Эрүүл мэндийн даатгал шинэ тогтолцоонд шилжлээ
Монгол Улс анх 1993 онд Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг баталж түүнээс хойш есөн удаа нэмэлт өөрчлөлт оруулж 2002 онд шинэчлэн найруулжээ. Гэхдээ цаг үеийн шаардлагаар дахин шинэчлэн найруулах шаардлагатай болж энэ талаар 2010 яригдаж эхэлсэн. Хоёр парламент дамжин хэлэлцсэний үр дүнд 2015 онд Эрүүл мэндийн даатгалын тухай шинэчилсэн хуулийг батлав. Уг хуулийн онцлох заалтуудыг тоймлон хүргэж байна.
Эрүүл мэндээ даатгуулагч ямар эрх эдлэх вэ?
Юун түрүүнд даатгуулагч эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээ авах, ингэхдээ халааснаасаа аль болох бага мөнгө гаргах нөхцлийг энэ хуулиар бүрдүүлж өгчээ.
... Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн хүн зөвхөн улсын эмнэлэг гэлтгүй хувийн эмнэлгийг ч сонгон үйлчлүүлж болно ...
Энэ нь нэг талаас эмнэлгийн үйлчилгээний хүртээмжийг нэмж, нөгөө талаас эмнэлгүүдийн хооронд зах зээлийн өрсөлдөөн бий болсноор үйлчилгээний чанар сайжирна гэж мэргэжилтнүүд үзэж байна.
... Иргэн болгон шимтгэл төлөлт, эмнэлгээс авсан үйлчилгээ, тусламжийн зардлын мэдээллийг агуулсан даатгуулагчийн цахим карттай байна ...
Ингэснээр даатгуулагч өөрийн эрүүл мэндийн даатгалын мэдээллийг хянах боломжтой болно.
Хэрэв шимтгэлийг илүү төлсөн бол эргүүлэн авч, эсвэл дараа төлөх шимтгэлд суутгуулна. Хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллагсад, хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин, оюутан зэрэг даатгуулагчдын эмнэлгээс авах тусламж, үйлчилгээний зардал нэг жилийн дээд хэмжээ буюу 2 сая төгрөгөөс хэтэрсэн бол гэр бүлийн өөр нэг даатгуулагчийн зөвшөөрлөөр түүний зардлаас шилжүүлэн тооцож болно. Мөн хэвтэн эмчлүүлэх үед өвчний түүх, эмчийн жорын дагуу худалдан авсан эм, тариа, материалын зардлыг өвчтөн өөрөө гаргасан бол даатгалын байгууллага зах зээлийн жишиг үнээр тооцон даатгуулагчид буцаан олгоно.
Эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ илүү өргөн хүрээг хамарна
Шинэчилсэн хуулиар иргэдийн төлөх шимтгэлийн хэмжээ, төлөх нөхцөлд зарим өөрчлөлтийг оруулжээ. Хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй ААН, байгууллагын ажилтан өмнөхтэй адил орлогынхоо дөрвөн хувиар шимтгэл төлөх болно. 0-18 насны хүүхдүүд, оюутнууд 670 төгрөгийн шимтгэл төлдөг байсныг болиулж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний нэгээс доошгүй хувь буюу жил бүр 23040 төгрөгийг (сар бүр 1920₮) төлөхөөр тусгажээ. Харин хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин, гадаадын иргэн, тэтгэврээс өөр тогтмол мөнгөн орлогогүй иргэн, хүүхдээ хоёр (ихэр бол гурав) нас хүртэл нь өсгөн бойжуулж байгаа эх, эцэг, хугацаат цэргийн албан хаагчдын шимтгэлийн хэмжээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хоёр хувь байхаар заасан байна.
... Шимтгэлийг төлөх журамд орсон нэг өөрчлөлт бол оюутнуудын шимтгэлийг төсвөөс төлөхөө больсон явдал юм ...
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг шинэчлэн баталснаар хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ, амбулаторийн үйлчилгээ, өдрийн эмчилгээ, үйлчилгээ гэсэн өмнөх гурван үйлчилгээн дээр нэмэлтээр өндөр өртөг шаардсан дараах эмнэлгийн тусламж, үйлчилгээг даатгалд хамруулах бололцоо бүрджээ. Үүнд:
- Хорт хавдрын болон бусад өвчний хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ
- Өндөр өртөгтэй зарим тусламж, үйлчилгээ, шаардлагатай эмнэлэгийн хэрэгсэл
- Зарим төрлийн хиймэл цорго, сэргээн засах зориулалтаар хийгдэх протез, ортопедийн хэрэгсэл
- Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх зарим сэргээн засах үйлчилгээ, гэрээр үзүүлэх тусламж, үйлчилгээ, өдрийн эмчилгээ,
- Хорт хавдрын хими болон туяаны өдрийн эмчилгээ
- Жирэмсний 37 хоногоос өмнөх ба төрсний дараах үеийн хавсарсан эмгэгийн эмчилгээ
Даатгуулагч эдгээр тусламж үйлчилгээг авахад эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын хэдэн хувийг даахыг тухайн үйлчилгээний онцлог, Эрүүл мэндийн даатгалын зөвлөлийн саналаар тогтоох юм байна. Ямартай ч өндөр зардалтай эмчилгээ хийлгэхэд өвчтөний халааснаас гарах мөнгөний хэмжээ эрс багасна гэдгийг хууль тогтоогчид амлаж байна.
... Хуульд орсон өөр нэгэн шинэ зохицуулалт бол өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргаж байхаар тусгасан явдал юм ...
Ингэснээр даатгуулагч заавал өвчилсөн хойноо бус өвчлөхгүй байхын тулд нэг жилийн дотор 2 сая төгрөгт багтах эрүүл мэндийн үйлчилгээг хөнгөлөлттэй авахаар боллоо.
Хуулийг хэрэгжүүлэх гол байгууллага нь Эрүүл мэндийн даатгалын зөвлөл байна. Уг зөвлөл Засгийн газраас гурав, ажил олгогчдоос гурав, даатгуулагчдаас тус тус гурван төлөөллөөс бүрдэх бөгөөд эрүүл мэндийн даатгалын үйл ажиллагааг хариуцсан төрийн захиргааны төв байгууллага болно.
2016.04.15
2016.04.15
2016.04.15