П.Эрхэмбаяр: Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн боловсруулалт 80 хувьтай яваа
Эрчим хүчний яамны үр ашиг төслийн хуулийн мэргэжилтэн П.Эрхэмбаяр
2013.04.04

П.Эрхэмбаяр: Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн боловсруулалт 80 хувьтай яваа

Сүүлийн үед эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж байгаатай холбоотой манай улсын эрчим хүчний нөөц багасч байна. Энэ үед цагаа олсон нэг хуулийн төсөл яригдаж байгаа  нь “Эрчим хүч хэмнэлтийн хуулийн төсөл” юм. Тиймээс хуулийн төсөл боловруулалт ямар шатанд явж байгааг тодруулахаар Эрчим хүчний яамны  үр ашиг төслийн хуулийн мэргэжилтэн П.Эрхэмбаяртай ярилцлаа.

- Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн төсөл хэзээнээс эхлэн яригдсан бэ?

Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийг 1999 оноос хойш боловсруулан хэд  хэдэн удаа засгийн газарт хэлэлцүүж  байсан. Харин  буцаагдаж байсан шалтгаан нь эрчим хүч хэмнэлтийн тухай бие даасан хууль байх шаардлагагүй эрчим хүчний хуулийн нэг бүлэг болж явах хэрэгтэй юм байна гэсэн гишүүдийн санал гарсан юм. Гэвч Эрчим хүчний хууль бол тусдаа нэг бүлэг харилцааг зохицуулдаг учир хэмнэлтийн хуулийг тусад нь бие даасан болгох хэрэгтэй.  

- Хуулийн явц хэдэн хувьтай явж байна?

Одоогийн байдлаар хууль хэлэлцүүлэгийн үеэ давж, сайдын зөвлөлийн хурлаар орсон. 80 хувьтай ажил явж байна. Хэлэлцүүлэгийн саналыг нэмж оруулаад, дахиж нэг эргэн харах шаардлагатай. Тэгээд засгийн газарт өргөн барих юм. Хуулийн төслийн хэлэлцүүлэг дахиж хэд хэдэн удаа өрнөх байх.

- Эрчим хүч хэмнэлтийн хууль юуг онцгойлж байгаа бэ?

Эрчим хүч хэмнэлтийн хууль хариуцлага тооцох гэхээсээ илүү өөрсдийн зардлаа хэмнэх боломжийг олгох юм. Эрчим хүч хэрэглэх нь хувь хүний эрх шүү дээ. Хуулийн хүрээнд бол засгийн газар эрчим хүчний хэрэглээг тогтоодог.

Хамгийн гол нь өндөр хэрэглээтэй хэрэглэгчдэд зориулсан тэдний ашиг тусын тулд тэдний үйлдвэрлэл, үйлчилгээ явуулхад нь дарамт болхооргүй байх юм.

Тэр хязгаараас дээш гарсан аж ахуй нэгж байгууллага, үйлдвэрлэл үүрэг хүлээсэн хэрэглэгч юм. Тэгэхээр үндсэний хороо байгуулж  үүрэг хүлээсэн хэрэглэгчийг бүртгэнэ. Ингэснээр Монгол улсын хэмжээнд өндөр хэрэглээтэй үүрэг хүлээсэн хэдэн байгууллага байгааг судална.

Мөн эрчим хүчний аудитор, эрчим хүчний мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх гэсэн хоёр байгууллага гаргахаар төлөвлөж байгаа. Үүрэг хүлээсэн этгээд эрчим хүчний  аудит  хийлгээд цахилгаан дулаанаа алдагдал гаргаж байгаа эсэхээс шалгуулна.

Тэгээд юунаас болсоноо шалгуулж мэргэжлийн байгууллагаас зөвлөмж авах замаар эрчим хүч хэмнэхээр тооцоолж байгаа. Ерөнхийдөө үүрэг хүлээсэн этгээд дээр аудит хийж мэргэжлийн менежер хяналт тавина гэсэн үг.

