Эрчим хүч хэмнэлтийг хуульчлав
Эрчим хүчний шимэгчид ба хачирхалтай тоо баримтууд
Амьд биед шимэгчид байдаг шиг цахилгаан эрчим хүчний шимэгчид гэж бас бий. Эдгээр шимэгч жилд улс орны эдийн засгаас олон зуун сая төгрөгийг сордог. Энэ бол унтраасан боловч тогноос салгаагүй зурагт, цахилгаан плитка, компьютер, хөргөгч гээд та бидний өдөр тутам хэрэглэдэг цахилгаан хэрэгслүүд юм. Эндээс хамгийн жаахан шимэгч нь гар утасны цэнэглэгч. Тогонд сул залгаатай байхдаа гар утасны цэнэглэгч watt цахилгаан эрчим хүч зарцуулдаг ба цагт 0.05 төгрөг, өдөрт 1.2 төгрөг, сард 36.50 төгрөг, жилд 438.05 төгрөгийн үргүй зардал гаргадаг. Сард 500 мянган төгрөгний цалин авдаг хүний хувьд энэ мөнгө юу ч биш. Бүтэн жил цэнэглэгчээ тогноос салгахгүй байсан ч яахав. Харин Улаанбаатарт 320 000 өрх амьдардаг, нэг айл дор хаяж нэг цэнэглэгч залгаатай орхисон гэж үзвэл 140,1 сая төгрөг болно. Энэ бол сургууль, цэцэрлэг нь ачааллаа даахаа больсон Монгол улсын хувьд нэг сумын төвд 100 ортой цэцэрлэг барьчих мөнгө.
Сул залгаатай байхдаа гар утасны цэнэглэгчээс хамаагүй илүү цахилгаан “залгидаг” компьютер, зурагт, ус буцалгагч, кофе чанагч, гэрлийн чийдэн гээд цахилгаан хэрэгслүүд бий. Энэ бүгдийн үргүй хэрэглээг тооцоод үзвэл нэг айлын жилийн цахилгааны зардлын 20 хувийг дээрх шимэгчид эзэлдэг.
... Нэг өрх сард дунджаар 20 000 төгрөгийг цахилгааны төлбөрт өгдөг гэж тооцвол нийслэлийн 320 000 мянган өрх зөвхөн нэг сард 1,28 тэрбум төгрөгийн үргүй зардал гаргадаг байна ...
Энэ мөнгөөр 100 ортой цэцэрлэг бараг 10-ыг барина. Харин жилээр нь бодохоос айж байна.
Үргүй зардлыг багасгах зорилгоор сүүлийн жилүүдэд дэлхийн улс орнууд эрчим хүч хэмнэгч технологид харамгүй мөнгө зарцуулах болсон. Зарим улсад фитнес клубт дасгал хийж байх зуур цахилгаан гаргадаг технологи ч хүртэл гарчээ. Гэтэл эрчим хүчний салбар нь зах зээлийн хуулиас зөрж, эдийн засагтаа орлого биш, тэрбум тэрбумын алдагдал авчирдаг цөөхөн орны нэг бол Монгол. Эрчим хүчний компаниуд 1 кВт.ц цахилгаан эрчим хүчийг аж ахуйн нэгж байгууллага, айл өрхөд 129.0 төгрөгийн өртгөөр хүргэж байгаа бол хэрэглэгчдэд борлуулж буй дундаж үнэ 108.1 төгрөг. Нэг кВт.ц цахилгаан эрчим хүч тутамд 20.9 төгрөгийн алдагдал гардаг гэсэн үг.
Иргэд цахилгааны үнэ өсөх тутамд дургүйцдэг. Гэхдээ яагаад нэмэх хэрэгтэйг ойлгоход илүүдэхгүй. Цахилгааны үнийг тайван байлгадаггүй хэд хэдэн зүйл бий. Байсхийгээд ханш нь өсдөг доллар. Монголчууд импортын цахилгаан авахдаа доллараар тооцоо хийдэг. Цахилгаан станциудын үндсэн түлш болох нүүрсний үнийн өсөлт. Мөн эрчим хүчний компаниуд өөрт хэрэгтэй бараа, үйлчилгээг тухайн үеийн ханшаар авдаг учраас инфляци өсвөл эрчим хүчний салбарт хүндээр тусдаг.
Тэгэхээр цахилгааны үнэ өсөх нь аргагүй юм. Гэхдээ бусад бараа, үйлчилгээний үнийн өсөлттэй харьцуулахад шалихгүй.
... 2002-2013 онд цахилгааны үнэ 79 хувиар өсчээ. Гэтэл үхрийн махны үнэ энэ хугацаанд 584 хувиар, бензиний үнэ 364 хувиар, цагаан будаа 311 хувиар, талх 203 хувиар өссөн байна ...
