Г.Энхтуяа:Хууль гарснаар эрчим хүч хэмнэх, үр ашгийг дээшлүүлэх зах зээл бий болно
GIZ - Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн төслийн менежер Г.Энхтуяатай Эрчим хүчний хэмнэлтийн хуулийн өөрчлөлт иргэдийн амьдралд ямар хэрэгтэй талаар ярилцлаа.
-Хэмнэлтийн хуулийг өнгөрсөн жил боловсруулан, Их хуралд өргөн барьсан ч буцаагдсан. Буцаагдсан шалтгаан нь юу байсан бэ
Эрчим хүчний яамнаас 2013 оныг Эрчим хүч хэмнэлтийн жил болгон зарласантай холбоотойгоор “эрчим хүч хэмнэлтийн тухай” хуулийн төслийг 5 бүлэг 17 зүйлтэйгээр боловсруулсан.
Хууль, улсын их хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах өргөн мэдүүлэх журмын тухай хуулийн дагуу процессийн үйл ажиллагааг явуулсан. 2013 оны 9 дүгээр сарын 17-нд Хуулийн төслийн үзэл баримтлалыг Хууль зүйн яамаар батлуулж 15 яамны саналыг авч үндэслэлтэй санал хүсэлтийг хуулийн төсөлд тусгасан. Мөн оны 12 дугаар сард Засгийн газрын хуралдаанд өргөн барихаар хүргүүлсэн. Засгийн газар хэлэлцэж үзээд тодорхой хэдэн шалтгааны улмаас хуулийн төслийг өнгөрсөн 7 хоногт буцаасан гэж сонссон. Их хуралд өргөн бариад буцаагдсан асуудал бол байхгүй байна.
Буцаагдсан асуудал гэвэл хуулийн төсөлд “эрчим хүч хэмнэлтийн хороо” гэсэн хэрэгжүүлэгч статустай төрийн байгууллага шинээр бий болж, төрийн байгууллагын тоог нэмэх, шинэ данхайсан бүтэц бий болох гэж байна, улс төрийн хүнд сурталтай болно гэх мэтчилэн үндэслэлүүдээр буцаагдсан.
- Юуг засч, сайжруулах шаардлага гарсан бэ.
Эрчим хүчний үйлдвэрлэл
Хуулийн төсөл буцсан асуудлыг дээр тайлбарсан. Хэмнэлтийн асуудлыг улс орон даяар хэрэгжүүлэхэд салбар хоорондын уялдааг хангаж, төрийн оролцоог тодорхойлоход төрийн эрх бүхий байгууллага хариуцаж ажиллах шаардлага байгаа юм. Монгол улсад эрчим хүч хэмнэх, үр ашигтай хэрэглэх талаар олон улсын байгууллагууд, донор орнуудын дэмжлэгтэйгээр томоохон төсөл, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж, мөн төрийн захиргааны төв байгууллага тэр дундаа Байгаль орчин, Эрчим хүч, Барилга, Зам тээвэр болон бусад салбарууд өөрсдийн үндсэн чиглэлийн дагуу үйл ажиллагаа явуулахдаа эрчим хүч хэмнэлтийн талаар төсөл, хөтөлбөртөө тусган авч хэрэгжүүлдэгч үр дүн нь төдийлөн харагддаггүй.
Учир нь Монгол улсад эрчим хүч хэмнэх талаар төрийн нэгдсэн бодлого, энэ харилцааг зохицуулсан хууль, тогтоомж эрх зүйн орчин бүрдээгүй мөн эрчим хүч хэмнэх асуудлыг дагнан хариуцсан төрийн байгууллага байдаггүй учраас төрийн захиргааны төв байгууллагууд болон түүний харьяа агентлагууд эрчим хүчний үр ашиг хэмнэлтийн чиглэлээр тус тусдаа үйл ажиллагаа явуулдаг нь хоорондоо уялдаа муутай байдаг. Иймээс эрчим хүч хэмнэлтийн үйл ажиллагааг нийтэд нь хариуцаж, эргээд хариуцлага хүлээдэг, үйл ажиллагаагаа тайлгандаг, хараат бус төрийн байгууллага байх шаардлагатай байна. “Эрчим хүч хэмнэлтийн хороо гэдэг нэрээс нь хүмүүс нилээн том агентлагын түвшиний байгууллага бий болох нь гэсэн хардлага үүсгээд байна. Үндсэн санаа нь бол 15 хүний бүрэлдэхүүнтэй л байгууллагын тухай яригдаад байгаа юм л даа. Хэмнэлтийн хороог Эрчим хүчний яамны бүтцэд оруул, Эрчим хүчний зохицуулах хорооны бүтцэд оруулах саналууд их гардаг. Ажлын хэсэг тухайн үед нь шийдэх байх. Ер нь бол ямарваа төрийн байгууллагаас хараат байж чадвал шудрага, үр дүнтэй үйл ажиллагаа явуулах боломж нь бүрдэж байгаа юм.