- Хуулинд иргэд, аж ахуй нэгж жилд хичнээн эрчим хүч ашиглана гэсэн заалт орж байгаа юу?

Үгүй. Иргэдийн эрх ашигт нөлөөлсөн, эрхийг нь боогдуулсан тийм заалт байхгүй. Хамгийн гол нь өндөр хэрэглээтэй хэрэглэгчдэд зориулсан тэдний ашиг тусын тулд тэдний үйлдвэрлэл, үйлчилгээ явуулхад нь дарамт болхооргүй байх юм. Эрчим хүчээ хэмнэж, зардалаа багасгах боломжтой болно гэсэн судалгааг үр ашиг төсөл маань гаргачихсан байгаа.  

Иргэдийн эрх ашигт нөлөөлсөн, эрхийг нь боогдуулсан тийм заалт байхгүй.
- Аж ахуй нэгжүүдийн хувьд ямар ашигтай байх бол?

Хууль батлагдах юм бол үндэсний хорооноос баталсан хөтөлбөрийн дагуу хэрэглээгээ багасгах хэрэгтэй гэсэн тодорхойлолт үүрэг хүлээсэн хэрэглэгчдэд өгөх юм.

Магадгүй цонхноосоо дулаан алдаж байгаа, техник технологи нь хуучирсан учир цахилгаан их хэрэглэж байна гээд акт гаргахад тухайн байгууллага мэргэжлийн байгууллагад хандан техникээ шинэчлэх, үйлчилгээ авах юм.

Ингэснээр  үр дүнд нь хяналтын менежер очиж хангалттай эрчим хүчээ хэмнэж чадсан байна гэсэн дүн гарсан тохиолдолд урамшуулал олгох боломжтой. Урамшуулал ямар байхыг хууль гарсаны дараа үндэсний хороо байгуулагдсанаар нарийвчилсан журам гаргана.

Хууль гаргах нийгмийн хэрэгцээ шаардлага гэж бий. Ямар үндэслэлээр гарч байгаа, хууль гарсантай холбоотой эерэг сөрөг ямар үр дүн гарах бүгдийг хэлэлцэж тооцно. Тэгээд үүрэг хүлээсэн хэрэглэгчтэй холбоотой ажиллах менежер, аудитын байгууллага, хяналт шалгалтын салбарын мэргэжилтнүүд гээд ажлын байрны хэрэгцээ гарах эерэг дүнтэй байгаа.

- Эрчим хүч хэмнэлттэй техник оруулах талаар хуулинд тусгасан байсан. 

Хяналтын  хэсгийг оруулснаар засгийн газраас эрчим хүч хэмнэлттэй техник оруулахад татварын хөнгөлөлт олгох, дэмжих заалтыг оруулсан. Ингэснээр засгийн газар эрчим хүч зарцуулдаг тоног төхөрөмж, ахуйн хэрэглээний цахилгаан бараанд ангилал тогтоох, шошгожуулах, хяналт тавих гэх мэт журам батлах юм.

Үүнтэй холбоотой техник технологийг тухайн үүрэг хүлээсэн хэрэглэгчдэд санал болгон,  хэмнэлттэй байх талаас нь зохицуулалт хийгдэнэ. Гэхдээ энэ бол одоогоор яригдаж байгаа. Хэлэлцүүлэг дээр яригдсан саналыг оруулж өгнө.

- Иргэдэд зориулсан эрчим хүч хэмнэх ахуйн зөвлөмж боловсруулах уу?

Үндэсний хороо байгууллагадаад үйл ажиллагаа явуулахад иргэдэд хандсан эрчим хүчээ хэрхэн хэмнэх тухай зөвлөмж гаргана. Мөн эрчим хүч хэмнэхттэй холбоотой бодлого үндэсний хөтөлбөрийг батална. Тиймээс иргэдэд мэдээлэл очих байх. Хамгийн гол нь хэрэглэгчдийн эрхийг боогдуулсан зүйл байхгүй гэдгийг л анхаарах хэрэгтэй юм.