Үүнтэй зэрэгцээд цахилгаан эрчим хүчний хэрэгцээ тогтмол өсч байна. 2012 онд нэг хүнд 1738 кВт.ц ногдож байсан бол 2030 он гэхэд хамгийн багадаа 6124 кВт.ц болж өсөх тооцоо гарчээ.
Хэрэглээгээ 15 хувиар хэмнэж чадвал:
Тиймээс эрчим хүчийг шавхагдашгүй нөөц мэт замбараагүй хэрэглэж их хэмжээний алдагдал хүлээж байгаа энэ байдлыг нэг тийш болгохоос аргагүйд хүрэв.
Шийдэл олдов
Эрчим хүч хэмнэх талаар төрийн нэгдсэн бодлого, энэ харилцааг зохицуулсан хууль, тогтоомж эрх зүйн орчинг бүрдүүлэх асуудал 10 гаруй жилийн өмнөөс яригдаж хуулийн төсөл боловсруулж байсан ч янз бүрийн шалтгаанаас үүдээд хойшилсоор өдийг хүрсэн. Харин өнгөрсөн 2015 оны 11 дүгээр сард УИХ “Эрчим хүч хэмнэлтийн тухай” хуулийг батлав.
Хууль батлагдсанаар эрчим хүч хэмнэх нь зөвхөн эдийн засгийн ач холбогдолтой ойлголт байхаа болив. Эрчим хүч хэмнэлтийн менежер, эрчим хүчний аудит, эрчим хүчний үр ашгийн үйлчилгээ гэсэн шинэ ажлууд үүсэв.
... Нэг үгээр “эрчим хүч хэмнэх” гэдэг нь тусгай мэдлэг шаардсан, гэрчилгээгээр баталгаажих ёстой шинэ мэргэшил болж хувирав ...
Эрчим хүчний аудитор тухайн иргэн, аж ахуй нэгжийн эрчим хүчний хэрэглээнд дүн шинжилгээ хийж, яаж хэрэглэвэл хэмнэлттэй байх талаар хувилбарыг гаргаж өгнө. Эрчим хүч хэмнэлтийн менежерийн хувьд тухайн байгууллагын эрчим хүч хэмнэлтийг хариуцна. Харин эрчим хүчний үр ашгийн үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн байгууллага нь эрчим хүч хэмнэх, үр дүнтэй ашиглах талаар зөвлөгөө өгдөг байгууллага юм. Энэ чиглэлийн байгууллага нь эрчим хүчний аудитын байгууллагын нэгэн адил эрчим хүч хэмнэх талаар үйлчилгээ үзүүлснийхээ төлөө мөнгө авдаг бизнесийн байгууллага юм.
Шинэ хуулиар хамгийн их эрчим хүч хэрэглэдэг хэрэглэгчдийг тодорхойлж “үүрэг хүлээсэн хэрэглэгч” гэж ангилав. Тэдний эрх, үүрэг жирийн хэрэглэгчтэй харьцуулахад тусдаа зохицуулалттай. Үүрэг хүлээсэн хэрэглэгчид гэдэг нь Монгол Улсын нийт эрчим хүчний 50 орчим хувийг хэрэглэдэг 200 орчим аж ахуй нэгж юм. Үүрэг хүлээсэн хэрэглэгчид эрчим хүч хэмнэх, үр ашигтай хэрэглэх үүрэг хүлээхээс гадна хэрэглээндээ аудит хийлгэх, эрчим хүч хэмнэх төлөвлөгөө боловсруулж ажиллах, үр дүнг нь тайлагнах, Эрчим хүчний зөвлөлөөс томилсон эрчим хүч хэмнэлтийн менежерийг ажиллуулах ёстой.
Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулинд эрчим хүч хэмнэхгүй бол тэгж, ингэж шийтгэнэ гэж айлгасан заалтууд ороогүй. Тиймээс эрчим хүч яаж хэмнүүлэх вэ гэсэн асуулт гарч болох юм. Эрчим хүч хэмнэх хөшүүргийг бий болгохын тулд хариуцлагын бус, урамшууллын системийг хэрэгжүүлнэ. Тус хуулийн 10 дугаар зүйлд эрчим хүч хэмнэлтийн арга хэмжээг хэрэгжүүлсэн тохиолдолд хэрэглэгчдэд урамшуулал олгохоор тусгажээ. Гэхдээ зөвхөн хэмнэсэн хэрэглээгээр урамшуулал хязгаарлагдахгүй. Хэрвээ тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага эрчим хүчний хэмнэлттэй барилга байгууламж барих, машин, тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүн, материал үйлдвэрлэх, импортлох болон эрчим хүчний үр ашгийг дээшлүүлж хэмнэлт гаргасан бол дэмжлэг үзүүлж, урамшуулал олгоно гэж заажээ.