Хуулийг хэрэгжүүлэх үүрэг хүн бүрт тэгш байх ёстой
2016.01.28

Хуулийг хэрэгжүүлэх үүрэг хүн бүрт тэгш байх ёстой

УИХ-ын чуулганы хуралдаанаар Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын зарим гишүүд байр сууриа илэрхийлж байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Хуулийг хэрэгжүүлэх үүрэг хүн бүрт тэгш байх ёстой. Хуулийг хэрэгжүүлнэ гэж тангараг өргөсөн сайдад ч үүрэг бий. Ажлаа хийж чадахгүй бол хуулийг өөрчилье гэдэг жишиг тогтвол ажил хиймээргүй байгаа олон хүмүүс бий. Эрүүгийн хууль есөн сард хэрэгжиж амжих ч үгүй юу бас эвгүй байдалтай байна. Хойшлуулах үндэслэл нь юу юм бэ?

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Хуулийн хэрэгжилт, хяналт, шинжилгээ, үнэлгээ хийхтэй холбогдсон харилцааг зохион байгуулах бүтэц, хүний нөөц, боловсон хүчин болон Засгийн газрын хууль хэрэгжүүлэхтэй холбоотой байгууллагуудад хангалттай байгаа гэж бодож байна. Тиймээс хуулийг хэрэгжүүлэх хугацааг хойшлуулах  бодитой шаардлага байхгүй байх”

Түүний дараагаар УИХ-ын гишүүн Д.Оюунхорол байр сууриа илэрхийллээ. Тэрээр “Хугацааг хойшлуулна гэж байгаа нь хуулиа хэрэгжүүлж чадахгүй, өөрсөддөө өндөр шаардлага тавьж чадахгүй байна гэсэн үг. Хуулийн хэрэгжих хугацаа тодорхой байхад хугацаандаа амжин хуулийн бэлтгэл ажлыг хангах бололцоо байсан байх гэж бодож байна” гэлээ.

Санал хураасны дараагаар Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлгийн дараагийн шатанд шилжүүлсэн юм.