Нийслэл хотдоо төвлөрсөн улс болох гээгүй л юм бол алс хязгаар нутгаа бодох хэрэгтэй
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэлэлцлээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Оюунхорол байр сууриа илэрхийлэв.
Тэрбээр "УИХ-аар 400 гаруй бодлогын бичиг баримт баталсан ч хэрэгжилт нь хангалттай биш байгаа. Энэ удаад Урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг боловсруулахдаа хэзээ, хаана, хэн, яаж, ямар боловсон хүчний нөөцтэйгээр хэрэгжүүлэх вэ гэдэг олон асуудлыг хамтад нь ярих ёстой. Урт хугацааны хөгжлийн хөтөлбөрөө маш сайн боловсруулаад, үе үеийн Засгийн газар нь тэр бодлогоо баримтлаад улс орноо зөв удирдаад яваасай гэж ард түмэн хүсч, харж байна.
Хөгжлийн хөтөлбөр ярьж байх үеэр сонгуулийн тойргийн мандатыг хэрхэх вэ гэдэг асуудал яригдаж байна. Энэ асуудал дээр УИХ ухралт хийх гээд сууж байна. УИХ бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалаа баталсан. Хөдөө аймаг, орон нутгаа бид хоттойгоо ойртуулсан суурин бүс болгоё, хөдөө орон нутаг руугаа шилжиж амьдардаг тийм сайхан орчныг бий болгоё гэж ярьсан боловч хөдөөгийн хөгжлөөсөө ухарсан, хөрөнгө оруулалтаасаа татгалзсан, хөдөөгийн хөгжлийн бодлогоосоо зайлсхийсэн, орон нутгийн иргэдээ бассан маягтайгаар орон нутгийн найман тойргийг татан буулгахаар оруулж ирж байгааг дэмжихгүй байгаа. Тийм учраас энэ хөгжлийн бодлоготойгоо уялдуулах ёстой. Монгол Улс маань Улаанбаатартаа бөөгнөрч амьдардаг жижиг Сингапур шиг хот улс болох гээгүй юм бол бид өргөн уудам газар нутаг дээрээ Монгол Улсын 3,2 сая хүн ам тав тухтай амьдрах тийм орчин нөхцөл, боломжийг төр бүрдүүлж өгөх ёстой. Энэ чиглэлээр илүү анхаарч ажиллаасай. Ийм учраас Ардчилсан намын гишүүд, тэр тусмаа орон нутгаас сонгогдсон гишүүдийг энэ асуудалд илүү анхаарч ажиллаасай гэж хүсч байна.
Өнөөдөр УИХ-ын 42 гишүүн Улаанбаатар хотод ажиллаж байгаа гэсэн үг. Бүр аргаа ядвал намын жагсаалтынхаа 28 гишүүнийхээ 8-ыг нь татаж аваад хотын тойрог болгоод сонгуульд нэр дэвшүүлээсэй гэж бодож байна. Хөгжлийн хөтөлбөрөө боловсруулахдаа энэ асуудлыг зөв талаас нь хараасай.
Дараагийн нэг асуудал бол монгол хүний хөгжлийн загварыг боловсруулж гаргах цаг болжээ. Монгол хүн, монгол залуучуудын маань ёс суртахууны хүмүүжилтэй холбоотой асуудал сэтгэл эмзэглүүлсэн хүнд сэдэв болж байна. Цаашдаа бид хүнээ яаж хөгжүүлэх, яаж зөв хүнийг төлөвшүүлэх, монгол хүний хөгжлийн загвар ямар байх вэ гэдэг асуудлыг энэхүү хөгжлийн хөтөлбөртөө тусгаж ярих цаг нь болсон байна.
Мөн дэлхийн улс орон бүр тогтвортой хөгжлийн 17 зорилтод тулгуурласан урт хугацааны хөгжлийн хөтөлбөрүүдээ боловсруулсан. Өнөөдөр Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд өртөмхий байгаа бөгөөд нэн ялангуяа хөдөөгийн ард түмний маань амьдрал маш өртөмхий байна. Үүнд яаж дасан зохицож амьдрах вэ гэдэг асуудал гарч ирж байгаа. Энэ жил уур амьсгалын өөрчлөлтөөс болж ихэнх нутгаар зудтай, өвөлжилт хүндэрч байна. Малчдын маань хөдөлмөр үнэгүйдэж, малын түүхий эд борлогдохгүй байгаа, арьс ширээ борлуулж чадахгүй, бараг модон чихрийн үнэгүй болсон тухай ярьж байна. Ийм цаг үед Монгол Улсын хөгжлийн бодлогын асуудал ярьж байгаа бол үнэхээр амьдралд ойрхон бодлогын бичиг баримт гаргамаар байна. Нөгөө талаас байгаль экологийн доройтол хүчтэй явагдаж байгаа цаг үед хөгжлийн хөтөлбөрт энэ асуудлыг тодорхой тусгамаар байна" гэлээ.