Ямар ч тохиолдолд Засгийн газар унахгүй
УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар
2016.01.27

Ямар ч тохиолдолд Засгийн газар унахгүй

УИХ-ын 20 гишүүний өргөн барьсан Ерөнхий сайдыг огцруулах тухай тогтоолын төслийг УИХ дахь МАН-ын бүлэг болон бие даагчид дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Энэ асуудлаар АН-ын гишүүд ямар байр суурьтай байгааг тодрууллаа.

УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар:

-МАН Засгийн газрыг огцруулах асуудлыг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Сөрөг хүчний байр суурь Засгийн газарт нөлөөлөх болов уу?

-МАН-ын шийдвэр өнгөрсөн Даваа гаригт гарсан. Тийм шийдвэр гарах нь тодорхой байсан. Г.Уянга гэдэг хүний нэр дээр ирсэн болохоос МАН ард нь байсан байна гэдэг нь өнгөрсөн даваа гаригт ил боллоо. АН-ын хувьд Засгийн газраа унагаахгүй байхын төлөө ажиллаж байгаа. Ямар ч тохиолдолд Засгийн газар унахгүй гэдэгт итгэлтэй байна.

-Сонгуулийн дүнг гараар тоолно хэмээн МАН-ынхан ажил хаясан. Тухайн үед АН ирцээ сайн бүрдүүлээд ажиллаад явах боломжтой байсанч тэгээгүй. Одоо Засгийн газрын асуудлаас болж МАН-ын гишүүд ажил хаявал АН-ын ирцээ бүрдүүлээд ажиллаж чадах уу?

-АН-ын 35 гишүүн боломжоороо хуралдаанд сууна. Ирцийг бүрэн хангана гэж болно. МАН-ын 26 гишүүн дээр нь “Шударга ёс” эвслийн гурван гишүүн, би даагчид нийлээд ч Засгийн газрыг унагааж чадахгүй.