Гоо сайхандаа анхаардаггүй хүн тойргийн гадна үлддэг
“Гоо хатан медикал”-ын үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Ч.Гүррагчаа
2016.03.16

Гоо сайхандаа анхаардаггүй хүн тойргийн гадна үлддэг

2008 онд гоо сайхны зах зээлд нэгэн гоо сайхны салон хүч түрэн орж ирсэн нь “Гоо хатан”. “Хөмсөгний шивээс” үйлчилгээ нь брэнд болсон гэж хэлж болох тус салон энэ зах зээлд 7 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд өнгөрсөн оны эцсээр эмнэлэг болж өргөжжээ.

"Гоо хатан медикал"-ын хамт олон

Гоо сайхны салонуудын дийлэнх нь эхний хоёр жилдээ дампуурдаг
Ер нь яагаад энэ салбарыг сонгож бизнес эрхлэх болов?

Өмнө нь өмнөд, хойд хөршөөс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, бэлэн хувцас оруулж ирж, худалдан борлуулдаг байсан. Улмаар гоо сайхны салбар ирээдүйтэй болохыг ойлгож, энэ зах зээлд дагнан бизнес эрхлэх болсон.

...Гоо сайхан гэдэг бол анагаах ухааны салбараас салаалан хөгжиж буй өөрийн гэсэн онцлогтой, манай улсын хувьд харьцангуй шинэ салбар гэж болно... 
Энэ салбарт хэдэн гоо сайхны салон, эмнэлгүүд үйл ажиллагаа явуулж байна вэ? Эдгээр салон, эмнэлгүүдийг өрсөлдөгч гэж хардаг уу?
Тооны хувьд олон. Чанарын хувьд эргэлзээтэй.

Жижиг зах зээлд чанартай, чанаргүй олон гоо сайхны салон, эмнэлгүүд үйл ажиллагаа явуулж байна. “Уулын мод урттай, богинотой...” гэдэгчлэн эдгээр салоны дийлэнх нь эхний хоёр жилдээ дампуурдаг. Тогтвортой үйл ажиллагаа явуулж буй салон, эмнэлгүүд харьцангуй цөөн.

Манай улсад гоо сайхны чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг болоод удаагүй, мэргэшсэн мэргэжлийн боловсон хүчин дутмаг байгаа нь нэг талаар хөлөө олж, тогтож үлдэхэд бэрхшээлтэй байна. Нөгөө талаас менежментийн сайн бодлого баримтлаагүйн улмаас дампуурсан тохиолдол ч бий.  

Тэгвэл танай гоо сайхны эмнэлэг мэргэжилтэй боловсон хүчнээр багаа бүрдүүлж чадсан уу? Өнгөрсөн жилүүдэд давхардсан тоогоор хичнээн үйлчлүүлэгчтэй болсон бол?

Гоо сайхны салоноос гараагаа эхлэн, мэргэжлийн, туршлагатай баг хамт олон, техник технологийн бааз сууриндаа түшиглэн гоо сайхны эмнэлэг болж, үйл ажиллагаагаа өргөжүүлж байна. Бид эхлээд дотооддоо сургаж, гадаадад мэргэшүүлэх замаар хүний нөөцөө бэлтгэдэг учраас чанартай үйлчилгээ үзүүлж чаддаг гэж боддог. Гоо сайхны зөвхөн нэг чиглэлээр дагнан мэргэшсэн хүмүүс ч ажилладаг.

Үйлчлүүлэгчдийн 90 гаруй хувь нь эмэгтэйчүүд байдаг. Нийт үйлчлүүлэгчдийн 50-иас илүү хувь нь хөдөө, орон нутгийнхан байдаг.

Үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж хэр байдаг вэ? Үйлчилгээний чанарт сэтгэл ханамж дундуур тохиолдол гарч байсан л байх?
Бид үйлчлүүлэгчдэдээ 98-99 хувийн сэтгэл хангамжтай үйлчилж байна гэж үздэг.

Сэтгэл дундуур үлдсэн хүн тун цөөхөн болов уу. Арьс нь гадны биет хүлээж авахдаа муу тохиолдол 1000 тохиолдол тутамд 1 байх нь бий. Олон мянган үйлчлүүлэгч дунд арьсны болоод бусад төрлийн өвчин эмгэг, үрэвсэлтэй хүмүүс гардаг.  

