэрэгцээ мөхлийн ирмэгт ирээд байгаа Өгий нуурыг сэргээн хамгаалах ажлыг эхлүүлж,  уг асуудлыг Засгийн газар, олон улсын түвшинд гаргаж тавиад байна.

- Өгий нуур өнөөдөр ямар хэмжээнд доройтоод байна вэ?

Би 1993 онд ангийнхантайгаа Өгий нуурт очиж амарч байлаа. Тэр үед энэ нуур 2 метрийн гүнд орсон ч ёроол нь харагдахаар тунгалаг устай байсан. Харин энэ зун гэр бүлээрээ очиж амарсан. Тэгтэл Өгий нуур танигдахын аргагүй эмгэнэлтэй болжээ. Өвдгөөр татсан гүнзгийд хүртэл ёроол нь харагдахааргүй, бохир ногоон устай нуур болсон байв. Амрах гэж очсон боловч сэтгэл өвдөөд эргэж ирсэн. Нуур үндсэндээ мөхлийн гэж болох тийм байдалд хүрсэн байна.

...Өмнө нь 20 гаруй төрөл зүйлийн загастай байсан бол одоо 10 төрөл зүйл үлдсэн байна. Өгий нуур бол Зүүн хойд Азийн нүүдлийн шувууд дайрч өнгөрдөг гол цэг. Нүүдлийн шувууд нуурын баруун талын зэгсэнд нь үрждэг байсан бол өнөөдөр шувууд өндөглөж, үржихээ больсон. 112 төрлийн усны шувуу дайжихад хүрсэн ...

Одоо тэнд зөвхөн махчин шувууд үржиж байна. Ялангуяа хар галуу гэж загасны дайсан бий. Нэг хар галуу хоногт дунджаар 5-8 кг загас иддэг. Идэхдээ загасаа бүтнээр нь шингээдэггүй ходоодондоо хэсэг хугацаанд байлгаж шим тэжээлийг нь авчихаад буцаагаад гулгиж гаргадаг. Тэгэхээр нэг хар галуу өдөрт 5-8 кг хог хаягдлыг нууранд хаядаг гэсэн  үг.

Усны шувууд дайжиж, загас ховордсон үндсэн шалтгаан нь нуурын ус багассантай холбоотой. Нуураас баруун тийш Орхон гол хүртэл таван км орчим газарт машин байтугай морьтой хүн явахааргүй байсан тэр их зэгс, намаг нь 10-аадхан жилийн дотор хатаж устсан. Зэгс нь устсан болохоор машин зам гарч, айлууд түрэн бууж, өвлийн байшин хүртэл барих болсон.

Өгий нуурын ус дундарсан байдал

- Өгий нуур бол аялал жуулчлалын нэгэн чухал бүс. Аялал жуулчлал нуурын доройтолд яаж нөлөөлдөг вэ?

“Хойд мэргэн шанаа”, “Урд мэргэн шанаа” гээд нуур луу орсон хоёр хошуу байдаг юм байна. Орон нутгийн удирдлага санаачилга гаргаж энэ хоёр хушууг яг голоор нь диагональ байдлаар зүүн талыг нь аялал жуулчлалын бүс болгоод, баруун талын нөгөө намаг, зэгстэй байсан их газрыг байгалийн онцгой хамгаалалттай бүс гэж зарласан. Гэсэн ч малчид үүгээр суурьшиж, машин тэрэг тасрахгүй. Зүүн талын аялал жуулчлалын бүс болох нуурын эргийг тойроод дөрвөн том жуулчны бааз үйл ажиллагаа явуулж байна. Зуны цагт уг нуурыг тойроод гэр-амралтын газрууд бүчээд авна. Ингээд нуурын ойролцоо машин тэрэг, хүн зон зай завсаргүй холхилдож, амрагч нар нуураас загас шүүрдэхийн сацуу эрэг дээр нь машин тэргээ угаана. Гэр-амралтын газрууд жижигхэн завьнуудтай. Үүнийгээ амрагч нарт хөлслөх бөгөөд тэд завиараа нуур луу орж загас барина. Эхэндээ тэд тэсэлгээ хийж загас барьдаг байсан бол одоо харин дэгээгээр барьдаг болжээ. Зарим нь тороор барьж шуналтана. Гэвч тороор загас барих нь асар их хорлонтой.

