Гэнэт асуудал оруулж ирээд хэлэлцэж байгаа нь зөв үү
УИХ-ын Хууль эүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанааг эргүүлэн татах асуудлыг хэлэлцэж дэмжлээ.
Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанааг эргүүлэн татах хүсэлтийг УИХ-ын Тамгын газраас Улсын дээд шүүхэд хүргүүлсэн юм байна. Уг хүсэлтийн үндэслэлд “Монгол улсын Үндсэн хуулийн Цэцийн тухай хуульд еөрчлөлт оруулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай, хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг тус тус баталсан. Энэ хуулийн ёсчлохыг зөвшөөрч Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирүүлээгүй, мөн хориг тавих эсэхээ шийдээгүй, “Төрийн мэдээлэл" эмхэтгэлд нийтлээгүй байхад Үндсэн хуулийн Цэц нэр бүхий иргэдийн мэдээллийн дагуу маргаан үүсгэж албан ёсоор нийтлээгүй хуулийг хэрэглэж байгаа нь Үндсэн хууль, Монгол улсын Ерөнхийлөгчийн тухай хууль, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг зөрчсөн” хэмээн дурджээ.
Уг асуудлыг хэлэлцэх үеэр МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “УИХ-ын дэгийн тухай хуулийг зөрчиж, УИХ-ын нэр хүндэд халдсан зүйл зөндөө гаргасан. Байнгын хорооны дагуу гурав хоногийн өмнө танилцуулах ёстой. Гэнэт асуудал оруулж ирээд хэлэлцээд байгаа нь зөв үү. Нэг байгууллагаас бичиг явуулаад ингээд байгаа нь болж байгаа юм уу. Дээд шүүхийн холбогдох хуулиудыг зөрчөөгүй байна гэсэн хариу иржээ. Энэ асуудлаа хойшлуулаач гэсэн саналтай байна" гэсэн юм. Гэвч хэлэлцэх асуудлыг баталсан учраас асуудлыг үргэлжлүүлж, хуралд оролцсон 15 гишүүний ес нь дэмжсэнээр Ж.Амарсанааг огцруулахыг дэмжив. Харин Ж.Амарсанаа өнөөдөр энэ асуудлаар мэдээлэл хийхээр болсон юм.