Бодит тооцооллоор хөгжлийн үзэл баримтлалыг боловсруулсан
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэлэлцэж байна. Тус хөгжлийн үзэл баримтлалд 2030 он хүртэлх хөгжлийн төлөвийг тодорхойлж, тодорхой зорилт дэвшүүлжээ.
Тухайлбал, 2030 онд нэг хүнд ногдох орлогоороо дунд орлоготой орнуудын тэргүүлэх эгнээнд хүрсэн, тогтвортой ардчилсан засаглалтай улс орон болно. Ингэхдээ нэг хүнд ногдох үндэсний нийт орлого 17500 ам.долларт хүрнэ. Эдийн засгийн дундаж өсөлт 2016-2030 онд 6.6 хувиас доошгүй байна. Ядуурлын бүх төрлийг эцэс болгоно. Нийт хүн амын 80 хувь нь дундаж болон чинээлэг дундаж давхаргын ангилалд багтсан байна. Монгол хүний дундаж наслалтыг 78-д хүргэнэ зэрэг зорилтуудыг тусгажээ. Эдгээр зорилтыг хэрхэн тооцож гаргасан, биөлэх боломжтой эсэх асуудлыг УИХ-ын гишүүд хууль санаачлагчдаас лавлаж байлаа.
Харин хууль санаачлагчдын нэг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Өмнө нь гаргасан бодлогын баримт бичгүүд эдийн засгийн өсөлт 17 хувь хүрсэн, хөрөнгө оруулалт 3-4 тэрбум ам.доллар болчихсон үед хэт өөдрег төсөөллөөр гарсан байдаг. Тэгвэл энэ удаад бид хэт өөдрөг төсөөллөөр биш бодитой тооцоо судалгаагаар олон улсад ашигладаг Т21 загвараар гаргасан. Монгол Улсын эдийн засгийн дундаж өсөлт урт хугацаандаа дунджаар 6.6 хувьтай байна. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 2030 он гэхэд 17500 орчим ам.доллар байна. Хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд 35-40 их наяд төгрөгийн эх үүсвэр хэрэгтэй болно гэж манай мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаачид тооцож гаргасан” гэдгийгонцлов. Мөн хөгжлийн урт хугацааны үзэл баримтлалын хэрэгжилтийг Засгийн газар хоёр жил тутам хэлэлцэж дүгнэхийг хуульчлах ажээ.