Хуулийн төсөл өргөн барив
Улсын Их Хурлын гишүүн А.Бакей
2016.01.27

Хуулийн төсөл өргөн барив

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн А.Бакей өнөөдөр /2016.01.27/ өргөн мэдүүллээ.

2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Монгол Улсын Их Хурал чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийг баталсан. Сонгууль зохион байгуулах ажиллагаа нь хуулиар тогтоосон тодорхой эхлэх, дуусах хугацаатай бөгөөд тухайн хугацаанд сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой харилцаа явагддаг онцлогтой. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг сонгууль зохион байгуулахтай холбоотой харилцаанд хэрэглэхэд цаг хугацааны хувьд тохиромжгүй хэмээн хууль санаачлагчид үзсэн байна. Тиймээс Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах шаардлага үүсч, Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл, Ц.Даваасүрэн, Б.Чойжилсүрэн нарын хамтаар хуулийн төсөл боловсруулсан болохоо Улсын Их Хурлын гишүүн А.Бакей танилцуулав. 

Хуулийн төсөл батлагдсанаар Сонгуулийн тухай хуулийн 38.1-д заасан сонгууль зохион байгуулахтай холбоотой улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг хүн амын тоог сонгуулийн нутаг дэвсгэртэй харьцуулан гаргасан сонгуулийн төв байгууллагын саналыг үндэслэн Улсын Их Хурал баталсан төсвийн хэмжээнд сонгууль зохион байгуулахтай холбогдуулан бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг шуурхай зохион байгуулж, сонгуулийг тогтоосон хугацаанд багтааж, шаардлагатай бараа, ажил, үйлчилгээгээр хангах нөхцөл бүрдэх юм байна.