Захиргааны ерөнхий хууль-нэг стандарт, нэг хяналттай захиргаа
Хуулийн нэр: “Захиргааны ерөнхий хууль”
Санаачлагч: Монгол Улсын Ерөнхийлөгч
Өргөн барьсан: 2015-02-07
Батлагдсан: 2015-06-19
Хэрэгжих: 2016-07-01
Төрийн байгууллагын шийдвэр илүү оновчтой болно
Уг хууль Нийтийн ашиг сонирхолтой холбоотой шийдвэр гаргадаг, төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага, түүнчлэн нийтлэг үйлчилгээ үзүүлдэг сургууль, эмнэлэг, харилцаа, холбоо эрчим хүчний зэрэг байгууллагын захиргаа, нутгийн өөрөө удирдах ёсны болон шашны байгууллага зэрэг нийтийн эрх зүйн субъект болох байгууллагуудад энэ хууль үйлчлэх юм.
Захиргааны шийдвэрт олон нийтийн оролцоог баталгаажуулав
Хууль хэрэгжиж эхэлснээр иргэн таны өдөр тутам болоод ирээдүйн ажил, амьдралд нөлөөлөх шийдвэр гаргадаг бүх байгууллагын үйл ажиллагааг нэгдсэн стандарттай, нээлттэй, хяналттай, хариуцлагатай болж, иргэнд ээлтэй төрийн үйлчилгээ үзүүлэх эрх зүйн суурь болох юм.
Тус хуулийн 13 дугаар зүйлд хэрэв захиргааны шийдвэр иргэн, аж ахуй нэгжийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж болзошгүй байвал тэр шийдвэрийг гаргахад заавал оролцуулах тухай заалтууд оржээ.
... Жишээ нь дүүргийн захиргаанаас танай байрны дэргэд барилга барих газрын зөвшөөрөл өгөх гэж байгаа бол оршин суугчдын санал, бодлыг сонсолгүйгээр ийм шийдвэр гарах боломжгүй ...
Захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцох иргэн, хуулийн этгээд дараах үндсэн эрхүүдийг эдэлнэ. Үүнд:
- Хуульд заасан журмын дагуу мэдээлэл авах
- Холбогдох баримт бичгийг хуулбарлах
- Тухайн албан тушаалтны талаар мэдээлэл авах
- Захиргааны байгууллагын бүртгэл, архивын материалтай танилцах
- Хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхийг шаардах зэрэг эрхүүд орно.
Түүнчлэн Захиргааны ерөнхий хуульд захиргааны шийдвэр гаргахад сонсох ажиллагаа буюу санал, тайлбар авах хэлбэрээр иргэн, хуулийн этгээдийг оролцоог хангана гэж заасан байна. Сонсох ажиллагааг явуулахдаа нэгдсэн журмаар иргэдийн дунд сонсгол зохион байгуулах, саналыг бичгээр авах, биечлэн уулзах, утсаар санал авах, цахим хэлбэрээр санал авах, төлөөлөгчөөр дамжуулан санал авах зэрэг арга хэлбэрийг ашиглах юм байна. Хэрэв нэг дор 20-иос доош тооны мэдэгдэл хүргэх бол биечлэн уулзаж, хориос дээш бол бусад боломжит аргуудаас сонгоно.
Захиргааны байгууллага илүү хариуцлагатай болно
Энэ хууль захиргааны байгууллагууд эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, хуулиас давсан шийдвэр гаргадаг цөөнгүй тохиолдлыг арилгаж, цаашид ийм шийдвэр гаргахгүй байхыг хуульчилсан гэж хэлж болно. Хуулийн гуравдугаар бүлэгт аливаа захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа хэрхэн ажиллах процессыг нарийвчлан зааж өгчээ. Захиргааны байгууллага шийдвэр гаргахаасаа өмнө бодит нөхцөл байдлыг шинжлэн судалж, тогтоох, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд албан ёсоор нэн даруй мэдэгдэх, тэдэнд зөвлөгөө, мэдээлэл өгөх, бичиг баримттай танилцуулах, сонсох ажиллагаа явуулах, нууц хадгалах гэсэн бүрдэл хэсгүүдтэй байх юм.