-Хуулийн төсөлд шинээр ямар санал яригдаж байгаа вэ?
Мөн урамшууллын асуудлыг хуулийн төсөлд түлхүү оруулж өгөөч ээ гэсэн санал яригдаж байгаа. Эрчим хүчний хэмнэлттэй, үр ашигтай үйл ажиллагаа явуулсан аж ахуйн нэгж байгууллагад урамшуулал олгох асуудал Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн төсөл боловсруулахаас өмнө хуульд тусгалаа олсон байсан. Агаарын тухай хууль, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль гэх мэт хуулиудад эрчим хүчний хэмнэлт, үр ашгийн арга хэмжээг дэмжих урамшуулалын систем орсон байсан.
Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн төсөл саяны дурддаг хоёр хуулиас ишлэл аван заасан. Тэгэхлээр урамшуулалын асуудал бол тусгагдаагүй биш тусгагдсан зүйл байгаа. Нөгөө талаас эрчим хүчний хэмнэлтийн арга хэмжээг авч хэрэгжүүлсэнээр байгууллага, аж ахуй нэгжүүдэд зардал хэмнэх, өрсөлдөх чадвар нэмэгдэх гэх мэт давуу талууд бий болдог учраас заавал үүнийг давхар урамшуулах шаардлагатай юу үгүй гэдэг асуудал гардаг.
Гадны улс орнуудын хэмнэлтийн бодлого ч гэсэн урамшууллын талаар өөр өөр концепцийг хэрэгжүүлдэг. Харьцангуй зардал багатай, үр өгөөж өндөртэй, эргэн төлөгдөх хугацаа багатай арга хэмжээнүүдийг байгууллага, компанууд ямар нэгэн урамшуулал, төрийн дэмжлэггүйгээр авч хэрэгжүүлдэг.
Харин эрчим хүч хэмнэх нөөц бололцоо ихтэй ч зардал өндөртэй авч хэрэгжүүлэхэд харьцангуй төвөгтэй эрчим хүчний хэмнэлтийн арга хэмжээг санхүүжүүлэхэд төрөөс хэрхэн дэмжих, урамшууллыг ямар хэлбэрээр олгох зэрэг зохицуулалтыг боловсруулах шаардлагатай. Эрчим хүчний яамны ажлын хэсэг энэ тал дээр дахин ажиллах байх.
-Одоо хуулийн төсөл ямар шатандаа явж байна вэ
Хуулийн төслийг дахин шинэчилж боловсруулах ажлын хэсгийг байгуулах, процессийн асуудал ахиж эхнээсээ явагдах байх гэж найдаж байна.
-Хууль батлагдсанаар ямар асуудлыг шийдэх боломжтой вэ
Өнөөдөр нийгмийн хариуцлагатай, ногоон эдийн засгийг хөгжүүлнэ гэж
ЭХЯ, илтгэлээс 2014 он
ярьж байна. Эрчим хүчний үр ашиг, хэмнэлт нь ногоон эдийн засгийн үндэс суурийн нэг нь яах аргагүй мөн. Манай улсын эдийн засаг, уул уурхайн салбар хурдацтай хөгжиж байгаагаас цахилгаан эрчим хүчний хэрэгцээ жилд дунджаар 7-10 хувь тогтмол өсдөг.
Мөн 2011 онтой харьцуулбал 2030 он гэхэд 3 дахин өсөх хандлагатай байна. Системийн нийт цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийг улсын нийт хүн амд харьцуулж үзвэл 2012 онд нэг хүнд 1700кВтц оногдож байсан бол 2030 он гэхэд хамгийн багадаа 6000 кВтц болж өсөх судалгаа байдаг.
