УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Үндсэн хуулийн цэцэд ханджээ
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
2016.01.28

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Үндсэн хуулийн цэцэд ханджээ

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар зээлийн хүүг бууруулах боломжтой, эсэх талаар хэлэлцэв. 09.00 цагт эхлэх товтой байсан хурал 10.15-д эхэллээ.

Монголбанкны удирдлагууд МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтын албан бичигт хариу өгч, зээлийн хүүг бууруулахдаа баримтлах бодлогоо дэлгэрэнгүй танилцуулсан юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн ихэд бухимдан, “Би УИХ-ын даргад хоёр удаа албан бичиг өгч, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргалыг огцруулах ёстой гэдгээ илэрхийлсэн. Гэтэл хүлээж аваагүй. Иймд би Үндсэн хуулийн цэцэд хандсан. Би бол ард түмний төлөөлөл. Харин Монголбанкны Ерөнхийлөгчийг УИХ-аас томилдог. Та ядаж дүүргээс сонгогдчихоод миний урдаас юм ярь. Хэрвээ амьдрал сайхан байсан бол би Н.Золжаргал Ерөнхийлөгчтэй юм ярихгүй. Сонгуулийн дараа их зүйл болно шүү. Одоо бидэнд хаалттай мэдээлэл ирж байна. Сонгуулийн дараа олон зүйл тодорхой болно. Монголбанкны цахим хуудаснаас харахад танай банкны пассив 2 тэрбум ам.долларт хүрсэн байна” гэсэн юм.     

Хуралд оролцсон МАН-ын гишүүд бид өмнө нь зээлийн хүүг бууруулах талаар хэд хэдэн удаа санал гаргаж байсан. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж мөнгөний бодлогыг хэлэлцэн батлах үед бүх зээлийн хүүг 1-3 хувиар бууруулах, Н.Номтойбаяр гишүүн Нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн үлдэгдлийг тэтгэврийн зээлтэй холбон, энэ зээлийн хүүг бууруулах гэх мэт тодорхой санал тусгасаар ирсэн.

Тухайн үед нь няцаасаар ирсэн атлаа сонгууль дөхөхөөр яагаад энэ талаар ярих болов хэмээн шүүмжилж байв.