Танайхыг зорин ирж буй үйлчлүүлэгчдэдээ ямар эмчилгээ, үйлчилгээ санал болгож байна?

Гоо сайхны салон бол арьс цоолох эрхгүй. Тиймээс бидгоо сайхны эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээнд үе шаттайгаар шилжиж байна. Эхний ээлжинд мэсгүй гоо сайхны үйлчилгээ нэвтрүүлж байна. Зах зээлд мэсгүй гоо сайхны үйлчилгээний эрэлт их. Өмнө нь салоны статустай байхдаа хүчин чадал, үйлчилгээний цар хүрээнээсээ шалтгаалан манайхыг зорин ирэгсдийн 1/3-д үйлчилгээ үзүүлж, чадалгүй буцаадаг байсан бол одоо 80-90%-д хүрч үйлчлэх боломж бүрдээд байна.

Манай салоныг зорин ирэгсдийн тоо нэмэгдэхийн хэрээр тэдний эрэлт, хэрэгцээнд тулгуурлан гоо сайхны эмнэлэг болж, үйл ажиллагаагаа өргөжүүлэх шаардлага тулгарсан.

...Мэсгүйгээр арьс цайруулах, үрчлээ татах, нүүрний хэлбэр засах, өөх соруулах, уруулын хэлбэр өөрчлөх, үрчлээ арилгах, хамар өндөрсгөх зэрэг үйлчилгээ үзүүлж байна...

Эдгээр эмчилгээ, үйлчилгээг озоны эмчилгээтэй хослуулан хэрэглэж  байгаагаараа манай эмнэлэг анхдагч гэж хэлж болно.   

Ер нь дотоодын гоо сайхны эмнэлэгт мэс засал хийлгэснээс гадаадад хийлгэх нь илүү найдвартай, чанартай гэдэг асуудалд ямар тайлбар өгөх вэ?

Ойрын 10 жилийн дотор БНСУ-ыг зорьж, гоо сайхны эмчилгээ, үйлчилгээ авч буй үйлчлүүлэгчдээ дотооддоо авч үлдэнэ гэсэн зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Ингэх бүрэн боломжтой гэдэгт би 200 хувь итгэлтэй байна.

Манайхны нэг онцлог бол ямар нэгэн зүйлийг маш хурдан хийж сурч чаддаг улс. Тиймээс манай гоо сайхны эмнэлгүүдийн дунд ширүүн өрсөлдөөн өрнөж, тэндээс үйлчлүүлэгч хожих болно.

...Солонгосчууд сайн гэдэг нь үнэн. Тус улсыг зорьж, гоо сайхны эмчилгээ, үйлчилгээ авч буй нэг хүн дунджаар 5-20 сая төгрөгийг тэнд үлдээж байна...

Монгол Улсын гоо сайхны үйлчилгээний салбарт энэ хэмжээний хөрөнгө оруулалт маш их хэрэгтэй байна. Тиймээс Солонгосчуудтай эн зэрэгцэхүйц чанартай үйлчилгээ үзүүлдэг болно. Мэсгүй гоо сайхны үйлчилгээний тал дээр манайхан Солонгосчуудтай ойролцоо түвшинд хүрч байна. 

Ашигтайгийн хувьд ашигтай
Гоо сайхны үйлчилгээ хэр ашигтай бизнес вэ?

Ашигтай юу гэвэл ашигтай. Гэхдээ хэт жижиг олон гоо сайхны салон, эмнэлгүүд байснаараа бизнес нь томрох, шударга өрсөлдөөнийг хаах, үйлчлүүлэгчдийн эрүүл, чанартай үйлчилгээ авах боломж хязгаарлагдмал байна.

Энэ зах зээлд зохицуулалт хэрэгтэй.

Цаашид чөлөөт өрсөлдөөн нэрийн дор эмх замбараагүй байсаар эрсдэлтэй нөхцөл байдал үүсч, бид үйлчлүүлэгчгүй болно. Шүдний эмнэлэг бол түүний тод жишээ болж байна.