Энэхүү өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг зөвхөн шинэ эх үүсвэр барих, өргөтгөл хийж шийдэхийн зэрэгцээ эрчим хүчний хэмнэлтийн арга хэмжээг хэрэгжүүлэх замаар шийдэх гарц байна. Эрчим хүчний хэрэглээг илүү үр ашигтай, хэмнэлттэй болгосноор эх үүсвэр талдаа чадал чөлөөлөх боломж олгодог, ийм ч учраас олон улсад “эрчим хүчний үр ашгийг” эрчим хүчний эх үүсвэр гэж үздэг.
Мөн хэмнэсэн 1кВт эрчим хүчинд оруулсан хөрөнгө оруулалт нь шинэ эх үүсвэр барихад шаардлагатай 1кВт-ын хөрөнгө оруулалтаас хамаагүй бага тусдаг. Иймд эрчим хүчний хэмнэлтийн хууль батлагдснаар авч хэрэгжүүлэх эрчим хүчний арга хэмжээний үр дүнд магадгүй шинээр баригдах шаардлагтай байсан 1 шинэ эх үүсвэрийг барилгүй, улсын төсөв хэмнэх боломж байна. Энэ бол мэдээж эрчим хүч хэмнэлтийн арга хэмжээг урт хугацаанд, тогтвортой явуулснаар гарах үр дүн юм.
Өнөөдөр бид бүгд эрчим хүчийг шавхагдашгүй нөөц мэт замбараагүй хэрэглэж байна. Хууль батлагдснаар өндөр хэрэглээтэй үйлдвэр, аж ахуй нэгж, байгууллага, айл өрхүүд мэргэжлийн байгууллагаар эрчим хүчний хэрэглээ, алдагдал, зардлаа бууруулах үнэлгээ хийлгэх боломжтой болж байна. Түүнчлэн мэргэжлийн зөвлөгөө авч техникийн үндэслэлтэй, өртгөө богино хугацаанд нөхөх, тухайн байгууллагын санхүүгийн боломжийн хүрээнд хэмнэлтийн арга хэмжэ авч хэрэгжүүлэх боломж нээгдэнэ.
Хууль гарснаар эрчим хүч хэмнэх, үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг зах зээл бий болно. Өөрөөр хэлбэл эрчим хүчний менежер, эрчим хүч хэмнэлтийн чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг мэргэжлийн байгууллагууд, эрчим хүчний аудитор болон аудитын байгууллагууд тодорхой шалгуурын дагуу эрхээ авч үйл ажиллагаа явуулах боломжтой болно. Эдгээр мэргэжлийн компани, эрчим хүчний аудиторуудын үйл ажиллагаа явуулах зах зээл нь цахилгаан, дулааны өндөр хэрэглээтэй аж ахуй нэгж, байгууллагууд юм.
Мөн хэрэглээ харьцангуй багатай ч эрчим хүч хэмнэх хүсэлтэй иргэн, байгууллага, компанууд эрчим хүч хэмнэх зөвлөгөө авч зардлаа хэмнэх, өрсөдөх чадвараа дээшлүүлэх эсвэл ажиллаж, амьдрах тав тухтай орчин бүрдүүлэх (барилга байшин дулаалах, ) боломжтой болох юм. Нөгөө талаас дулаан цахилгааны хэрэглээ өндөртэй зарим аж ахуй нэгж, байгууллагууд хуулийн дагуу эрчим хүч хэмнэх нь үүрэг хүлээх юм. Өндөр хэрэглээтэй аан, байгууллагууд хэмнэлт гаргасанаар тодорхой үр дүнд хүрдэг.
Мөн Эрчим хүчний хэрэглээ буурч, түүнтэй холбоотой гарах зардалд хэмнэлт гарна. Эрчим хүний үр ашгийн төслүүд нь ихэчлэн эрчим хүчтэй холбогдолгүй үр өгөөжболох бизнесийн бүтээмж болон өрсөлдөх чадварыг сайруулахад хүргэдэг.
Эрэлт хэрэгцээг бууруулсанаар нийлүүлэлтийн саатлыг багасгаж цахилгааны импортыг буурдаг.
