2023.06.07

Б.Саранчимэг: Цахим баримт бичиг цаасан баримт бичигтэй адил хүчинтэй байх уу?

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хороо өнөөдөр /2023.06.07/ хуралдлаа. Хуралдаанаар Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбоотойгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг:

"Уг хуулийн төсөл бол маш чухал. Иргэд аж ахуй нэгжийг дэмжих чиглэлд, санхүү, хөрөнгө мөнгө хэмнэсэн чухал ажлууд E-Mongolia платформ ажиллаж эхэлснээрээ хийгджээ. Хуулийн төслийг дэмжиж байгаа. Хэдэн асуулт байна. Төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэхтэй холбоотойгоор 120 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа юм байна. Ингэснээр цахим шилжилт хийх бүрэн боломжтой юу? Төрийн байгууллагууд цаасаар ажил их хийгддэг байсан бол энэ асуудал үгүй болох уу?

Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуульд оруулж буй нэмэлтээр цахим албан хэрэг хөтлөлт гэж оруулж байгаа юм байна. Үүний систем хэзээ бэлэн болох вэ?

Цахим баримт бичиг хадгалах хугацаа цаасан баримт бичиг хадгалалттай адил гэсэн байна. Цахим баримт бичиг архивлах талаар зохицуулалт хуульд тусгасан уу?

Мөн цахим баримт бичиг шүүх ажиллагааны хүрээнд нотлох баримт болох уу? тухайлбал тэтгэвэр тогтооход баримт бичиг цахим хэлбэрээр нотлох баримт болох уу?"

Түүний асуултанд ЦХХХ-ны сайд Н.Учрал хариуллаа.