Өнгөрсөн арванхоёр дугаар сард би гурав дахь удаагаа Өгий нуурт очиж, орон нутгийн удирдлагатай уулзсан. Ингэхдээ нэг зүйлийг анзаарсан нь өвлийн загасчлалын нууранд учруулдаг хор хөнөөл. Нуурын мөсөн дээр загасчилж буй хүмүүс хогоо мөсөн дээр үлдээдэг. Хамгийн тоогүй зүйл бол тэд нуурын мөсөн дээр бие засахгүй гэсэндээ шар айрагны хуванцар савнуудад “морь харчихаад” тэнд нь үлдээдэг. Гэтэл тэр хуванцар сав нь 300-400 жил задардаггүй химийн нэгдэл юм.

- Танай ТББ байгуулагдсанаас хойш нуурыг хамгаалах чиглэлд ямар ажлуудыг амжуулав?

Өгий нуур бол чийглэг, намгархаг газрыг хамгаалах “Рамсарын Конвенци”-д бүртгэгдсэн Монголын цөөхөн нуурын нэг. Манай улс тус конвенцийн гишүүн орны хувьд холбооны зүгээс Ази-Номхон далайн бүсийг хариуцсан Лю Янг гэдэг хүнтэй мэйлээр холбоо тогтоож төлөвлөсөн ажлаа танилцуулсан. Энэ хүн ирэх хавар нуур гэсэхээр Монголд ирж нуурын өнөөгийн нөхцөл байдалтай танилцана гэсэн хариу өгсөн. Мөн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд Рамсарын Конвенцийг хариуцсан түшмэл байдаг. Саяхан томилогдсон П.Цогтсайхан гэдэг түшмэлтэй уулзсан. Тэрээр бидний санаачилгыг дэмжихээ илэрхийлж, манай байгууллагаас байгаль орчны үнэлгээ гаргуулах хүсэлтээ өгөхөөр тохиролцсон. Өгий нуурыг хамгаалах үйлс бол зөвхөн манай ТББ-ын ажил биш, энэ асуудалд төрийн байгууллагууд, олон улсын байгууллагуудын анхаарлыг хандуулах цаг болсон гэж бодож байна. 

Рамсарын Конвенциар хамгаалагдсан Монголын нуурууд

- Та Өгий нуурын экологийн тэнцвэрт байдлыг сэргээх чиглэлээр эрдмийн ажил бичиж байгаа гэсэн. Та уг эрдмийн ажлаараа ямар санал дэвшүүлж байна?

Өгий нуурын хажуугаар урсаж өнгөрдөг Орхон голоос салбарласан Хөгшин Орхон болон бусад жижиг гол, горхинууд Өгийнуурт цутгадаг. Гэвч өмнө нь нуурын усны 40 хувийг тэжээдэг байсан энэхүү цутгал 3-4 дахин багасаж, 5-10 хувь болтлоо буурсан. Ингэснээр нуурын ус дундарч Өгий нуураас буцаж гардаг нэг цутгал нь тасарсан. Нуураас гадагшлах урсгал алга болсноор усны сэлгэлт үгүй болж, нуурын ус бохирдож эхэлсэн.

Би дараах санааг хэрэгжүүлж чадвал нуурыг аварна гэж үзэж байна. Залуу Орхон нь хүчтэй, ус элбэгтэй, заримдаа эргээ даван үерлэдэг болохоор тэр илүүдэл усыг тусгай төхөөрөмжөөр татан хоолойгоор явуулна.

... Ингэж Хөгшин Орхоны усны түвшинг нэмвэл нуурын ус ч бас тэтгэгдэнэ. Ингэснээр нуураас гадагшлах урсгал сэргэж, нуурын бохирдол тийшээ гарч нуур дахиад цэнгэгшээд ирнэ. Нэгэнт цэнгэгшээд, Орхон голын цутгалт нэмэгдээд ирвэл байгаль өөрөө аяндаа экологийн тэнцвэрт байдалдаа орж, зэгст намаг сэргэх болно. Газар чийгтэй болчихвол зэгс өөрөө аяндаа ургана. Хэрвээ зэгст намаг хуучнаараа сэргээд ирвэл тэнд буусан айлууд ч нүүх болно ...

Бид нуурын хойд хэсэгт мод тарина. Мод бол усыг газрын гүнээс татдаг. Өгий нуурыг ойжуулах, моджуулах, усжуулах чиглэлээр ХААИС-ын эрдэмтэдтэй хамтарч ажиллахаар болсон.