Одоо бол орон сууц болгонд шахуу нэг шүдний эмнэлэг байна. Эдгээр шүдний эмнэлэг томрох, үйл ажиллагаагаа тогтвортой явуулах боломжгүй болсон. Учир нь энэ зах зээл өөрөө хахчихсан. Хөгжингүй орнуудад энэ салбарын үйл ажиллагааг төрийн зохицуулалтаар шийдэж байна. Тухайн салбарт үйл ажиллагаа явуулах нь нээлттэй бөгөөд гагцхүү стандарт тогтоож өгдөг.

Гоо сайхны зах зээлд хөл тавих хүсэлтэй хүмүүст хандаж...?

Ганц хүн айл болдоггүй, ганц мод гал болдоггүй” гэгчээр энэ зах зээлд ганцаараа хөл тавина гэвэл эндүүрэл. Мөнгө л байвал бизнес эрхэлж болно гэвэл худлаа.

Мөнгөтэй болгон гоо сайхны салбарт бизнес эрхлээд амжилт олсонгүй.

Багаар бодоход хоёр хүний хослол зайлшгүй байх хэрэгтэй. Нэг нь байгууллагаа удирддаг, нөгөө нь салбараа сайн мэддэг, мэргэжлийн мэргэшсэн хүн байх ёстой.

Ганц бизнесмен эсвэл ганц эмч, гоо сайханч амжилт олно гэж үгүй. Ямар ч бизнес эхний хоёр жилээ тэсч чадвал цаашид тогтвортой ажиллах хөрс сууриа тавилаа гэж үзэж болно.   

Танай үйлчилгээний өртөг бусадтай харьцуулахад ямар байна?

Бид мэргэжлийн түвшинд хүрсэн үйлчилгээг харьцангуй боломжийн үнээр үзүүлж байна.

Нэг үйлчлүүлэгч дунджаар 50-120 мянган төгрөгийн үйлчилгээ авдаг. Үйлчлүүлэгчдийн хувьд 50 мянгаас доош эсвэл 150 мянгаас дээш төгрөгийн үйлчилгээ авах нь ховор.  

Үйлчилгээний өртөг хэр тогтвортой байдаг вэ?

Боломжийн түвшинд тогтвортой гэж хэлнэ. Инноваци, технологи нэвтрүүлснээр үйлчилгээний төрөл олширч, чанар сайжирснаар үйлчилгээний өртөгт өөрчлөлт орох тохиолдол байж болно.

Гоо сайхны үйлчилгээнд ашиглаж буй бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж, технологийн ханш олон улсад нилээд мэдрэг талдаа байдаг. Манай улсад гоо сайхны үйлчилгээний тоног төхөөрөмж үйлдвэрлэдэггүй учраас энэ зах зээлийг импортын бараа бүтээгдэхүүн эзэлж байна.

...Түүхий эд, тоног төхөөрөмжөө гадаадаас оруулж ирдэг учраас валютын ханшийн эрсдэл хүлээдэг...
Сүүлийн үед оруулж ирсэн технологи, тоног төхөөрөмжөөсөө онцлон дурдаач?
Олон улсын стандартад нийцсэн шинэлэг үйлчилгээ, техник тоног төхөөрөмж оруулж ирэх нь маш энгийн асуудал болсон.

Бид евро технологийн гоо сайхны тоног төхөөрөмжийг Ази дахь албан ёсны түншнээс нь шууд нийлүүлж байна.

Тухайлбал, энд озоны эмчилгээг дурдаж болно. Өргөн тархсан PRP болон лазер эмчилгээнүүдийг чанарын өндөр түвшинд үзүүлж байна. Мөн тамхинаас гаргадаг лазер эмчилгээ оруулж ирээд удаагүй байна. 

Эрүүл ахуйн шаардлагад нийцсэн орчинд эмчилгээ, үйлчилгээ үзүүлж байна

Сурагч ахуй наснаасаа гоо сайхны мэдлэгтэй байх ёстой
Хүн яагаад гоё сайхан байх ёстой гэж?