-Хэрэгжүүлэх үндэслэл, үр дагавар?
Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн төслийг хэрэгжүүлэх үндэслэл нь Улсын Их Хурлын 2009 оны 38 дугаар тогтоолоор батлагдсан Монгол улсын хууль тогтоомжыг 2012 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэл, Засгийн газрын 2009 оны 01 дүгээр тогтоолоор батлагдсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд эрчим хүчний зохистой хэрэглээг зохицуулах, үр ашиггүй зарцуулалтыг бууруулах, эрчим хүчийг үр ашигтай хэрэглэх, түүнд төрийн байгууллагын зүгээс хяналт тавих, дэмжихтэй холбогдсон харилцааг зохицуулах заалт орсон байдаг.
Монгол улсын хууль тогтоомжыг 2016 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэлд Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн төслийг батлах гэж орсон байдаг.
Хууль батлагдан гарсанаар тодорхой хэмжээний эерэг үр дагавартай.
Эдийн засгийн хувьд:
Эрчим хүчний хэрэглээ буурах буюу үр ашиггүй хэрэглэж байгаа эрчим хүчийг алдагдалгүй болгосоноор түүнд холбоотой зардал буурна.
Эрчим хүний хэмнэлтийн арга хэмжээнүүд нь ы ихэчлэн эрчим хүчтэй холбогдолгүй үр өгөөж болох бизнесийн бүтээмж болон өрсөлдөх чадварыг сайруулахад хүргэдэг.
Эрэлт хэрэгцээг бууруулсанаар нийлүүлэлтийн саатлыг багасгаж цахилгааны импортыг буурдаг.
Засгийн газраас эрчим хүчнийхангамж, нийлүүлэлттэй холбоотой татаасын хэмжээ буурдаг.
Нийлүүлэлтийн саатал болон дэд бүтэц, өргөтгөлтэй холбоотой зардал буурах.
Нийгмийн хувьд:
Хуулийн төслийг хэрэгжүүлэхтэй холбогдон эрчим хүчний менежерүүд, аудиторууд, багш нар, эрчим хүчний хэмнэлтийн арга хэмжээг хэрэгжүүлэх холбогдох ажиллах хүч, мэргэжилтэн, албан хаагч шинээр бий болох давуу талтай. Шинээр бий болж байгаа ажлын байрыг зөвхөн төрийн байгууллагат зардал нэмэх гэж ойлгож болохгүй. Шинэ зах зээл бий болж эрх зүйн орчин бүрдсэнээр таатай үйл ажиллагаа явуулах эрчим хүчний менежер, эрчим хүчний аудитор, аудитын байгууллага, эрчим хүчний мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх байгууллага зэрэг олон ажлын байр шинээр бий болно.
Байгаль орчны хувьд:
Эрчим хүч үйлдвэрлэхтэй холбоотой хүлэмжийн хийн бууралт, байгалийн хязгаарлагдмал нөөцийг хэмнэх зэрэг маш олон давуу талууд бий болох сайн талтай.
Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн төсөл 10 жил дуншиж байна.
Урьдчилсан судалгаагаар нийт 433,9сая.кВт.ц буюу 232.8 мянган тн бодит нүүрс, 359.8 мянган тн CO2, мөнгөн дүнгээр илэрхийлбэл эх үүсвэр талдаа 6,5 тэрбум төгрөг, хэмнэсэн эрчим хүчээ борлуулбал 34,3 тэрбум төгрөг хэмнэх юм. Энэ нь 30МВт чадал буюу дулааны 2-р цахилгаан станцын суурьлагдсан хүчин чадлаас илүү хэмжээний эрчим хүчнийг хэмнэлтийн үйл ажиллагаагаар бий болгох боломжтой.
