Хариуцлагатай эрүүл мэнд
Монголын хүн амын 97 гаруй хувь нь эрүүл мэндийн даатгалд хамрагдсан байдаг. Гэхдээ даатгалын систем нь эв санааны нэгдэл буюу таны төлсөн мөнгөөр өөр хэн нэгэн жилдээ хэд ч эмчлүүлж болно гэсэн үг.
Харин “Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай” хуулийг 1993 онд баталснаас хойш нийт 9 удаагийн нэмэлт, өөрчлөлтийг оруулж, 2002 онд шинэчлэн найруулан даган мөрдөж байсан ч “Эрүүл мэндийн албан журмын даатгалын тухай” гэсэн нэрээр хаврын чуулганаар хэлэлцэнэ.
Оны өмнө хэлэлцэх үед гишүүдийн ихэнх нь хуулийн нэршлийг нэлээд шүүмжилсэн. УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Хуулийн нэрийг яагаад “Албан журам”-ын гэж нэрлэв. Ингэж нэрлэх нь албадсан юм шиг харагдаж байна” гэх шүүмжийн хариуд ХАХНХЯ-ны сайд С.Эрдэнэ “Албан журмын гэдэг нь хувь хүн өөрийнхөө эрүүл мэндийн өмнө албан ёсоор үүрэг хариуцлага хүлээх гэсэн утгыг давхар агуулж байгаа” хэмээсэн. Гэхдээ шаардлагатай саналаа оруулаад хуулийн нэрийг өөрчилж болохыг салбарын сайд цохон хэлсэн.
Хуулийн гол баримжаа нь даатгуулагч өөрийн эрүүл мэнддээ хяналт тавьж, өвдөхөөс өмнөх хариуцлагын системийг уг хуулиар зохицуулах аж. Монголд даатгалаас эрүүл мэндийн үйлчилгээ нь санхүүжиж байгаа нийт иргэдийн 70-80 орчим хувь нь сайн дурын даатгуулагч. Гэтэл эдгээр хүмүүс жилдээ 6800 төгрөг төлж, эмчлүүлэхдээ сая 300 мянган орчим төгрөгийн зардлыг улс төлдөг. Мэдээж энэ бол шударга бус.
Тэгэхээр зарим даатгуулагчдын жилд нэг ч удаа эмчлүүлээгүй хуримтлагдсан мөнгөөр хажуу айлын Болд хоёр, гурван удаа эмчлүүлээд байна гэсэн үг. Тиймээс эрүүл байж, өвчнөөс урьдчилан сэргийлэх нь хувь хүний үүрэг хэлбэр рүү чиглэсэн байхаар хуулинд тусгасан. Гэхдээ хэрхэн хариуцлага хүлээлгэх нь одоогоор тодорхойгүй байна.
Сүүлийн үеийн залуучууд фитнессээр хичээллэж, ууланд “Hiking” хийж, өглөө гүйх зэргээр өөрсдийн эрүүл мэнддээ ихээхэн анхаарал тавих болсон. Мэдээж үүнд тодорхой хэмжээний хөрөнгө, санхүүг өөрсдөө зарцуулдаг учраас хуулинд эдгээр зүйлүүдэд даатгалын сангаас тодорхой хэмжээний санхүүжилт олгохоор тусгасан гэдгийг хууль санаачлагчид хэлсэн.
Илүү дэлгэрүүлбэл эрүүл мэнддээ анхаарч, аливаа өвчлөлтөөс сэргийлж байгаа иргэнд даатгалаас урамшуулал хэлбэрээр олгогдоно. Хэдий эрүүл мэндийн даатгалын хууль шинэчлэгдэж сангаас олгогдох санхүүжилт болон багцууд олон болсон ч давхар уг хууль батлагдвал нилээд үр дүнтэй хослох болно гэдгийг гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.
Учир нь даатгалын багцууд нэмэгдсэнээр эмнэлгийн үйлчилгээ нэлээд уян хатан болж, үйлчилгээ сайжрах сайн талтай. Учир нь жилдээ хоёр, гурав эмчлүүлчихдэг хүмүүсийн хувьд энэ нь нэлээд хожоотой болж байгаа юм.
Хууль батлагдвал нийгэмд үүсэх үр нөлөөний хувьд эмнэлгийн шаардлагагүй хэвтэлийн тоо цөөрнө гэдгийг санаачлагчид хэлсэн. Зарим иргэдийн хувьд улирал солигдохоор хүнд өвчтэй биш ч гэсэн биеийнхээ эд эсийг сэргээх зорилгоор буюу бараг шаардлагүй хэвтдэг асуудлыг хяналтанд оруулж тоог нь цөөрүүлэх юм.
Ингэснээр эрүүл мэндийн даатгалын үр шимийг хүртэгчдийн тоо нэмэгдэх юм. Өөрөөр хэлбэл зөвхөн хэвтээд эмчлүүлэхэд л сангаас мөнгө ордог байсныг уг хуулиар урьдчилан сэргийлж буй хүмүүст даатгалаас нь санхүүжилт давхар ордог байхаар тусгасан байна.
Тиймээс батлагдвал нийгэм, эдийн засгийн сөрөг үр дагавар гарахгүй, харин ч урт болон богино хугацаанд олон эерэг дүн гарна гэдгийг хууль санаачлагчид хэлж байгаа юм.