Хууль чанаржуулах хууль
Хууль боловсруулалт уу, хууль үйлдвэрлэлт үү?
Хуулийн төсөл боловсруулж, батлуулна гэдэг мэдээж зохион бичлэг бичихтэй адилгүй. Энэ бол төрийн албан хаагч хүний хийдэг хамгийн ярвигтай бөгөөд нэр хүндтэй ажлуудын нэг. Энгийн үгээр бол хууль бичих нь супер мэдлэг, туршлагатай хүмүүсийн хийх ажил.
Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт “Хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасан. Харамсалтай нь Монголын парламентад энэ зарчим эсрэгээрээ хэрэгжих тохиолдол цөөнгүй.
Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль, тогтоомжууд
... Хууль санаачлагчид чухам ямар байдлаар хуулийн төслийг хэлэлцүүлсэн, яагаад тухайн хууль хэрэгтэй болсон, иргэд, ТББ, судлаачдын саналыг тусгасан эсэх нь тодорхойгүй байдаг ...
Гэхдээ энэ бол УИХ-ын хууль батлахдаа гаргадаг санаандгүй, эсвэл хариуцлагагүй алдаа юм. Түүнээс гадна санаатай хийдэг алдаа гэж бий. Жишээ нь УИХ-ын гишүүдээс өөрийн явцуу ашиг сонирхлыг хуулинд оруулах гэвэл чимээгүйхэн санаачлаад, чимээгүйхэн хэлэлцүүлээд, чимээгүйхэн баталдаг. Эсвэл чуулганы турш батлахгүй сунжруулж байгаад Наадам, Цагаан сар гэх мэт том баяруудын өмнө ард иргэдийн анхаарал сарнисан үед бөөндөж баталдаг.
Энэ мэтээс болж үүсэх үр дагавар ойлгомжтой. Хууль түүхий, дотоод зөрчилтэй болно. Бусад хуулийн заалттай харшилдана. Баталсны дараа олон журам гаргах хэрэгтэй болно. Нийгмийн шаардлагад нийцэхээ болино. Эцэст нь нэмэлт, өөрчлөлт оруулахаас аргагүйд хүрнэ. Монголын парламент хямарсан нэг том шалтгаан нь энэ гэж судлаачид дүгнэдэг.
Хууль тогтоомжийн тухай хууль
Харин УИХ энэ алдаагаа засах нэгэн чухал алхам хийж 2015 онд “Хууль тогтоомжийн тухай” хууль нэртэй эрх зүйн баримт бичгийг батлав.
... Энэ хууль нэг ёсондоо аливаа хуулийн төслийг яаж боловсруулж, батлах ёстойг нарийвчлан зааж өгсөн бүдүүвч зураг юм. Хуулийн хэмжээ нь бага ч ач холбогдол нь том. Энэ хууль энэ оны хоёрдугаар 10-наас хэрэгжиж эхэлнэ ...
Хуулийн ач тусаас уншигчдад таниулахын тулд зөвхөн хуулийн заалтуудаас иш татах хангалтгүй. Тиймээс олон Засгийн газар дамжсан ч одоо болтол батлаагүй байгаа Худалдааны хуулийн төслийг тодорхой жишээ болгон авч үзье.
Хууль тогтоомжийн тухай хуулийн дөрөвдүгээр зүйлд хуулийг хэрэгжүүлэхэд баримтлах үндсэн зарчмуудыг зааж өгчээ. Үүнд ил тод, нээлттэй байх, олон нийтийн оролцоог хангах, судалгаа шинжилгээнд үндэслэсэн байх гэсэн шаардлагууд оржээ. Энэ талаас нь аваад үзвэл сайн Худалдааны хуулийг боловсруулахад худалдааны сүлжээ дэлгүүрүүд, дэлгүүрийн эээд, Нарантуул захын худалдаачид гээд худалдаанд оролцогч бүх талуудын санал бодлыг тусгах хэрэгтэй гэсэн үг.
Хууль санаачлагч эхлээд тухайн хууль ямар хэрэгтэйг тандаж судлах ёстой. Худалдааны хууль үнэхээр хэрэгтэй юу гэж асууя. Наад зах нь гудамжинд жимс зарж байсан хүнээс алим аваад идтэл гэдэс өвдвөл яах вэ, худалдааны байгууллагуудын 45,7 хувь нь зориулалтын бус ажлын байртай, 39.8 хувь нь хадгалалтын онцгой нөхцөл шаарддаг барааг технологийн горимын дагуу хадгалдаггүй, цаашлаад Монгол улсын гадаад худалдаа байнга алдагдалтай гардаг гэх мэт асуудлыг зохицуулах хэрэгтэй. Тэгэхээр Худалдааны хууль гарцаагүй хэрэгтэй нь ойлгомжтой боллоо.