-Эрчим хүчийг илүү үр ашигтай, зүй зохистой хэрэглэх арга замыг эрэлхийлэх эдийн засгийн сонирхол бий болох уу. Чухам яаж бий болох вэ
Хуулийн төслийн хүрээнд өндөр хэрэглээтэй аж ахуйн нэгж байгууллагууд урсгал зардлын 10-50 хувийг эрчим хүчний зардалд төлдөг гэсэн судалгаа байдаг. Тэгэхлээр хуулийн төслийн дагуу бол үүрэг хүлээсэн хэрэглэгчид маань эрчим хүчний менежер ажиллуудаад, эрчим хүчний аудит хийлгэхээр манай байгууллага яагаад ийм их хэмжээний эрчим хүч үр ашигггүй хэрэглэдэг байсан, үүнийг ямар ямар боломжуудаар багасгах талаарх дүгнэлтийг гаргуулж, хэмнэлтийн арга хэмжээг хэрэгжүүлж эхлэхээр тухайн байгууллагат өөрсдөд нь ямар хэрэгтэй ач холбогдолтойг мэддэг болно. Үүнээс гадна хуулийн төсөлд заагдсан урамшуулал эдлэх боломж бүрдэж байгаа юм.
-Хуулийн хүрээнд төр, төрийн бус байгууллага, аж ахуй нэгж, иргэд ямар үүрэгтэй оролцох вэ?
Дээр дурдсан өндөр хэрэглээтэй аж ахуйн нэгж бол хуулийн төслийн хүрээнд тодорхой үүрэг хүлээж, эрчим хүчний аудит хийлгэх, эрчим хүчний менежер ажиллуулах, урамшуулал эдлэхээр тусгасан. Шинэ хууль батлагдахаар манай иргэдэд ямар дарамт үүсэх вэ? Манай байгууллага яах бол гэсэн айдастайгаар хүлээж авдаг. Манай хуулийн төсөл бол эрчим хүчний хэрэглээ өндөр аж ахуйн нэгж байгууллагад илүү чигэлсэн хууль юм.
Аль болох санкци өндөр буюу хариуцлага тооцох системтэй биш урамшууллын асуудлаар зохицуулсан онцлогтой хууль болж байгаа. Бусад иргэд, аж ахуйн нэгж байгууллага бол өөрсдийн хүсэлтээр эрчим хүчний хэрэглээндээ аудит хийлгэх, урамшуулал эдлэх боломжууд бүрдэж байгаа сайн талтай. Хөдөө орон нутагт буюу суманд хүүхдийн сургууль цэцэрлэг өвөл хангалттай сайн дулаан байж чаддаггүй.
Үүнээс болоод хүүхдийн эрүүл орчинд амьдрах, сурах, тав тухтай орчинд ажиллах зэрэг эрх нь хөндөгддөг. Сум хөгжүүлэх сан болон орон нутгийн төсвийн хөрөнгөнөөс тодорхой хэмжээний мөнгийг тухайн байгууллагын засварын ажилд жилд бүр тодорхойлж төсөвт суулгадаг. Гэвч эрчим хүч хаанаас алдаад байгааг тодорхойлж чадалгүй гээр дээвэр дулаалах, цонх дулаалах ч юмуу эрчим хүчний мэргэжлийн хүнээс зөвлөгөө авалгүйгээр хамаг мөнгөө зарж үр дүнгүй урсгал зардал гарсаар л байдаг. Тэгэхлээр аль хэднийнээ хуулийн хэрэгцээ шаардлага манай нийгэмд тулаад ирсэн байна.
-Хуулийг батлахгүй байх шалтгаан бий юу?
Хууль яагаад батлагддаг вэ гэхээр нийгмийн хэрэгцээ шаардлага зайлшгүй бий болоод байгаа нөхцөлд хуулийг баталдаг. Тухайн харилцааг зохицуулах шаардлага заавал байгаа нөхцөлд. Манай улс нийт эрчим хүчний 50-иад хувийг нь 200 гаруйхан аж ахуйн нэгж алдагдалтайгаа хэрэглээд, агаарын бохирдол нэмэгдүүлээд, байгалийн хязгаарлагдмал нөөцийг үрээд, эдийн засгийн хувьд асар их алдагдалд оруулаад байхуу гэдэг нь өөрөө бас их асуудалтай л байгаа юм.
Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн төсөл 10 жил дуншиж байна. Эрчим хүчний асуудал эрхэлсэн үе үеийн төрийн захиргааны төв байгууллагууд эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн төсөл дээр ажиллаж, олон хувилбаруудыг гаргасан байдаг. Гэвч цаашаа явдаггүй. Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийг батлах зайлшгүй шаардлагатай бөгөөд цаг хугацаа нь болсон гэж үзэж байна.