УИХ-ын гишүүн Д.Батцогт
2016.01.27

Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2016.01.27.Лхагва гараг/ 11 цаг 55 минутад гишүүдийн 57.9 хувийн ирцтэй эхлэв.

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Боловсролын тухай, Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслүүдийн талаарх ажлын хэсгээс гаргасан танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч А.Бакей танилцуулав. Ажлын дэд хэсэг гурван удаа хуралдаж хуулийн төслүүдийн талаар  нийтдээ 8 зарчмын зөрүүтэй саналын томьёолол бэлтгэснийг Ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн байна. Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, С.Эрдэнэ нар асуулт асууж хариулт авав.

Улсын Их Хурлын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ асуултдаа, 6 настай хүүхдийг нэгдүгээр ангид оруулж сургаж байгаатай холбоотойгоор хөдөө орон нутагт ялангуяа алслагдсан айл өрхийн хүүхдүүдийг сургуулийн дотуур байранд байрлуулж сургах асуудал дээр маргаан үүсч нэлээдгүй хугацаа өнгөрлөө. Ажлын хэсгээс гаргасан саналд “ 6 наснаас нь сургуульд элсүүлэх боломжгүй малчин эцэг, эхийн хүсэлтийг хэлэлцэж, сургуулийн захиралд санал гаргах” гээд орхисон байна. Сургуулийн захирал нь ямар шийдвэр гаргах, ямар эрхтэй байгаа нь тодорхой бус байна гэдгийг тодотгосон юм.

УИХ-ын гишүүн А.Бакей

Улсын Их Хурлын гишүүн А.Бакей, Боловсрол эзэмших нь хоёр талтай. Нэг талаас суралцагч хувь хүн хүүхдийн өөрийнх нь асуудал, нөгөө талаас төрийн болоод хувийн өмчийн сургууль буюу сургалтын байгууллагын асуудал байдаг. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулинд сургуулийн талаас хүүхдийг 6 насанд нь сургуульд элсүүлэх зохицуулалт бий.

Гэтэл хүүхдээ хэдэн наснаас нь сургуульд суралцуулах вэ гэдэгт тухайн суралцагчийн эцэг, эхийн санал бас чухал байгаа. Тиймээс энэ хуулинд байгаа сургуулийн зөвлөл буюу эцэг эхийн төлөөллийн чиг үүрэгт сонголт хийх, уян хатан бололцоо бүрдүүлэх үүднээс дээрх саналыг оруулсан. Статистик мэдээллээр 2015-2016 оны хичээлийн жилд нийтдээ нэгдүгээр ангид 10 мянга гаруй сурагч суралцаж байгаа юм байна. Энэ 10 мянган суралцагчдаас 345 нь 5 наснаас сургуульд элсэж байгаа бол 8664 хүүхэд 6 наснаас, 941 нь долоон наснаас, 85 нь найман наснаас сургуульд элсэж байгаа гэсэн дүн байна. Иймд сургуулийн зөвлөлд зохих хэмжээний сонголт хийх, тэгэхдээ эцэг, эхийн зайлшгүй нөхцөл байдлыг харгалзаж шийдвэр гаргах боломжтой гэж үзэж байгаа гэлээ.

Хэлэлцүүлгийн шатанд хуулийн төслүүдийн талаарх Ажлын хэсгээс гаргасан дээрх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд дэмжлээ. Тухайлахад, “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, насан туршийн боловсролын байгууллагын багш, ажилтны ажлыг үнэлэх, дүгнэх, багшлах эрх олгох, арга зүйч, багш, сургалтын менежерийн мэргэжлийн зэрэг олгох, хасах журмыг батлах.

Сургуулийн удирдах албан тушаал эрхэлж байгаа багшийн мэргэжлийн зэрэг хэвээр хадгалагдана”, “Төрийн өмчит бүх шатны сургууль, цэцэрлэгийн тогтмол зардал, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын дотуур байрны нийт зардал, цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын тодорхой хувь, өмчийн хэлбэр харгалзахгүйгээр ашгийн болон ашгийн төлөө бус цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн албан болон албан бус сургалтад хамрагдаж байгаа нэг суралцагчид ногдох хувьсах зардлыг улсын төсвөөс тус тус санхүүжүүлнэ” гэж өөрчлөн найруулсныг хуралдаанд оролцсон гишүүд дэмжив.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ

Мөн ажлын хэсгээс гаргасан “зайлшгүй нөхцөл байдлын улмаас хүүхдээ 6 наснаас нь сургуульд элсүүлэх боломжгүй малчин эцэг, эхийн хүсэлтийг хэлэлцэж, сургуулийн захиралд санал гаргах” гэсэн саналыг “зайлшгүй нөхцөл байдлын улмаас хүүхдээ 6 наснаас нь сургуульд элсүүлэх боломжгүй малчин эцэг, эхийн хүсэлтийг хэлэлцэж, сургуулийн захиралд санал гаргах, шийдүүлэх” гэж өөрчлөх нь зүйтэй гэсэн Улсын Их Хурлын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэний саналыг дэмжсэн юм.

Мөн хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох орчин, нөхцөл, сургуульд хамрагдалтын байдал, Ерөнхий боловсролын тусгай хэрэгцээт сургуулиудын үйл ажиллагаатай танилцан цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулж Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулга, Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Д.Арвин танилцуулсан.Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ, Д.Батцогт, А.Бакей нар асуулт асууж, санал хэлэв.

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр

Улсын Их Хурлын гишүүн А.Бакей, маш их буянтай ажил санаачилж байгаа юм байна гэдгийг хэлээд, хэрэгжилтийг хангуулах асуудалд байнгын хороо хяналт тавьж, анхааралтай ажиллаж хэрэгтэйг сануулсан юм. Ингээд Засгийн газарт чиглэл өгөх тухай Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо болон Төсвийн байнгын хорооны хамтарсан тогтоолын төслийг дэмжих санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд 81.8 хувийн саналаар дэмжиж баталлаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.