... Өмнө нь хууль бус шийдвэр гаргасан захиргааны албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх механизм ойлгомжгүй байсан бол Энэ хуулиар зөрчил гаргасан захиргааны албан тушаалтанд зөрчлөөс нь хамааруулаад нээлттэй болон хаалттай сануулах, цалингийн 20 хувийг зургаан сар хүртэл хугацаагаар хасах, ажлаас халах, нийтийн албанд 1-10 хүртэл жилээр ажиллах эрхийг нь хасах гэсэн дөрвөн төрлийн шийтгэлийг тусгаж өгчээ
Хот төлөвлөхөд ч иргэдийн саналыг авна
Энэ хуульд томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг төлөвлөхөд иргэн, хуулийн этгээдийн саналыг авна хэмээн заажээ. Ингэхдээ мэдээж дээр дурдсан сонсох ажиллагаа явуулна. Төлөвлөлт гэдэг ойлголтод: Хуулийн 73 дугаар зүйлд дор дурьдсан бүтээн байгуулалтын төлөвлөлт сонсох ажиллагаа явуулна гэж заажээ. Үүнд улс орон, хотын хэмжээний дараах бүтээн байгуулалтууд оржээ:
- Нисэх онгоцны буудал, дагалдах байгууламж, төмөр зам, төмөр замын өртөө, буудал барих, өөрчлөх, засварлах, нүүлгэн шилжүүлэх,
- Хот байгуулалт болон газар зохион байгуулалт хийх,
- Олон улсын, улсын, орон нутгийн чанартай авто зам барих, засварлах,
- Усны барилга байгууламж, усан цахилгаан станц барих,
- Хог, хаягдлын цэгийг байгуулах, өөрчлөх, нүүлгэх,
- Зам, талбай, гудамж, усан сан зэрэг нийтийн эзэмшлийн байгууламж, цогцолборыг байгуулах, өөрчлөх, нүүлгэх, буулгах.
Экспертүүдийн үг:
Нээлттэй нийгэм форумын Засаглалын хөтөлбөрийн менежер Б.Хишигсайхан
Энэ хууль батлагдсанаар нэгд захиргааны байгууллагын үйл ажиллагааг бүхэлд нь журамласан. Үүний дүнд захиргааны байгууллага дур зоргоор авирлах, хуулиас давсан зохицуулалт гаргах зэрэг өнөөгийн алдаа дутагдлыг засах боломж бүрдсэн. Хоёрт, иргэдийн бодит оролцоог баталгаажуулсан. Хуульд иргэдийн оролцооны амин чухал зарчмуудыг тусгасан. Үүний дүнд захиргааны байгууллагын үйл ажиллагаа илүү нээлттэй, хариуцлагатай болж, иргэдийн санал бодол шийдвэрт тусгагдаж, улмаар захиргааны шийдвэрт иргэдийн итгэх итгэл дээшилж, захиргааны байгууллагын үйлчилгээ, үр нөлөө дээшилнэ. Ингэснээр захиргааны байгууллага дахь авлигын хэмжээ буурахад том алхам болно.
Хууль зүйн яамны мэргэжилтэн Ц.Ариунжаргал
Одоогоор захиргааны байгууллагын үйл ажиллагааг түүнд холбогдох 250 орчим хуулиар зохицуулж байна. Гэхдээ эдгээр хууль тогтоомж нь захиргааны байгууллагад эрх олгосон, иргэдэд үүрэг ногдуулсан байдаг учраас иргэн, захиргааны байгууллагын хооронд тэгш бус харилцааг үүсгэдэг.
"Захиргааны ерөнхий хууль"-тай болсноор захиргааны байгууллага зөвхөн шийдвэр гаргаж, иргэн түүнийг нь биелүүлдэг байхаа больж захиргааг хариуцлагажуулах болно. Ингэснээр иргэн, нийтийн албаны ажилчид хооронд түншийн харилцаа тогтох нөхцөл бүрдэнэ. Түүнчлэн иргэдэд чиглэсэн шийдвэр гаргахад ямар үе шатууд дамжихийг хуульчилж өгсөн.
... Хэн нэгэн албан тушаалтан өөрийн дураар иргэний аливаа асуудлыг эзэнд нь мэдэгдэлгүй шийдэж, тэрхүү шийдвэрийг тухайн иргэн хэдэн жилийн дараа мэддэг байдал арилна ...
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Цогт
Захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагаа, шийдвэр шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон ч ижил төрлийн зөрчил дахин гарахгүй гэсэн баталгаа алга байна. Өөрөөр хэлбэл захиргааны албан тушаалтанд иргэдийн эрх ашгийг зөрчсөн шийдвэр гаргасных нь төлөө хариуцлага хүлээлгэх механизм саяхныг хүртэл байгаагүй. Зөвхөн тухайн шийдвэрийг хүчингүй болгосноор хэрэг төгсдөг байлаа. Төрийн эрх бүхий албан тушаалтанг шүүхэд өглөө гэхэд “Их сайндаа миний шийдвэрийг хүчингүй болгоно биз” гэсэн хандлага байсан учраас санаатайгаар удаа дараалан хууль зөрчих тохиолдол нэлээдгүй байсан.
“Захиргааны ерөнхий хууль” хэрэгжиж эхэлснээр захиргааны байгууллагуудыг хариуцлагажуулах тогтолцоо бүрэлдэнэ. Гэхдээ захиргааны байгууллагуудын хууль бус шийдвэрт өртсөн этгээд гомдол гаргасан тохиолдолд энэ тогтолцоо ажиллана.