Гоо сайхандаа анхаардаг хүн өөртөө итгэлтэй, ажлын бүтээмж өндөр байдаг нь судалгаагаар нотлогдсон. Өөртөө анхаарч байна гэдэг өөрийгөө хүндэтгэж байна гэсэн үг. Өөрийгөө хүндэлдэг хүн бусдыг ч мөн хүндэлж, нийгэмд тодорхой байр суурь эзэлж чаддаг.

...Гоо сайхан амжилт дагуулдаг. Тийм учраас амжилт гаргая гэж бодож байвал яалт ч үгүй гоо сайхандаа анхаарах хэрэгтэй...
Нөгөө талаас байгалиас заяасан гоо сайхныг эрхэмлэж, мэсийн болон мэсийн бус аргаар өөрийгөө өөрчлөхөд шүүмжлэлтэй ханддаг хүмүүс бий. Та тэдэнд хандаж юу хэлэх вэ?

Гоо сайхны мэс засал, үйлчилгээнд итгэл үнэмшил муутай, хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс байж болно. Тэд гоо сайхны мэс заслыг дэмждэггүй байлаа гээд бусад хүний үзэл бодол, байр суурийг хүндэтгэх хэрэгтэй.

...Гоо сайхандаа анхаардаггүй хүн тойргийн гадна үлддэг хатуу “хууль” үйлчилж байна. Тийм учраас сайхан харагдах хүсэлтэй хүмүүсийн эрх ашгийг хааж боож болохгүй...  
Зоригтой алхам хийгээд өөрийгөө өөрчилж чаддаг нэг хэсэг байхад өөрийн биеийн аль нэг хэсэгтээ сэтгэл дундуур байдаг атлаа зоригтой өөрчлөлт хийж чаддаггүй нэг хэсэг бас байна?
Хүн бүхэн гоо сайхнаа хадгалах, өөрийгөө арчлах талаар тодорхой хэмжээний мэдлэгтэй байж, гоо сайхандаа цаг, мөнгө зарцуулж байх хэрэгтэй.                            

Манай ЕБС-ийн эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөрт гоо зүйн мэдлэг олгох агуулга багтаах хэрэгтэй байна. Арьс арчилгааны талаар энгийн ойлголт өгөхөөс эхлээд гоо сайхны зах зээлд орчин үед нэвтэрч буй үйлчилгээ, эмчилгээний ач холбогдол, сөрөг үр дагаврыг сурталчлан, таниулж байх нь зүйтэй. Тухайн аймаг дүүрэг, сум хорооны харьяа үйл ажиллагаа явуулж буй гоо сайхны салон, эмнэлгүүд ЕБС-ийн сурагчдад эрүүл мэндийн зөвлөгөө мэдээлэл, сургалт орж байх боломжоор хангаж өгөх хэрэгтэй гэж боддог.

Сурагч ахуй наснаасаа өөрийн арьсны онцлогийг мэдэж, түүндээ тохирсон арьс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэж дадсанаар том болоод гоо сайхны салоноор үйлчлүүлэх соёл, мэдлэгтэй болно гэсэн үг. Ийм мэдлэг, мэдээлэлгүйгээсээ болоод гоо сайхны салонд нэг удаа батганы эмчилгээ хийлгэснээр дахиж батга гарах ёсгүй, 1 цаг 30 минут массаж хийлгэвэл насан туршдаа үрчийхгүй гэж боддог хүмүүс цөөнгүй байна.  Бага зэргийн хэтрүүлэгтэй мэт боловч энэ бол бодит үнэн.

Хүн удирдах амаргүй

Гоо сайхны салоны үүсгэн байгуулсангэхээр гоо сайхны мэргэжилтэй юу?

Миний уг мэргэжил компьютерийн техник хангамжийн инженер. Бизнесийн удирдлагаар мэргэшсэн. Гоо сайхны салоны захирал байлаа гээд заавал энэ чиглэлийн мэргэжилтэй байна гэсэн үг биш. Удирдан зохион байгуулах ур чадвартай, бизнесийн мэдлэг ухаатай байхад мэргэжил үл харгалзан бизнес эрхэлж болно гэж боддог. 

Үндсэн мэргэжлээсээ тэс ондоо салбарт бизнес эрхлэхэд ямар байдаг вэ?

