Байнгын хорооны дарга Д.Батцогт НҮБ-ын Хүүхдийн сангийн бүсийн захирлыг хүлээн авч уулзлаа
УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт
2016.01.25

Байнгын хорооны дарга Д.Батцогт НҮБ-ын Хүүхдийн сангийн бүсийн захирлыг хүлээн авч уулзлаа

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт НҮБ-ын Хүүхдийн сангийн бүсийн захирал Даниэль Түүлийг өнөөдөр /2016.01.25/ хүлээн авч уулзлаа. Байнгын хорооны дарга Д.Батцогт хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр олон жил ажилласан, арвин туршлагатай хүнтэй уулзаж байгаадаа баяртай байгаагаа уулзалтын эхэнд илэрхийлсэн юм.

Тэрбээр, Монгол Улс Үндсэн хуульдаа, “Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалах үүрэгтэй” гэж заасан хэмээгээд УИХ, Засгийн газрын зүгээс хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр олон ажил хийж байгааг онцолсон.

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслүүдийг батлуулахаар ажиллаж байгааг Байнгын хорооны дарга дурдаад, УИХ-ын даргын захирамжаар Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллыг дэмжих лобби бүлгийг санаачлан байгуулж, ахлагчаар нь УИХ-ын гишүүн С.Одонтуяа ажиллаж байгаа талаар мөн мэдээлсэн юм. Хүүхдийн эрх, Хүүхэд хамгааллын тухай хуулийн төслүүдийг УИХ-аар хэлэлцэж байгаатай холбогдуулан тус лобби бүлэг НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран иргэд, олон нийтээс санал авах “Хүүхдийн төлөө ногоон карт” 14 хоногийн аяныг зохион байгуулан, иргэдээс ирсэн саналыг хуулийн төсөлд тусгасан гэж УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга Д.Батцогт хэллээ.

Түүнчлэн тэрбээр, тус Байнгын хороо, Төсвийн байнгын хороотой хамтран ОХУ-ын Улаан-Үд хотын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургадаг сургууль, цэцэрлэгүүд, асрамжийн газруудын үйл ажиллагаатай танилцан, туршлага солилцоод ирсэн хэмээгээд Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролын асуудлаар Засгийн газарт үүрэг өгнө гэж хэллээ.

Уулзалтын үеэр Байнгын хорооны дарга Д.Батцогт УИХ дахь Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудлаар байгуулагдсан Лобби бүлгийн үйл ажиллагаанд НҮБ-ын Хүүхдийн сан дэмжлэг үзүүлэхийг хүсч байгаагаа илэрхийлсэн. Мөн Хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын тухай хуулийн төслүүд батлагдсаны дараа хэрэгжилтэд хяналт тавин ажиллах, бусад орны сайн туршлагыг судлахад хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа дуулгасан юм.

НҮБ-ын Хүүхдийн сангийн бүсийн захирал Даниэль Түүл, Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр Монгол Улсад хийгдэж буй ажлууд дотор бусад оронд жишиг болох зүйлс байна хэмээгээд хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын чиглэлээр эрх зүйн орчныг сайжруулаад зогсохгүй хэрэгжүүлэхээр санаа тавин ажиллаж байгаад талархаж байгаагаа илэрхийлсэн.

Тэрбээр хууль батлах гэж буй хүмүүс иргэдийнхээ санаа бодлыг сонсох нь чухал гээд нийгмийн үйлчилгээний үзүүлэлтүүд зарим талаараа сайн харагдаж байгаа ч тэрхүү үйлчилгээний гадна хүүхдүүд орхигдчих гээд байдгийг сануулан, тэдгээр хүүхдүүдэд хүрч ажиллаарай гэж захьсан. Тэрбээр НҮБ-ын Хүүхдийн сан цаашид хамтран ажиллаж, дэмжлэгээ үзүүлэх болно хэмээгээд хүүхэд хамгааллын чиглэлээр ажиллахад бэрхшээл олон байгаа ч УИХ-ын зүгээс хийж буй ажил амжилттай яваад талархаж буйгаа илэрхийллээ.