УИХ-ын гишүүн Л.Болд
2016.03.11

Хот хариуцлагагүй компаниудын гэрээг цуцаллаа

Хан-Уул дүүргийн 2, 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нэхмэлийн шар гэгдэх хуучин байрны зарим оршин суугчид, УИХ-ын гишүүн Л.Болдын хамт өчигдөр Нийслэлийн Удирдлагын Зөвлөлийн хуралд ирж оролцлоо.

Тэд ийнхүү олноороо ирж оролцох болсон нь дахин төлөвлөлтийн тендерт шалгарсан зарим компаниуд товлосон хугацаандаа ажлаа хийгээгүйгээс тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүндээ хандсан аж. Л.Болд гишүүн оршин суугчдынхаа хүсэлтийг Нийслэлийн удирдлагад уламжилсаны дагуу уг хуралд уригдсан аж.Дахин төлөвлөлтийн ажил нь өнөөдрийг хүртэл эхлээгүй удааширч, иргэд хохирч байгаад хотын дарга Э.Бат-Үүл шүүмжлэлтэй хандаж Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар цаг хугацаандаа ажлаа эхлүүлээгүй Фужи Холдинг ББСБ ХХК, Рендербау ХХК-иудад ямар арга хэмжээ авч байна вэ.

Товлосон хугацаандаа ажлаа хийдэггүйгээс болж иргэдийг чирэгдүүлж байгаа тус компаниудыг ажлаа хэзээ эхлүүлэхийг нь хүлээх үү. Эсвэл шууд гэрээг нь цуцалж, хийж чаддаг компанитай нь гэрээ байгуулах уу гэсэн саналыг оруулсан юм. УИХ-ын гишүүн Л.Болд Хот дахин төлөвлөлтийг хариуцаж буйн хувьд журмандаа компани, оршин суугчдын зөвшилцөл дунд иргэд хохирол хүлээхгүй байх нөхцлийг нь сайтар тусгаж өгөх хэрэгтэй. Дахин төлөвлөлтийн ажлын явцад иргэд хохирч болохгүй.

Эцэстээ найдваргүй компаниас болж төр, иргэдийн дунд ч ан цав үүсч мэднэ хэмээв. Тал талын төлөөллүүд саналаа хэлэлцсэний эцэст Нэхмэлийн Шар байрны дахин төлөвлөлтийн ажилд шалгарсан Фужи Холдинг ББСБ ХХК, Рендербау ХХК-иудын гэрээг цуцлахаар боллоо. Шинэ сонгон шалгаруулалтын ажлыг яаралтай зарлаж, цаг алдахгүй ажил эхлүүлэхийг холбогдох байгууллага, албан тушаалтанд Э.Бат-Үүл дарга үүрэг болголоо. Ийнхүү Нэхмэлийн шар-ын иргэдийн тэмцэл үр дүнд хүрч, хариуцлагагүй компаниудын гэрээ цуцлагдлаа.