Манай улсын анагаах тэр дундаа гоо сайхны салон, эмнэлгийн зах зээлд менежментийн арга барил дутмаг юм шиг санагддаг. Хөгжингүй орнуудын жишээг харахад бизнесийн удирдлага, менежментээр мэргэшсэн хүн ямар ч салбарын байгууллагыг удирдах чадамжтай байдаг нь нотлогддог. Эдгээр орнуудын эрүүл мэндийн тогтолцоо, үйлчилгээний чанар, удирдлагын арга барил нь манай улсаас тэс ондоо байна.

Манай зах зээлд үйл ажиллагаа явуулж буй гоо сайхны салон, эмнэлгүүд оношилгоо, шинжилгээ хийсний дараа эмчилгээ эхэлнэ гэдэг. Бодит байдалд хүн шууд л үйлчилгээ авч, үр дүнг богино хугацаанд харахыг хүсдэг. Тиймээс манай салон энэ зарчмыг арай өөрчилж, шинжилгээний хариу хүлээлгүйгээр боломжит үйлчилгээгээ эхнээсээ аваад явахыг санал болгодог.

...Эмчилгээ, үйлчилгээ авч байх хугацаандаа шинжилгээнд хамрагдаж, хавсарсан үйлчилгээ авах боломжтой гэж зөвлөдөг...

Гоо сайхны салон, эмнэлгүүд орчин үеийн шинэлэг үйлчилгээ, техник тоног төхөөрөмж оруулж ирдэг ч үйлчлүүлэгчдэд төдийлөн хүрч үйлчилж чаддаггүй нь анзаарагддаг.

2008 онд салоноо нээж, үйл ажиллагаагаа эхлүүлж байх тэр үед гоо сайхны салонууд реклам, зар сурталчилгаагаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацдаггүй байлаа. Гоо сайхны салон, гоо сайхны эмнэлгүүд реклам, зар сурталчилгаа бараг явуулдаггүй байлаа. Энэ тал дээр манай салон анхдагч байж, үйлчлүүлэгчдэд хүрч үйлчлэхийн тулд телевизээр рекламаа цацаж эхэлсэн. Одоо бол ихэнх телевиз гоо сайхны нэвтрүүлэгтэй болж, телевизийн зар сурталчилгааны тодорхой хувийг энэ төрлийн реклам эзэлж байна.

Гоо сайхны үйлчилгээг эдийн засгийн эргэлтэд оруулж, зах зээлд олон өрсөлдөгчтэй болохын хэрээр тэднээс ялгарч чадаж байгаа нь манай компанийн менежментийн бодлоготой салшгүй холбоотой гэж үздэг. 

Хүн удирдана гэдэг хэр хэцүү ажил санагддаг вэ?

Хүн удирдах амаргүй. Байгууллага, компанийн хувьд хамгийн сайн, шилдэг ажилтнаа удирдах албан тушаалд томилох нь бий. Гэтэл тэр хүн хариуцсан ажлаа л сайн хийдэг атлаа хүн удирдах чадваргүй байх тохиолдол бий. Тийм учраас удирдах түвшний хүнийг томилохдоо менежментийн өндөр түвшний чадвартай хүн мөн үү, үгүй юу гэдгийг харгалзаж үзэх нь зүйтэй.

Хүнтэй ажиллана гэдэг маш их эв дүй шаардсан ажил. Хүн удирдаж буй хүн аливаад сэтгэлийн хөөрлөөр хандаж болохгүй.

Миний хувьд хүнийг магтаж байгаа юм шиг шүүмжлээд алдааг нь засуулж чаддаг. Манай хамт олон хоорондоо харилцах, үзэл бодлоо илэрхийлэх тал дээр чөлөөтэй байдаг. Захирал гэдэг олон үзэл бодлыг нэг цэгт зангидаж, барьж байх үүрэгтэн.

...Хамт олон гэдэг ургамал шиг байнгын урган, төлжиж, арчилгаа шаарддаг амьд систем. Тийм учраас зөв усалж, арчилж байх хэрэгтэй гэж боддог...

Ярилцахад таатай байлаа. Баярлалаа. 

Гоо хатан медикал холбоо барих: 976-70117150 99938270