... Харин одоо хууль санаачлагч элдвийн хийдэлтэй хууль батлахгүйн тулд худалдааны салбарт ажилладаг төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжилтнүүд, судлаачдын саналыг авах ёстой. Үүний тулд хангалттай мэдээлэл цуглартал төрөл бүрийн мэдээллийн сувгаар хэлэлцүүлэг, санал хураалт явуулах ёстой ...
Түүгээр зогсохгүйн уг хуулийн наймдугаар зүйлд зааснаар хууль ёсны эрх, ашиг сонирхол нь хөндөгдөх иргэн, хуулийн этгээдийн төлөөлөл, олон нийтээр хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлж, санал авна. Өөрөөр хэлбэл Худалдааны хуулинд Нарантуулын худалдаачдын санал бодол заавах тусах ёстой.
Санал авах ажил ингээд дуусахгүй. Хууль тогтоомжийн төсөлд эрх зүйн дүгнэлт хийх эрх бүхий этгээдээс санал, дүгнэлт авна. Нэг үгээр хэлбэл худалдааны эрх зүйгээр мэргэшсэн мэргэжилтнүүд ийм Худалдааны худалдааны хуулийг баталж болох эсэх талаар дүгнэлт гаргана. Дараа нь Засгийн газрын хуралдаанаар оруулна. Зөвхөн үүний дараа УИХ-д өргөн мэдүүлнэ.
УИХ-аар тухайн хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэхдээ хуулийн төслийн зөвхөн үзэл, баримтлалыг хэлэлцэнэ.
Хуулийн төсөл боловсруулах дээрх үе шатыг дамжихдаа хамгийн гол нь “халтуурдаж” болохгүй, хэрэв тэгсэн бол ямар хариуцлага үүрэх ёстойг хуулийн төсөлд нарийвчлан зааж өгчээ.
Өнөөгийн парламент хуулийн төсөл боловсруулахдаа шаардлагатай судалгаа хийдэггүй, эрдэмтдийн үгийг чихнийхээ хажуугаар өнгөрөөдөг том дутагдалтай. “Хууль тогтоомжийн тухай” хуулийн 13 дугаар зүйлд энэ талаар тодорхой зааж өгчээ. Хууль санаачлагч юун түрүүнд тухайн хууль Монгол Улсын Үндсэн хууль болон олон улсын гэрээнд нийцэж байгаа эсэхийг судална. Хэрэв Худалдааны хуулийн төсөл Үндсэн хуульд нийцэж байсан ч Дэлхийн Худалдааны Байгууллагын дүрмийг зөрчсөн байвал хуулийн төсөл шалгуурт тэнцэхгүй.
Хууль тогтоомжийн төсөл боловсруулах ажлын аргачлал
Аливаа зүйл хоёр талтай. Хууль санаачлагчт тухайн хууль хүний эрх, эдийн засаг, нийгэм, байгаль орчинд ямар үр нөлөөтэйг судалж зохицуулалтын хувилбарын эерэг болон сөрөг талыг харьцуульж гаргана. Тухайлбал Худалдааны хуулийн төсөлд стандартын өндөр шаардлага тавьсан нь бөөний худалдаачдад тохирох ч зах дээр зогсож амьдралаа залгуулдаг үүргийн худалдаачдыг өндөр түрээс төлөх зайлшгүй байдалд оруулж орлогогүй болговол яах вэ гэдгийг урьдчилан тооцох хэрэгтэй болно.
Хууль санаачлагч шаардлагатай бүх тооцоо, судалгааг хийж, бүх оролцогч талаас санал авснаар тэр цаашдаа олон нийттэй ахиж холбогдохгүй гэсэн үг биш. Хэрэв хэн нэгний санал хуулийн төсөлд тусаагүй бол яагаад тусаагүй талаар тайлбарыг хүргэнэ. Ингэснээр саналыг нь авсан ч тусгасан эсэх нь тодорхойгүй байсаар тухайн хуулийн төсөл батлагдаж, олон нийтийн дунд элдвийн хардлага төрүүлдэг байдал арилна.
“Хууль тогтоомжийн тухай” хууль батлагдсанаар УИХ-ын хууль батлах үйл ажиллагаа цэгцэрч, олон нийтэд хүртээмжтэй, ойлгомжтой болно гэж мэргэжлийн хүмүүс хүлээж байна .